Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Цаатан: Сүүлчийн нүүдэлчид...


Рашид ад-Диний “Судрын чуулган” номондоо тэмдэглэснээр “Уулын үхэр маллагч” нарын бидний сайн мэдэх нэршил нь “Цаатан” билээ. Соён, Хөвсгөлийн уулсаар цаа буга адгуулан маллах Умард хязгаар, хил орчмын нүүдэлчдийн маш үзэсгэлэнт ахуй, амьдрал Монгол орны хоймор Дархадын цэнхэр хотгорт дархад зоны аж байдалтай зэрэгцээ оршдог. Үндэсний статистикийн хорооны 2022 оны тайланд тэмдэглэснээр “393 цаатан амьдарч буйн 150 нь хүүхэд” байна. Цаатан иргэд Монгол орны хэмжээнд гагц Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгаар нутаглан амьдардаг. Цагааннуур сумын 540 мянган га газар нутгийн 96.4 хувь нь УТХГН-т багтсан бөгөөд ингэснээр хамгаалалтын бүсэд цаа бугаа адгуулан хариулахыг нь хуулиар хориглоогүй ч байгалийн ургамал түүх, гөрөөлөх, мод түлээ бэлтгэх нь хориотой болжээ. 

Зүүн тайгын цаатан С.Ганбат “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт гэрийн цаа оруулахгүй гээд цааны бэлчээрийг хязгаарлаж байна. Хэрвээ УТХГН-аар явах бол заавал зөвшөөрөл авахыг шаардах болсон. Бид УТХГН-ын хууль, дүрмээс айж амьдарч байна. Урцны шургааг авахад хүртэл хориотой болжээ. Аль эртнээсээ нааш цаатнууд гөрөөчин хүмүүс байсан. Одоо ч гараа мухарлуулсан даа. Зөвшөөрөлгүй ан гөрөө хийх хуулиар хориотой, буу үүрч явахаас ч эмээдэг болсон. Уг нь бид өв соёлоо хадгалж, уламжилж яваа хүмүүс. Бас эзгүй хязгаар нутгаа эзэнтэй байлгаж байгаа эх орны хилчид ч гэж хэлж болно шүү” хэмээсэн нь бүхий л цаатнуудын нүүдлийн аж байдалд хориг тушаа болсон хууль, дүрмийн нөгөө тал гэлтэй. Тодруулбал, 2000 онд Засгийн газраас үндэсний хэмжээнд ан агнуурыг хориглосон билээ. Уг хуулийн хэрэгжилт нэг талдаа сүүлчийн нүүдэлчдийг суурин иргэншил рүү шахаж байна. 

Умардын цаачид болоод тэдний нүүдлийн хязгаар тийш тэлсэн үзэсгэлэнт нутаг, ахуй, зан үйлийг гэрэл зурагчин Ч.Батзаяа, Х.Энхжаргал нар “Цаатан” номондоо буулгажээ. Тайгын амьдрал, ахуй байдал, байгаль, хүмүүс, тэдний хэрэглэл, зан үйл, мөрөөдөл, гоо үзэсгэлэн, зовлон, жаргал хаа ч ялгарах өвөрмөц. Энэ бол гэрэл зурагчны нээсэн дэлхийн ялгарал аж.

“1945, 1949 онуудад Хөвсгөлийн тайгаар амьдарч байсан цаатан иргэдийг аль улсын харьяатыг үл харгалзан цаа бугатай нь хуу цөлмөж цэргийн хүчээр Тува улс руу хоёр удаа давуулан хөөж, хүүхдийг нь сургуульд оруулж, цаа бугыг нь хамтралд нийгэмчилжээ. Цаачид төрөлх тайга нутагтаа унааны хэдэн зарьтай оргон ирцгээсэн юм. Энэ үеэс Хөвсгөлийн цаа бугын тоо толгой эрс хоргодож цөөнх ястны амьдралд гашуун үе эхэлжээ” гэдгийг судлаач Гэндэнгийн Аюурсэд “Хөвсгөлийн цаа буга” номондоо тэмдэглэсэн байдаг.

