Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Д.Дэлгэрсүрэн: Орчуулж буй шүлгээ олон хоног бодох, дахин дахин унших, эсвэл түр мартах хэрэгтэй болдог


Японы яруу найргаас эх хэлнээ дуун хөрвүүлдэг орчуулагч Д.Дэлгэрсүрэнтэй ярилцлаа. Түүний нууцлаг агаад сонирхолтой дотоод ертөнцөөр аялах амтат ярианд уншигч таныг урин дуудъя. Д.Дэлгэрсүрэн энэ намар Японы яруу найрагч Тачихара Мичизогийн 60 сонет, хоёр шүлгийг сонгож орчуулан "Зун шиг, зүүд шиг..." нэрээр хэвлүүлээд байгаа билээ.


-Бичлэгийн хэлбэрийн хувьд богино учраас яруу найргийн орчуулгыг амархан мэтээр хүмүүс төсөөлдөг. Гэтэл энэ нь орчуулагчаас хэр авьяас, техник шаарддаг ажил юм бэ?

-Яруу найргийн орчуулга богинохон, амархан мэт боловч тухайн шүлгийн амь сүнсийг нь гээхгүй, утга санааг нь шингээх чухал. Цаашлаад уг санааг нь уншигчийн эх хэлд хөтлөн авчрахын тулд хэлний чадвар, үгийн баялаг, мэдрэмж шаардах ажил мэт санагддаг. Зохиолчийн санааг бүрэн дүүрэн буулгаж чадахгүй тохиолдолд тухайн бүтээлийн өмнө гэм хийсэн болно шүү дээ. Тэр зохиолчийн дуу хоолой, мэдэрсэн мэдрэмжийг илэрхийлж, уг бүтээлд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Нөгөөтээгүүр, орчуулагч хүн хоёр хэлийг тэгш сайн эзэмшин таньж, хоорондын ялгамжааг нь ухаарахын тулд үргэлж уншиж судлах, эрэл хайгуул хийх хэрэгтэй. 

Тухайн яруу найрагчийн нэг шүлэг биш нэлээн хэдэн шүлгийг уншиж байж, бичлэгийн хэлбэр, үг сонголт, хүргэх гэж буй дуу хоолойг мэдэрдэг. Шүлгийн далд утга санаа, зүйрлэлийг танихад зөн мэдрэмжээ илүү дагадаг.

-Хэлийг судлах, таних, түүний илэрхийллийн өргөн боломжийг нээхийн төлөөх эрэл хайгуул нь орчуулагчийн хувьд, эзэгтэй, бас ирээдүйд ямархуу гүйцэтгэлтэй орчуулга хийх чадварт суралцах хариуцлагатай төлөвшлийн үе шиг санагддаг. Таны хувьд, эрэл хайгуулыг хаанаас эхлүүлж, хэрхэн суралцаж байна вэ?

-Би МУИС-д суралцаж, Монгол-япон судлаач мэргэжил эзэмшсэн. Хэлний үзэгдлийг сонирхон судлах явцдаа уран зохиол, яруу найраг руу аяндаа хөтлөгдөн орсон. Монгол, япон хүмүүсийн хэл, соёл, сэтгэлгээний хэв маягийг харьцуулахад уран зохиолын эх, баримт гол хэрэглэгдэхүүн болдог. Тиймээс судалгааны ажлын хажуугаар яруу найргийн орчуулга хийдэг. Өмнө нь ихэвчлэн төслийн орчуулга гүйцэтгэдэг байсан болохоор уран зохиол, яруу найргийн орчуулга нэлээн өөр өнцөг, шинэ ертөнц байсан. Шинэ ертөнцөд эрэл хайгуулаа хийгээд л явж байна. 

-Утгачлах, үгчлэх хоёр хандлагын алийг нь орчуулгадаа баримталдаг бэ? 

-Яг нэг аргыг баримталж болохгүй байх. Дан үгчлээд орчуулчихаар уншигчдад харь хол сонсогдох талтай тул шүлгийн гол сүнс, эрчмийг алдахгүйгээр утгачлах аргыг түлхүү баримтлах нь бий. Яруу найраг ямагт яруу чанараа хадгалах ёстой ч тухайн зохиолчийн шүлгийн хэлбэр, үгийн утгын эрчсийг алдалгүй шингээх учиртай.

-Таны хэлсэнчлэн “Үгийн утгын эрчсийг алдалгүй шингээх”-д л орчуулагчийн авьяас туслах учиртай болов уу. Ер нь та орчуулга хийхдээ өөрийн авьяас, зөн мэдрэмжийн алинд нь илүү найддаг вэ?

