UBLife Logo
Ном

Ц.Отгонжаргал: Хүмүүсийн сэтгэл хоосны жааз бий болгож, уран бүтээлчид түүнийг нь дүүргэж өгдөг

Ц.Отгонжаргал: Хүмүүсийн сэтгэл хоосны жааз бий болгож, уран бүтээлчид түүнийг нь дүүргэж өгдөг

Яруу найрагч Т.Баянсан “90-ээд оны Монголын яруу найргийг Ц.Отгонжаргалын шүлэггүйгээр төсөөлөх аргагүй” гэж үнэлсэн нь анхны номын өмнөтгөлд хэтийдсэн дүгнэлт мэт санагдаж магадгүй. Гэхдээ "Хөх морьд", "Над шиг бүсгүй чамд", "Муруй дүрс" номуудыг хэвлүүлж, уран зохиолд ойр олон залууст чиг баримжаа олгосон Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын эмхэтгэл “Монголын сонгомол яруу найраг” антологид шүлэг нь багтсан нь энэ үнэлгээ барьцгүй биш байсны нотолгоо мэт ээ.  

...Нүд чинь сар шиг зүрх рүү шагайдаг,

Нүүр ажиж эрүүнээс өргөдөг

Бурхад шиг олон мутаргүй атлаа

Бүх биeд хүрдэг хачин гартай чи” хэмээн бичсэн яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргалтай ярилцлаа.


-Та шүлэг бичсэнээрээ ямар нэгэн чөлөөлөлтийг мэдэрдэг үү, шүлэг бичсэнийхээ дараа ямар мэдрэмжтэй үлддэг вэ?

-Бичихэд сэтгэлд бөглөрсөн зүйл хүчтэйгээр юүлэгдэн алга болдог. Цэцэрлэгийн насандаа тэр дотоодын хөдөлгөөнийг мэдрээд өндөр зүйл рүү хөвгүүдтэй уралдан авирч гараад гараа өргөн хашхирдаг байлаа. Илүү тайвшрах хэрэг гарвал аль болох хүчтэйгээр үсрээд буудаг сан. Хэрвээ бичиг үсэг мэддэг сэн бол хүүхдүүд бүгд бичих сэн. Харин оронд нь зурцгаадаг. Энэ зүйл л бичихэд хүргэдгийг мэднэ. Шүлэг бичсэний дараа орчны үнэр хурц ханхалж, маш их нойр хүрдэг.

-Нойр хүрдэг нь маш их эрчим шатаадагтай холбоотой гэж ойлгож болох уу, мөн орчны үнэр хурц ханхалдгийн учрыг тайлбарлаж өгөөч?

-Шүлэг бичих сэдэл гэнэт л ирдэг. Хүн хэлж өгч байх шиг, ер нь маш хурдан. Ердийн үед үнэрүүдийг ялгаж мэддэггүй. Гэрийнхэн маань үүн дээр ёжтой ханддаг юм. Хэн нэгэн үнэр гаргахад би л мэдэхгүй өнгөрчихнө. Шүлэг бичсэний дараа орчны үнэр маш хурц болж асар их нойр хүрдгийн учрыг тайлбарлах хэцүү. Ямар ч ажилтай байсан хаа таарсан газраа хэсэг ухаангүй унтчихдаг. Бүүр хурхирдаг гэсэн.

Ганцаараа бас дурласан явахад шүлэг дэндүү арвин. Олон оныг ганц биеэр цонх руу ширтэж, довжоон дээрээ суугаад шөнийн тэнгэрийг харан үдэж үзсээн. Дурласан сэтгэлтэй явахад эргэн тойронд ямар нэг нийгэм, цаг орон гэж үгүй болж ялагдашгүйгээр амьсгалж орхидог золигийн эд л дээ.

-Танд хэзээ нэгтээ өөртөө эргэлзэх, уран бүтээлчийн хувьд уналтын үе тохиолдож байсан уу?

-Өдийг хүртэл тэвчээртэй явж ирсэн гэж хэлж чадахгүй ээ. Хэд хэдэн удаа шалдаа буутлаа зориг мохож, бичсэн зүйлсээ хайр найргүй урж тасчин туйлдаж үзсэн. Амирлангуй мөнхийн сэтгэл надад дандаа байдаггүй ч сүүлд нь гонсойж мэддэггүйд л учир байгаа юм.

-Та яруу найргийг өөрийнхөөрөө тодорхойлооч?

