Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Фото: Бүх биeд хүрдэг хачин гартай чи


Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн 2023 оны анхны эвент болох "Орь дуу" 2-р сарын 13-ны өдөр явагдаж, яруу найрагт хайртай, дуртай залуус цуглаж нэгэн үдшийг хөглөв. Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр билээ.

ЗурагТайлбар



Яруу найрагч Ц.Отгонжаргал энэ үдэш зочноор хүрэлцэн ирж, шүлэг найраг хөгжөөв. Түүний шүлгээ уншсан анхны тохиолдол нь байлаа. Яруу найрагч Ц.Отгонжаргал "Хөх морьд", "Над шиг бүсгүй чамд", "Муруй дүрс" номуудыг хэвлүүлсэн байдаг. 

"Зүс бүгэг андууд" бүлгэмийн яруу найрагч Т.Баянсан "90-д оны Монголын яруу найргийг Ц.Отгонжаргалын шүлэггүйгээр төсөөлөх аргагүй. Түүний шүлэг сэтгэлийн уй бачуурал, тарчлаан, үүрийн цагаан гэгээ шиг тайтгарлын тэмтэгрэл, совин бэлгэшлийн өвөрмөц найралыг ямар нэг шунхгүйгээр үзүүлж чадсанаараа Монголын аль ч үеийн бүсгүй найрагчдын бүтээснээс илт давуу" хэмээн анхны номынх нь өмнөтгөлд онцолжээ. Яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргалын анхны ярилцлагыг тун удахгүй Ub.life сайтаас  хүлээн авч уншаарай.

Бурхад шиг олон мутаргүй атлаа
Бүх биeд хүрдэг хачин гартай чи.

Хөнгөмсөг аальгүй харагдах ч бай,
Хөл алдан чамдаа би гоёдог
Хонгор биeийг налалгүй удсан аж
Хайрын шаналалд автахын хүслэн аж.

Нүд чинь сар шиг зүрх рүү шагайдаг,
Нүүр ажиж эрүүнээс өргөдөг
Бурхад шиг олон мутаргүй атлаа
Бүх биeд хүрдэг хачин гартай чи.


Яруу найрагч Сайнжаргалын Начин. Тэр бол хэзээ ч цаасны амь насыг барж муу шүлэг бичихгүй яруу найрагч. "С.Начингийн шүлгүүдийг эртнээс мэдэх учраас түүний шүлэг яаж өөрчлөгдснийг барим тавим хэлж болно. Тэр өөрийгөө хайж, эрэлхийлэл хийж буй нь сайн хэрэг. Олз омгийн тухайд дараагийн асуулт л даа. Яруу найраг бол оюуны дээд зэрэглэл, дээд түвшний туурвил юм шүү дээ уг нь. Бичиг үсэг мэддэг, хэн дуртай нь <<шүлэг>> бичихийн дон туссан тийм үе шиг зууны эхэнд мандан бадарсан нь яг л дэнгийн гэрэлд эргэлдэгч, бас амиа егүүтгэгч эрвээхэй мэт санагдаж билээ" хэмээн яруу найрагч О.Содномпил түүний "Ай" номын өмнөтгөлд бичжээ.

Яагаад заримдаа ийм хөндүүрхэнээр зүрх цалгилан буцалж 

Янаг энхрий сэвших салхинаа шингээд замхардаг юм бэ?

Орь залуухан шаналал

Цээжинд наалдаад эхэр татна

Огтоос гуниггүй амьдрая гэвч 

Цас алгуухнаа будраад төдөхнөө хайлна

Би ч, чи минь ч мөн цэгийн төдий цэг болоод 

Цэх өндрийн зүг бараагүй алсарч 

Бидэрт хөх нуурын мандалд шингэх борооны 

Цэнхэр үрэл бөмбөлгөхөн дусал болоод хагарна 

Яагаад заримдаа ийм хөндүүрхэнээр зүрх цалгилан буцалж 

Янаг энхрий сэвших салхинаа шингээд замхардаг юм бэ? 

Бурхадаа та нар ч бас мэгшидэг үү!

Бусдын төлөө, эсвэл бидний төлөө ч юм уу?


Орчуулагч Д.Дэлгэрсүрэн. Тэрээр японы яруу найргийн охь дээжсээс эх хэлнээ орчуулан хүргэдэг билээ. Д.Дэлгэрсүрэн энэ үдэшт тусгайлан зориулж, япон дууны шүлгүүдийг орчуулснаа уншсан юм. Түүний шив шинэхэн, час халуун дуун хөрвүүлгийг нэгэн үдэш хамтдаа сонсов. Д.Дэлгэрсүрэнгийн анхны ярилцлагыг тун удахгүй Ub.life сайтаас  хүлээн авч уншаарай. Түүний орчуулгаар Үтада Хикарү "Анхны хайр" дууны шүлгийг хуваалцаж байна.