-Тухайн яруу найрагчийн нэг шүлэг биш нэлээн хэдэн шүлгийг уншиж байж, бичлэгийн хэлбэр, үг сонголт, хүргэх гэж буй дуу хоолойг мэдэрдэг. Энэ үед л зохиолчоо судлах, эрэл хайгуул хийх хэрэгтэй болно. Шүлгийн далд утга санаа, зүйрлэлийг танихад зөн мэдрэмжээ илүү дагадаг. 

-Хэдийд төвлөрч орчуулгаа хийдэг вэ, ямар нэгэн тусгай орчин бүрдүүлдэг үү?

-Сэтгэл тогтуун, ганцаараа тайван орчинд сууж байхдаа орчуулга хийдэг. Шүлгийг хараар буулгах амархан, харин яруу болгохын тулд олон удаа унших, шүлгэндээ автах, дотор нь амьдрах хэрэгцээ гардаг.

-Шүлгийг хараар буулгахдаа ямар байдлаар ажилладаг вэ, хамгийн түрүүнд утга санааг нь тодруулж, улмаар засахдаа яруу хэлбэр рүү чирдэг гэж ойлгож болох уу?

-Хараар буулгахдаа шууд үгчлээд орчуулдаг. Дараа нь чиний хэлснээр утга санааг олж, зохиолчийн эрчим сэтгэлгээг эрэлхийлж, засвар хийхдээ яруу, сонсголонт байдалдаа анхаардаг. 

-Таны дуртай зохиолч хэн бэ?

-Тачихара Мичизо. Энэ хүний шүлэгт гүн автсан тал бий. Тэр зохиолч цэл залуудаа насан эцэслэсэн ч үхэл амьдрал, өвчин зовлон, хайр дурлал, хагацал өнчрөл, байгалийн гоо зүйг цогцоор нь яруу сайхнаар илэрхийлэхдээ утга санааг зүйрлэж хийсвэрлэх аргыг ашиглан бичдэг. Сонет хэлбэрээр шүлэглэсэн нь биширмээр. Үг бүрийнх нь цаана гүнзгий утга санаа нуугдаж байдаг нь орчуулахад эргэлзээ төрүүлж, шантарч буцмаар болгох гээд байдаг ч орчуулгаа дуусгаад, үзгээ тавьсны дараа ахиад л өөр шүлгийг нь орчуулах юмсан гэсэн бодол ургаж үлддэг дээ. Түүний шүлгүүд ертөнцийг уужуу харах, юмсын холбоо хамаарлыг таних нүд минь болсон.  

ЗҮҮДНИЙ ЭРЭГ /сонет/


Нам гүм хөвөлзөх цэнхэр үүлс мэт

Намуухнаар надруу довтолно

Би суманд оногдсон бяцхан араатан шиг 

Нойрон далайд живж, тэгээд хөдөлгөөнгүй болном


Аяархан дахин шивнэхэд нь үхэж буйгаа мэдрэн

Аялах үүлс, өндрийн шувууд, цэцэгс бас сүүдрээ дууднам

Гэвч тэд минийх байхаа нэгэнт больж

Ганцаар, уйтгарлан алхах тэр нэг төрх минь л үлдэнэ


Түнэр шөнө асан дүрэлзэх тэр гэрэл л 

Тэртээ зүүд нойрыг минь хайлуулж чаднам

Тийн би зүүдэн дотроо зүгээ алдана


Сүүдэр дотроо амьдарч, цагийн эцэс ийн дөтлөн ирэхэд

Сүүлчийн дурсамж санаа алдах анир гүмд

Үг бүхний цуурай л үлдэнэ. (Тачихара Мичизо .,орчуулсан: Д.Дэлгэрсүрэн)

-Орчуулагч Ж.Нэргүй “Уран зохиолын хамгийн нандин юм хамгийн нууц байдаг. Хамгийн нууц юмыг хамгийн гоёор далдалдаг” гэсэн байдаг. Та Мичизогийн шүлгүүд дэх далдлагдсан утга санааг нээж, түүнийг илэрхийлэх аргыг уйгагүй эрэлхийлэх үедээ цөхөрсөн, шунасан аль мэдрэмжийг нь өөрөөсөө анзаардаг вэ? 

-Тэр нандин нууц, далдалсан утгыг олох явцад хааяа их цөхөрдөг. Тэр шүлгээ олон хоног бодох, дахин дахин унших, эсвэл түр мартах хэрэгтэй болдог. Гэхдээ дараа нь далд утгыг нь олчихоор ахиад өөр шүлгийг орчуулах хүсэл төрдөг нь шунасан мэдрэмж нь байх. 