-Хүмүүсийн сэтгэл хоосны жаазыг бий болгож, уран бүтээлчид түүнийг нь дүүргэж өгдөг. Хүн төрөлхтөний хамгийн хурц тод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гүн шингээж бүтээсэн нь үлддэг. Яруу найраг хамгийн өндрөөс чангаар унахыг ойлгох сэтгэл юм. Бас тас харанхуйгаас нүд сохлом хурц гэрэлд үсрэн гарах хүч юм.

-Та яагаад яруу найрагч замыг сонгосон юм бэ?

-Надад өөр зам үлдээгүй.

-Тэгэхээр бусад замаар хэдийн алхаад үзчихсэн гэсэн үг үү?

-Эхнээсээ л надад өөр зам байгаагүй. Хаашаа ч хэлбийхээргүй ганцхан. Юу ч намайг ховхолж чадахааргүй гэсэн үг.

-Зохиолч Гүр.Нямдорж “Хүний гаргасан замаар явалгүй тэдний эрж байсан замыг ол” гэсэн байдаг. Та өөрийн бичлэгийн давтагдашгүй хэлбэрийг хэрхэн эрэлхийлж, өөрийгөө хайрцаглагдахаас яаж аварсан бэ?

-Онгодыг хэрхэн хүлээж авахыг хэн ч зааварлах аргагүй зүйл. Нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохоос гадна дотроо өрнөх үйл явцыг заримдаа хүн болгон ажиглаж амжихгүй өнгөрдөг. Бусдаас өөр гэдгийг хэлж өгцгөөхөд л давтахгүй бичсэнээ мэддэг. Хамгийн дур зоргоороо мөч бол бичих үеийн зурвасхан хугацаа. Яруу найрагчид олддог цаг нь тэр. Хөөрхий минь гялс манасхийсэн хугацаа!

-Таныг шүлгээ унших үед маш дулаахан, гэгээлэг эрчим мэдрэгдсэн. Энэ зүйл аав, ээжийн эсвэл бага наснаас тань үлдсэн хүүхдийн тунгалаг сэтгэлийнх үү, ер нь өнөөгийн Отгонжаргал хэдий үеэс ямар байдлаар өөрийгөө олсон бэ?

-Ойр дотныхоо хүмүүсийн дэргэд хүүхэд нь юм шиг хэлээ хазаад явж өгнө шүү дээ, цаадах чинь. Гэхдээ хар багын зэвүүн хандлага, зөв сэтгэлийг ялгаж мэддэг нь өнчин өсөж эрт биеэ ойлгосон хүний зан биз!

-Та "Peotry night: Орь дуу" уншлагын үeэр залуу найрагчдын шүлгүүдээс сонссон. Нийтлэг байдлаар тэдний шүлгүүдэд давуу, сул тал юу ажиглагдав?

-Тэд жинхэнэ орчин үеийн хүмүүс. Тэднээс мөрөөсөл нэвт харагдаж байсан. Ямар нэг дүрийг даган хэлбийх аяс жаахан цухалзавч сэтгэлийн доторхи дуу хоолойгоо таних насан дээрээ цэвэр зүрх, харгүй бодолтойгоор бичсэн шүлгүүдийг сонссон шүү.

-Ер нь сайн шүлгийг яаж ялгах боломжтой вэ?

-Андашгүй л дээ. Эхний мөрнөөсөө цааш уншигдахгүй, тэгээд хэзээ ч эргэхгүйгээр таг мартагдвал муу шүлэг. Харин эхний мөрнөөсөө хөтлөөд автуулж дуустал уншигдах нь сайн бүтээл. Эргэж унших хорхой хөдөлгөнө гээч. Уйдамгүй.

-Ганцаардал болон дурлал гэдэг уран бүтээлчийг нэг төрлийн өдөөгч мэт. Яруу найрагчид дурлалаас, ганцаардлаас үүдэн төрж буй мэдрэмжээ шүлэг болгох нь олонтаа шүү дээ. Танд ийм өдөөлтөөр бичсэн шүлгүүд бий юу, хэрэв байгаа бол амьдралын тань аль үед бичигдэв?

-Амттайхан турхиралт бол энэ хоёр юм. Ганцаараа бас дурласан явахад шүлэг дэндүү арвин. Олон оныг ганц биеэр цонх руу ширтэж, довжоон дээрээ суугаад шөнийн тэнгэрийг харан үдэж үзсээн. Ганцаардал бол надад дэндүү танил мэдрэмж юм. Дурласан сэтгэлтэй явахад эргэн тойронд ямар нэг нийгэм, цаг орон гэж үгүй болж ялагдашгүйгээр амьсгалж орхидог золигийн эд л дээ. Дурлаж үзээгүй хүн өлөн зэлмүүн санагддаг юм.