Дээрх өгүүлэмжийг лавшруулбал, 1972 онд цаа бугын тоо толгой 1000 давсан ч 1976-1978 оны хооронд Улаан-Уул суманд махны хэрэглээнд зориулан 800 цаа буга нядалжээ. Түүнчлэн 1978 оны зун цусан эврийг хавтгайруулан тайрч авсны улмаас тарга хүчээ ид авах VIII, IX саруудад цаа буга олноор хорогдож эхэлсэн байна. 1985 онд Цагааннуур сум байгуулагдаж, загасны үйлдвэрийн суурин дээр цаа бугын аж ахуйг төвхнүүлэхээр тоо толгойг нэгтгэхэд 1975 онд байсан цаа бугын дөнгөж 32,5 хувь нь үлдсэн байлаа. Улмаар цаачид 2019 оныг хүргэж 2000 цааны баяраа тэмдэглэсэн юм. Харин үүнээс хоёр жилийн дараа гэхэд цаа бугын тоо толгой 2400-д хүрчээ.

ЗурагТайлбар




Сая зурвас өгүүлсэн умардын цаачид болоод тэдний нүүдлийн хязгаар тийш тэлсэн үзэсгэлэнт нутаг, ахуй, зан үйлийг гэрэл зурагчин Ч.Батзаяа, Х.Энхжаргал нар “Цаатан” номондоо буулгажээ. Гэвч уг ном гэрэл зургийн альбом биш. Альбомоос ялгаатай нь тэд олон жилийн туршид тайгын аж байдлын зургуудыг сэдэвчлэн авснаас гадна цаатнуудын дотоод сэтгэлийн өгүүлэмж, юуг туулж өдийг хүрсэн, цаашид ямар хувь тавилан хүлээж байгаа гээд тэдний аж, соёлын байдлыг бүхэлд нь илэрхийлэхийг эрмэлзжээ. 

Номонд цааны аж байдал, ахуй нутгийг дангаар нь буулгасангүй. Тайгын хүмүүс, амьтад, байгалийн зургийг хар цагаанаар оруулжээ. Номыг бүтээхэд лавтай 10 жилийн хөдөлмөр зарцуулсан бололтой. Нэгэн намар эсвэл өвлийн өдрөөр тайгад очиж хэд хонохдоо дарсан зургуудаа нэгтгэн баринтагласан бол харин зургийн цуглуулга болох байсан биз. Харин тайгын бэрх, хэцүү өндөрлөг газар руу цагийн хүйтэн, нүүдлийн алсыг үл ажран нэгэн арван жилийн туршид жимээ гаргасан нь номын үнэ цэнийг улам өсгөжээ.

"Цаатан" номын ихэнх хэсэгт цаатнуудын аж байдлын болоод хөрөг зургийг багтаасан аж. Яагаад?

Энэ асуултын хариултыг гэрэл зурагчин Ч.Батзаяагийн ярилцлагаас эхэлж хайя. “Сүүлийн үед миний анзаарч буй зүйл бол дэлхийн улсууд ялгарал, өөрийн гэсэн онцлог байдал дээр тулгуурлан жуулчдыг татаж байна. Бид бол нүүдэлчид. Тэрнээс бидний боддог шиг байгаль л үзэх гэж ирдэггүй юм байна. Дан байгаль хангалтгүй, нэмэх нь хүн байх ёстой юм байна. Монголчууд яаж аж төрж, яаж амьдарч байгаа нь барууныханд тааварлагдашгүй сонин. Жишээ нь, таван ханатай гэрт таван ам бүл яаж амьдраад байгаа нь хүртэл сонин. Энэ бол бидний ялгарал. Энэ нүүдэлчин ахуй чинь тэр хүмүүсийн хувьд шал өөр ертөнц”. Тэрээр ийн хариулжээ. Тэгэхээр гэрэл зурагчид нүүдэлчдийн ялгарлыг хайж номын зургуудаа буулгаж эхэлсэн аж. Эхлээд түүнд ердөө л асуулт байв. Тэгэхээр нүүдэлчдийн ялгарал юу вэ?