 Яруу найраг үнэний илэрхийлэмж учраас хүмүүсээс дөлөх, ахуйгаас зугтах, хааяа бүр илүү гүн уналт руу оруулах гээд байдаг тал бий. Өөрийгөө чөлөөлж, утга учрын эрлээ үргэлжлүүлэхэд биднийг хүлж буй нийгмийн хүлээлт, хүмүүсийн хуурамч харилцаа саад болоод байх шиг.

-Уран зохиол гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?

-Уран зохиол бидэнд хүний оршихуйн олон амтыг мэдрэх, өөрийгөө таних, ухаарах эрх чөлөөг өгч, аливаа хүлээсээс чөлөөлөгдөж чадах талбар болдог шиг санагддаг. 

-Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаар төсөөлөөч гэвэл ямар дүр зураг санаанд тань бууж байна?

-Бичгийн ширээний ард эсвэл байгальд ойр, дуртай номоо хажуудаа тавиад, аяга кофе ууж байх мөч юм болов уу. Тухайн агшинд өөрийн оршихуйдаа тогтож, бодол сэтгэлээ цэгцэлж, чагнаж, дулаан тайван мэдрэмжид уусаж чаддаг болохоор аз жаргалыг мэдэрдэг. Аз жаргал гэвэл сэтгэл тогтуун байхыг л хэлнэ дээ. 

-Харин орчуулга хийх үед сэтгэл хэр савладаг вэ? 

-Орчуулга хийхэд сэтгэлийн савлагаа маш бага, ер нь их тогтуун болдог шүү. Хамгийн тухтай газраа ирсэн мэт санагддаг. 

Үгийн шидэнд автаж

Үнэний эрэлд тэмүүлж

Сэтгэл зүрхээ бөхлөн

Саруул тунгалаг байхыг хичээж явна. (Д.Дэлгэрсүрэн) 

-Яруу найраг танд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү, эсвэл түр зуур мэдрэмжээ хурцлахад туслах төдий санагддаг уу?

-Яруу найраг, уран зохиол бол миний амьдралд маш хүчтэй нөлөөлсөн зүйлийн нэг. Сайн талаар нөлөөлсөн нь их юм болов уу. Цүнхэндээ шүлгийн ном байнга авч явж, амсхийх зуураа унших дуртай. Сэтгэлзүйн хувьд үгийн сайханд автаж, дотоод хүнээ анзаарах, сонсох, эдгэрэх, ухаарах зам жимийг нээдэг. Нөгөөтээгүүр яруу найраг өөрөө үнэний илэрхийлэмж учраас хүмүүсээс дөлөх, ахуйгаас зугтах, хааяа бүр илүү гүн уналт руу оруулах гээд байдаг тал бий. 

-Хүмүүсээс яагаад дөлдөг гэж, Ж.П.Сартр “Там бол бусад хүмүүс” гэж хэлсэн шиг тэд таны урмыг хугалдаг юм уу?

-Яруу найргийн мөн чанар нь үнэн, тунгалаг болохоор худал, хоосон, хийрхсэн хүмүүсийг танихад илүү тусалдаг. Өөрийгөө чөлөөлж, утга учрын эрлээ үргэлжлүүлэхэд биднийг хүлж буй нийгмийн хүлээлт, хүмүүсийн хуурамч харилцаа саад болоод байх шиг. 

-Бас яруу найраг уналт руу чирдэг гэлээ. Ямар байдлаар?

-Уран зохиол, яруу найргийн хүрээний хүмүүстэй илүү ойлголцоод, бусад хүрээлэлд орохоор хааяа ганцаарддаг. Гэвч биднийг өдөр бүр угтах амьдрал, ахуй, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой учир хааяа шүлэг, уран зохиолоос гадуур байх хэрэг гардаг. 

Билиг төгөлдөр хүмүүсийн туурвисан яруу найргийн онгод мэдрэхүй, үзэл санаа, тунгалаг үнэний дотор дулаацаж, эдгэж дүүрч, дутуугаа нөхөж байгаа болохоор орчуулсан шүлгүүдээ хэвлүүлэх гэж яарахгүй байна. Цаашлаад орчуулга хийх тусам өөрийгөө голох, илүү их унших, судлах, хөгжих, хөдөлмөрлөх хэрэгцээ байгааг ухаарч байна.

-Орчуулга хийхэд зохиол бичих лугаа адил онгод, мэдрэмж шаардагддаг болов уу, эсвэл орчуулгын ажил нь энэ бүхнээс харь хол зүйл үү?

-Шүлгийн засвар хийхэд мэдрэмж, онгод шаардлагатай санагддаг. Яг тухайн шүлгийг мэдрэх, яруу найрагчийн сэтгэлгээ, хэлэх санааг нь ойлгохын тулд шүлгэндээ уусаж, нэвчих хэрэгцээ гардаг. Дуулсан дуундаа өөрөө уярна гэдэг шиг хэсэгтээ тэр шүлгээр амьсгалдаг. Тийм болохоор өдөр бүр ч юмуу, ар араас нь орчуулаад байдаггүй. Ер нь орчуулга бол мэргэжлийн ажил.