-Сүүлийн номоо гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ зуурт хэр олон шүлэг бичсэн бэ, дахин ном гаргах уу?

-Гар минь хугарч, нүд минь сохорсон ч бичих гэж чичрэх биз! Олон зуун шүлэг бичсэн. Тохироо бүрдэж, цаг сайжрахаар номоо гаргана аа. Дашрамд хэлэхэд намайгаа уншигчдад мартуулахыг хүсэмжлэгч, бүтээлээс минь ичгүүргүй хусдаг ч түүнийгээ нуухыг оролддог зарим нөхдөдөө дэндүү их гялайдаг шүү! Тэд номыг минь хамгаас илүү анхааран унших гэж номын борлуулалтад боломжийн орлого оруулдаг уншигч минь юм. Бурхан минь, үгийн бүтэц, сэрэл сэтгэлгээгээ андуугүй зөв таньдаг нь юутай аз вэ?! Тэднийг таних их амархаан. Дэндүү том, арай том үгээр ярьдаг тусгай донж маягаараа ялгардаг. Уншигчид ч надаар хэлүүлтгүй гярхай нь сайхан.

-Танд зохиол бичдэг хэр олон найз байдаг вэ?

-Байгаа, байгаа. Зохиолч найзууд гэдэг чинь тал нь чөтгөр, үлдсэн нь бурхдаас бүтдэг юм.

-Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Үг бүхэн тодорхой илэрхийлэлтэй байж чаддаггүй шиг зохиолч тус бүрд арайхан өөр эсвэл анги өөр уншигчид байдаг. Зохиолч хүн гэж хүнд бодлыг хорт хавдар шиг тээгээд эв эрүүл, сав саруул болж эдгэтлээ бичиж чадах авьяасандаа хөтлөгдсөн оргилуун атлаа нухацтай хүнийг л хэлнэ дээ.

-Та сая "Зохиолч тус бүрд арайхан өөр эсвэл анги өөр уншигчид байдаг" гэлээ. Тэгвэл таны уншигчид ямар хүмүүс байдаг гэж төсөөлөгддөг вэ?

-Шинэ үе л намайг уншина гэж бодогддог.

-Та уран зохиолын боловсролыг хэрхэн эзэмшив?

-Доктор До.Цэнджав багш болон гайхамшигт яруу найрагч О.Дашбалбар нарын номын урлан-өргөөнд тухтай нь аргагүй суралцсан даа. Тэнд бүх төрлийн толь бичгүүд, судалгааны товхимол, түүхийн сурвалж, сонгодог зохиолуудыг зөндөө шагайсан.

-Дуртай зохиолч тань хэн бэ?

-Ксения Некрасова. Түүний яруу шүлгүүд юунд ч баригдахгүй сэтгэлээр бүтээгдсэн.

Амар заяа гэгч нь нам гүмд л яах аргагүй байдгийг мэдээд арван хэдхэнтэй сурагч үедээ гэрийнхнээсээ тусдаа 'байшин' босгож тусгаарласан. Тас нясхийсэн орчинд хамаг юмны байр солигдоод толгойг минь уруу харуулаад дүүжилчих шиг тухгүй хэцүүддэг. Дүүжлүүлэх үнэхээр дургүй!

-Орчуулагч Т.Төмөрхүлэг “Ном бүтээх зохиолч эхлээд өөрийгөө л танимаар байгаа юм. Гүн ухааны сэтгэлгээгүй зохиол бол хоосон үйл явдлын хэлхээс төдий юм. Зохиолч хүн сэтгэгч биш бол “хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ” хэмээн ярьжээ. Би хэн бэ? гэдэг асуултыг та өөртөө тавьж байсан уу?

-Өөрийнхөө сэтгэлийн гүнд юу оршдогийг ойлгох нь ярихтай адилгүй, амархан биш. Хүн бүрийн л дотор хурц, гүнзгий, уян хатан, ундарга сайтай (зогсонги бус ) сэргэг байдал бий. Шүтлэг, зөн, төсөөлөл, санамсаргүй үйлдэл, дарамтыг хүлээж авах үеүд болон бие сэтгэлийн шаналгаа л хүний жинхэнэ төрхийг бүрдүүлдэг. Түүнээс инээх, уурлах будсан нүүр, хэв маяг жинхэнэ царайг эсрэгээрээ нуучихдаг юм. Өөрийгөө дотроос нь ухаж ойлгосон үед л тэр хачин "өөрийгөө" дооглох үе ирдэг юм билээ.