Сэтгэлд минь чи үргэлж байх болно

Сэтгэлд минь чиний орон зай хэзээд байх болно

Сүүлчийн үнсэлт чинь яг л тамхи шиг

Сүүрс алдам гунигтай, бас гашуун байсан

Маргаашийн өдийд чи хаана байх бол?

Магад өөр хэнийг бодож байх бол?

Хэн нэгэнд ахин би дурлалаа ч

Хэзээд чи миний жинхэнэ хайр хэвээр

Хэрхэн хайрлахыг надад заасан учраас

Хэзээд чи миний цор ганц хэвээр

Ондоо нэгэн шинэ дуу аялах хүртэл

хамгийн гунигтай дуу энэ л байх болно

Зогссон цаг хугацаа гэнэтхэн л

Зоргоороо урсах гээд байна

Мартмааргүй зүйл гэвч олон байна

Маргаашийн өдийд

Магад би чамайг хүсэн бодож

Уйлж суух байх

Сэтгэлд минь чи үргэлж байх болно

Сэтгэлд минь чиний орон зай хэзээд байх болно

Чиний сэтгэлд би ч бас байгаа гэдэгтээ итгэнэ

Чи минь үүрд миний цорын ганц

Одоо ч, үүнээс цааш ч

хамгийн гунигтай дуу энэ л байх болно


Дараагийн танилцуулах зочин маань дуучин Б.Солонго. Тэрээр Б.Батзаяа, э.э.каммингс, Ч.Буковски нарын шүлгүүдээс уншихаар сонгосон нь "Орь дуу" эвентийн амь байлаа.  Б.Солонгын уншсан шүлгүүдээс онцлон яруу найрагч Б.Батзаяагийн дараах шүлгийг хуваалцаж байна.

Хагархай шил тэмтрээд өндгөө исгэх төдийд

Хаа сайгүй ув улаан бөмбөлгүүд нисэлдээд л эхэлдэг

Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч

Зүгээр дээ, би ниссээр л байна

Өд нь дэрэн дээр чинь унаж

Өвдөлт нь цээж рүү хатгасаар

Өөрчлөгдсөн юм алга даа, энэ хавьцаа

Өвдсөөр л байна...

Гэнэт хамаг бие хөлөрч гар чинь духанд хүрэхэд

Гэртээ сэрсэн мөртөө би хаана ч юм байдаг

Эсвэл чичирч даарсаар хүйтэн шилэнд хүрмэгц

Энд тэндээсээ хайлаад лаа шиг урсчихдаг

Ил харагдахгүй ямар нэг эрчим энэ өрөөнд

Эргэсээр л байна...

Хагархай шил тэмтрээд өндгөө исгэх төдийд

Хаа сайгүй ув улаан бөмбөлгүүд нисэлдээд л эхэлдэг

Зүрх шиг цохилох ийм олон бөмбөлөг дунд хэвтээд

Зүрхээ нэг нэгээрээ хэрхэн хагарахыг хараад

Хэзээ мөдхөн, ирэх юм шиг санагдах чамайг хүлээн

Хэвтсээр л байна

Хэвтсээр л байна...


Дараагийн зочин маань мөн л дуучин. Тэр бол Doid буюу Б.Доржнанжид. Дууны шүлгүүдээ өөрөө бичдэг тэрээр бидэнд өөрийн уран бүтээлээс сонирхуулсан юм. Тэдгээрээс онцлон LOVE дууных нь шүлгийн хэсгээс хуваалцаж байна.

Хайр энэ чи мөн үү?

Би буруу бодож байна уу?

Хайр энэ чи мөн үү?

Өмнө нь хэзээ ч болж байгаагүй удаан агшинд

Надаас гарсан баяр хөөр, зориг зүрх, итгэл үнэмшил

(What is love? What is love?)

Хайр энэ чи мөн үү?

Төгсгөлийг нь мэдээгүй байж эхлүүлсэн амьдралд

Надаас шаардсан байнгын халамж, халуун тэвэр, тэвчээр хатуужил

(What is love? What is love?)

Хайр энэ чи мөн үү?

Төсөөлөөгүй зовлон шаналалд үлдээсэн хоосон атганд

Надад байсан бүгдийг үгүйсгэсэн хэдэн сонин хариулт

(What is love? What is love?)

Хайр энэ чи мөн үү?

Би буруу бодож байна уу?

Чи намайг няцаах уу? Алдсан харагдана уу?

Алдааг минь засах уу? Эсвэл намайг таг аних уу?