-Барьж авсан шүлгээсээ болоод хөндүүр, шаналгааг тээх үе байдаг уу? Таагүй дурсамж сэтгэл эмтлэх ч юм уу?

-Байлгүй яахав. Хагацлын тухай шүлгүүд уншихад сэтгэл эмтэрч, хэцүү дурсамж тодордог. Гүлрансын өгүүлснээр, уран үгс хүмүүний сэтгэлийг хөдөлгөж буй нь тэр биз ээ.

-Та өөрөө уран зохиолын төрлөөр бичдэг үү?

-Шүлэг орчуулаад байгаа болохоор ч тэр үү, өөрийн мэдрэхүй, дотоод дуу хоолойгоо үгээр илэрхийлж гаргамаар санагддаг. Тэрнээс биш би зохиолч, яруу найрагч огтоос биш ээ. 

1.

Хааяа амьдралд

Халуун үг

Дулаан тэврэлтээр дутна

Харанхуй дунд уйлж суухдаа

Хажууд түших нэгнийг хайна

Амруулсан сэтгэлийн хариуд ядаж

Амар мэнд асуугаасай гэж хүснэ

Хэзээ ч ирэхгүйг нь мэдэх бүрий

Хөндий цээж түүнийг л үгүйлнэ

Одоо болно оо гэж дахин өөртөө хэлэвч

Огоот сэтгэл тогтож ядан үймнэ


2.

Нугачаа болгоны цаана 

Нөмөр буй учраас

Нулимс бүрийн дотор

Нууц тээх учраас

Эмтэрч, хагарч, бутарч 

Энэ амьдралд зүдэж явахад

Ивээс нь шүлэг байж

Энэлж, хайлж

Эргээд босох зүрх зоригийг

Энэлэнт мөрүүдээс хүртэж

Олны дунд чанд хатуу явах хэрэгтэй

Орь ганцаар гэдэг хүч хэмээх утгатай. (Д.Дэлгэрсүрэн)

-Тачихара Мичизогийн шүлгүүдийг саяхан "Зун шиг, зүүд шиг..." нэрээр хэвлүүлсэн. Харин орчуулсан бусад шүлгүүдээ хэзээ хэвлэх вэ?

-Билиг төгөлдөр хүмүүсийн туурвисан яруу найргийн онгод мэдрэхүй, үзэл санаа, тунгалаг үнэний дотор дулаацаж, эдгэж дүүрч, дутуугаа нөхөж байгаа болохоор тийм их яарахгүй байна. Цаашлаад орчуулга хийх тусам өөрийгөө голох, илүү их унших, судлах, хөгжих, хөдөлмөрлөх хэрэгцээ байгааг ухаарч байна. Гэхдээ тохироо нь бүрдвэл япон шүлгийн түүвэр гаргана гэж боддог. 

-Аливаа үндэстний философи, ертөнцийг үзэх үзэл өөр хоорондоо ялгаатай санагддаг. Тухайлбал, Японы уран зохиолыг уншихад гутранги уур амьсгал анзаарагдах нь элбэг. Гэтэл гутранги байдлыг монголчууд сөрөг утгаар ойлгодог. Харин тэдний хувьд, энэ нь тийм ч муу зүйл биш. Ийм ойлголтын зөрүүтэй байдал орчуулгад нөлөөлдөг үү?

-Аль ч үндэстний хүсэл мөрөөдөл, зовлон жаргал нь адил мэт боловч соёл, сэтгэлгээний ялгаагаар өгүүлэмж нь өөрөөр илэрдэг. Японы эртний яруу найраг уран тансаг байдаг бол орчин үед сэтгэлгээгээ чамирхалгүй, энгийнээр илэрхийлж байна. Цаг үеийн нөхцөл байдлаа дагаад уран зохиол ч бас хувьсаж буйн илрэл байх. Миний хувьд ойлголтын зөрүүг гаргаж ирэхийг эрмэлздэг тул үүнийг түлхүү сонирхож, бас судалж байна. 

-Та өдгөө ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Одоогоор монгол- япон хэлний харьцуулсан хэл шинжлэлийн судалгаа хийж байна. Хоёр үндэстний хэл, соёл, сэтгэлгээний ялгаатай байдлын талаар судалгаа хийж, орчуулгаа үргэлжлүүлсэн шиг хөтөлгөө морьтой явахыг зорьж явна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.02.20 64.119.27.90

Insta хаягийг нь мэдэх хүн байна уу?

0 Хариулах