-Таны философи, мөн чанарыг ойлгоё гэвэл тийш ямар байдлаар биднийг замчлах вэ?

-Утга зохиол, соёлын хүрээнээс жинхэнэ бус хүмүүс мөнгө цаас ярьж, түүнийгээ хөөхөөр шийдэхдээ тэр чигээрээ явцгаачихдаггүй нь л хачин санагддаг юм. "Том амьтан" байх хүлээсэнд өөрийн эрхгүй баригдсан хүний зам мөр буруугаар эргээд ухаан бодол нь ч өөрчлөгддөг. Урлагийг сонирхоно гэдэг өөрийгөө гоо сайхнаар сэрээж буй болохоос сүржигнэж нэр хүндээ өсгөх хандлага биш ээ. Ингэж тэгж бичих ёстой гэдэг заавар жинхэнэ уран бүтээлчид амьдын үхэл юм. Үүнээс зугтах арга хайж олон юмыг оюун санаанаасаа гээж татгалзсан.

-Та өөрийн дотоод хүнийг дүрслэн өгүүлж болох уу?

-Хамгийн их өөгшүүлэгч "сайхан амьтан" -ыхаа тухай ярих нь ээ. Хүүхдүүдтэй тоглож, хөгшидтэй хуучлах дуртай, чангаар дуулагч, зөрүүд намайг зэмлэдэггүй түүндээ ч хайртай шүү!

-Энэ амьдралын сайхан нь юу вэ?

-Таашгүй санаануудаар дүүрэн амьдралд жаргалын орны төсөөлөл хүмүүсийг мөрөөдөмтгий болгодог.

-Танд уран зохиолоос өөр дуртай зүйл бий юү?

-Шувуудад дуртай! бас муур, нохой тэжээх нь амьдралын минь салшгүй хэсэг. Алин галавын мөхсөн үлэг гүрвэлийн амьдралыг сонирхдог. Уран зургаас гадна уран баримал, нарийн урласан хээ угалзанд нүдээ ухаад өгөхөөс наахнуур дурладаг. Хүрэл зэвсгийн үеийн олдворууд... гээд сониуч зан минь дэндээд больж чаддаггүй юм аа.

Бага ахынхаа дугуйн дээр сундлаад хурд гэдгийг "салхины чимээ" юм гэж ойлгосноо бараг бүгдийг тод санадаг. Багш загнахад айж цочин дунд хурууг нь хазаж, олон таваг хагалаад оргож зугтсанаа ч боддог. Байсхийгээд л зугтаж оргохын түүс болдог сон.

-Та нам гүм амьдрахыг боддог хүн шиг санагддаг. Яагаад?

-Амар заяа гэгч нь нам гүмд л яах аргагүй байдгийг мэдээд арван хэдхэнтэй сурагч үедээ гэрийнхнээсээ тусдаа 'байшин' босгож тусгаарласан. Тас нясхийсэн орчинд хамаг юмны байр солигдоод толгойг минь уруу харуулаад дүүжилчих шиг тухгүй хэцүүддэг. Дүүжлүүлэх үнэхээр дургүй!

-Та хүүхэд насныхаа дурсамжуудыг хэр санадаг вэ, ямар хүсэл мөрөөдөл, зан чанартай, юунд сэтгэл татагддаг хүүхэд байв?

-Хоёр орчим наснаас эхэлж санаж мэддэг. Ясли руу хүргэж өгсөнийг, цэв хүйтэн жинлүүр дээр нүцгэлээд зогсоосныг, өлгийдүүлээд тайвширч унтаж чадахгүй тавгүйтсэнээ хүртэл. Бага ахынхаа дугуйн дээр сундлаад хурд гэдгийг "салхины чимээ" юм гэж ойлгосноо бараг бүгдийг тод санадаг. Багш загнахад айж цочин дунд хурууг нь хазаж, олон таваг хагалаад оргож зугтсанаа ч боддог. Байсхийгээд л зугтаж оргохын түүс болдог сон. Ах нарынхаа нуруун дээрээс морин байлдаан хийх, гараар урласан цаасан шувуугаа нисгэцгээхийг саравчлан өрөөсөн нүдээ аньж ирээд л удаан харж зогсоно. Харин олон хүүхдүүдийн дунд үймж тоглох дургүй, томилолтоор явсан аавыгаа зүйргүй ихээр санаж орондоо шээж хонодог эмзэг мөртлөө зураг зурж дотроо онгойлгодог жаахан амьтан байлаа. Намайг хэн ч хүчилж үгэндээ оруулахыг сүүлд нь хичээхээ больцгоосон. Цэцэрлэгт Иванова гэдэг Орос багш надад зөөлөн ханддаг сан. Сургуулийн багш маань үг нь хурц, хамт олны зарим гишүүдэд муухай ааш гаргадаг гээд хувийн хэрэг дээр тэмдэглэж өгсөн. Даалгавар хэзээ ч хийж үзээгүй ч сайн суралцсан.