Яах нь хамаагүй гэсэн хэрнээ чамайг хайхаа болихгүй

Your body is sculpture, brightness in your future

Doing like a mature, lives in adventure

Let me see you rolling, let me see you rolling

What a beauty every time I'm falling

We do in our rules, we driving cruise, you are my muse

Feel more and think less

God gave me the happiness

One in only pure, this is you

Яагаад чи миний хараанд өртөн шуналыг минь хөдөлгөв

Яасан болоод би чамайг мартах битгий хэл зүүдлээд сэрэв

Дандаа биш ээ гэхдээ чамайг хараад л баймаар

Надад ганцхан бишээ, дэлхийд ганцхан байх магадлалтай бүсгүй

Элдэв долоон юм чамаас хүсэхгүй

Инээгээд л болоо тэр чинь үгээр хэлэмгүй

Энгийн байхдаа л бид нар бусадтай адилгүй.


Орчуулагч, яруу найрагч Ж.Тэгшзаяа. Түүнийг алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг", Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд", хайрын өгүүллэгийн шилмэл түүвэр "Гоо үзэсгэлэн бол шарх" зэрэг номуудыг орчуулсан гэдгээр нь уншигчид танина биз ээ. Орчуулагч Ж.Тэгшзаяа энэ үдэш өөрийн болоод орчуулгын шүлгүүдээсээ уншиж сонирхуулсан бөгөөд мөн дуртай найрагчдынхаа бүтээлийг уншсан юм. Түүний орчуулгаар Петер Хандке "Хүслийн жигүүр" киноны эхлэлийн шүлгийг хуваалцаж байна.

Би яагаад би,

Би яагаад чи биш байна вэ?

Хүүхэд хүүхэд байхдаа

Бяцхан гараа жигүүр мэт

Жирэлзэх горхийг мөрөн мэт

Бидэртэх урсгалыг давалгаа мэт

Тогтоол усыг ч далай мэт санана.

Хүүхэд хүүхэд байхдаа

Хүүхэд гэдгээ ч мэдэхгүй

Буй биеэрээ ердөө

Биелсэн үнэн сэтгэл байдаг.

Хүүхэд хүүхэд байхдаа

Хорвоогийн талаар төсөөлөл үгүй

Хашигдаж зуурах зуршил ч үгүй

Хөлөө завилж сууснаа гэнэт л

Харвах мэт чавхдан гүйнэ,

Зулайдаа бяцхан эргүүлэгтэй

Зураг авахуулахдаа ч зориудын царайгүй

Хүүхэд хүүхэд байхдаа

Хариулт хайн элдвийг асууна:

Би яагаад би,

Би яагаад чи биш байна вэ?

Би яагаад тэнд биш энд байна вэ?

Цаг хугацаа хэзээ эхэлж, орон зай хаана дуусах вэ?

Хурмастын наран доорх амьдрал хоосон зүүд гэж үү?

Харж, сонсож, үнэрлэж буй бүхэн минь

Хүний ертөнцөөс ч өмнөх ертөнцийн хоосон тусгал биш үү?

Нүгэл хилэнц гэж юу вэ?

Нүгэлт хүн гэж хэн бэ?

Өнгөрсний би үнэхээр

Одоогийн би мөн гэж үү?

Одоогийн би үнэхээр

Ирээдүйн би мөн байх уу?


Яруу найрагч Ц.Отгонжаргалын охин урлаг судлаач Т.Ану мөн энэ үдэш өөрийн шүлгээс уншив. Бид түүний дараах шүлгийг хуваалцаж байна. 

Өөрийн биш юм бүхэнд шунаж ханаад, 

Өнө холын амгалан тийш алслана

Зэрэглээнд хөвөх говь, нисэлдэх чулууд, 

Цэцэгс үнэрээ цацан дэлбээлэх хийгээд, үнэрийн хамт хагдрах 

Цээжинд чулуу шиг дүүжлэгдэж зүрхтэй харшилдах хачин мэдрэмжийг 

Төсөөлж ч чадахгүй, мөрөөдөх ч завдал үгүй 

Тийм орноос би ирсэн. 

Тэвчээр алдрах агшинд би явна

Тэртээ алсад үл хүртэх, үл автах 

Тийм орныг зорино 

Тэсвэр муутайг минь гайхаад, мартчих түмэн хүнийг 

Тэртээ алсад үл хүртэх, үл автах 

Тийм оронд очихдоо мартсан байна 

Өөрийн биш юм бүхэнд шунаж ханаад, 

Өнө холын амгалан тийш алслана 

Өглөө гэж үгүй ч өөртэй минь учруулж мэдэх 

Цор ганц, цайвар талаар гүйж 

Өмнөө (ондоо) гэрлийг өөртөө шингэхийг үзэх болно.

ЗурагТайлбар





ЗурагТайлбар





ЗурагТайлбар





ЗурагТайлбар





ЗурагТайлбар






Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.02.15 64.119.19.59

Eventiin talaar medeelel haanaas awah bsn ym bol? Esvel haalttai boldog ym uu

0 Хариулах


Зочин 2023.02.15 192.82.66.25

Ub.life сайт руу оронгуут л байдаг даа

0 Хариулах


Зочин 2023.02.14 122.22.31.205

Баярлалаа. Маш гоё! ????????

0 Хариулах