-Даалгаварыг яагаад хийдэггүй байсан юм бэ?

-Даалгаварт одоо ч дургүй хүрдэг. Оронд нь ном уншина.

-Тэгвэл та номоос юу хайж, юунд тэмүүлж ном уншдаг юм бэ?

-Юу ч хайж үзээгүй ээ. Сайхан номд эрхгүй хорхойцож унших нь өөртөө гэнэт дуулах юм уу баярлахаараа бүгд л цовхчиж дэвхцдэгийг, цочихдоо дуу алддаг эгшнийг тайлбарлах гэж оролдохтой л төстэй явдал. Сайхан хүнийг мэлэрч ширтэхтэй л төстэй үйлдэл гэмээр юмуу даа.

Тэр болгон дэлгэж үзээгүй

Тэлүүр далавчаа яаран хумьлаа,

Амьдралаас зүүгдсэн ягаахан сарвуугаа

Амь тавих шиг дэрэн дээр задаллаа

Аальгүй хүүхнээс арай өөрөөр

Амраглаж чадахаа дандаа мартдаг

Дүрсийг чи хумсаараа зурсан,

Дүрсгүй жаахан эмэгтэйг сэрээсэн!

Шидийн илбэч зүрхийг дохиж

Шинээр мэндлэх дурлалт болгожээ

Дотор зөгнөлд хуруугаа ч дүрж

Догдлон хашгирах амыг минь барьжээ.

-Та хүүрнэл зохиолын төрлөөр бичих үү?

-Тиймээ. Бичнэ. Бичсэн өгүүллэгээр минь урлаг, соёлын оюутнууд дипломын сонирхолтой ажил хийснийг үзэж байсан. Хөөрөлхөж давхих хэрэггүйг мэднэ ээ. Шинэ аяс, хувиралыг дотроосоо эрж бичих төлөвлөгөө бий.

-Таны өгүүллэгээр урлаг, соёлын оюутнууд дипломын ажил бичсэн гэлээ. Та тэрхүү өгүүллэгийнхээ талаар тодруулж яриач?

-1990 онд бичсэн "Шувуун толгойт” өгүүллэг болон 1991 онд бичигдсэн "Нар" хэмээх нэртэй өгүүллэгээр Кино урлагийн дээд сургуулийн оюутан дипломын ажил, богино хэмжээний кино хийсэн нь бий.

-Хүүрнэлээр бичих, яруу найраг бичих ялгаатай юу?

-Өгүүллэгийг санаагаа боловсруулж бичдэг бол шүлгийг ямар ч бэлтгэлгүй гэнэт бичдэг зүй тогтолоороо ялгаатай!

-Найруулагч Г.Доржсамбуу “Авьяасыг дагаж ирдэг сэтгэлийн <<солиорлыг>> хэн ч ойлгохгүй дээ” гэсэн байдаг. Мөн зохиолч Ж.Лхагва энэ санаанд ойр байдлаар “Авьяас гэдэг галзуугаас наахнуур бурхнаас ч заяасан юм уу, бугнаас ч өгсөн юм уу өвчин л дөө” гэжээ. Ер нь авьяас заяамал уу, эсвэл түүнийг уйгагүй оролдлогоор өөртөө дадуулж болох уу?

-Урлагийн авьяасыг элс шигшиж тоосго өрөх шиг хэн бий болгоотхов? Ядаж ганц жишээ хэлээтхээч?! Хүсэл дураа барьж дийлэлгүй байнга оролдоод жаахан дөр сууж, дөхүүлж ойртуулсаныгаа л дадал энэ тэр гэдэг байлгүй дээ. Авьяастай төрнө гэдэг “хувь” харгалздаг амаргүй тавилан. Сэтгэлтэй нягт барьцалддаг тул олон төрмөл авьяастныг бид үл хайхарч үхүүлсэн дээ!  Та бүхэн яруу найрагч Ц.Отгонжаргалын шүлгүүдээс уншихыг хүсвэл ЭНД дараад зохиолчийн хувийн хаягаар зочлох боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.