Зарим тохиолдолд түүний зургуудад нутгийн иргэдийн мэдрэмж, тэдний сэтгэл зүрхэн дэх байгалийн үзэсгэлэнг таньсан зөн совин тусалж байсан гэж таамаглав. Энэ зуурт сануулахад, гэрэл зурагчин Ч.Батзаяагийн хувьд аялагч төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бөгөөд тайгад олонтоо очиж, тэндхийн хүмүүстэй дотно танилцсаныхаа хойно гэрэл зураг авч эхэлжээ. Энэ нь тайгын амьдралыг бодитоор мэдэрч, тэдний гоо зүйг таньж, цаатнуудтай төвөггүй хамтарч ажиллан өөрийн төлөвлөсөн кадруудыг буулгах боломжийг олгосон болов уу.

Арваад жилийн тэртээ зуны сүүлчээр тайгад очиж Э.Сүрэн эмэээтэй уулзахад “Заяа чам шиг зураг авдаг хүнд одоо л ёстой сайхан цаг даа. Цаана чинь зарьтай хүүхдүүд уралдаж айлаас айл руу давхилдаж байна” гэж билээ. Тайга ус намаг, довцог ихтэй чийглэг газар тул уралдаж буй цаануудын хөлөөр ус үсчих нь оройн наранд сүртэй харагдана. Цааны эвэр ургаж гүйцэж буй үе болохоор данайгаад сүр бараатай, сүрлэг гэж жигтэйхэн” гэх зурвас хүүрнэл “Цаатан” номын дунд хэрд байх аж. Энэ хүүрнэлээс үүдэн зарим тохиолдолд түүний зургуудад нутгийн иргэдийн мэдрэмж, тэдний сэтгэл зүрхэн дэх байгалийн үзэсгэлэнг таньсан зөн совин тусалж байсан гэж таамаглав. Энэ зуурт сануулахад, гэрэл зурагчин Ч.Батзаяагийн хувьд аялагч төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бөгөөд тайгад олонтоо очиж, тэндхийн хүмүүстэй дотно танилцсаныхаа хойно гэрэл зураг авч эхэлжээ. Энэ нь тайгын амьдралыг бодитоор мэдэрч, тэдний гоо зүйг таньж, цаатнуудтай хамтарч ажиллан өөрийн төлөвлөсөн кадруудыг буулгах боломжийг олгосон болов уу.

Гэрэл зурагчин Ц.Батзориг агсан 1992 онд бичсэн “Монголчуудын амьдрал” хэмээх зурвас тэмдэглэлдээ манай оронд алдартай нэгэн хүрхрээний зураг авахаар явах замд нутгийн өвгөнөөр газарчлуулах болсон тухайгаа “Өвгөн нутгийнхаа нургилан буух хүрхрээ, шуугин исгэрэх ой мод, шулганан жиргэх шувуудын тухай ярьж явав. Бид байгалийн тухай ийм энгийн үгээр нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногштол ярьж болдгийг, бас байгальд сэтгэл зүрхээрээ ууссан байхыг гайхан, биширч явлаа” хэмээн тэрээр илтэд биширсэн аясаар дурссан байдаг. Хүн, байгалийг хэрхэн таньж, мэдэрч буйн тусгал нь уран бүтээл байдгийг өөрөөр нотлоход яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Тал нутгийн өглөөгүүр маш тунгалаг нар мандан дээшлэх цагаар агь нүдлэн хэвтээлж ургасан аяга дарам мөнгөлөг дэвсэг гэрэлтэн байдаг. Нарны наана зогсоход мөнөөх дэвсэгнээ сүүдэр минь тусах бөгөөд толгойг минь тойрсон дугариг титэмт туяа цацрах агаад эгээ л бурхдын тэргүүнийг зурсан эртний уран зургийн адил бөлгөө. Зүүн баруун тийшээ алхахад толгой дээрх гэрлүүд харилцан адилгүй их бага хэмжээтэй байх бүлгээ. Тэгэхээр миний яруу найргийн багш бол энэ байгаль л юм даа” хэмээх хариулт хангалттай биз ээ.

ЗурагТайлбар




Ч.Батзаяа, Х.Энхжаргал нар байгалийн сайхныг гэрэл зурагт буулгахдаа хүмүүс, амьтдын аж байдлыг гол дүрд нь байрлуулсан төдийгүй тайгын ахуйг дангаар зураглахдаа ч байгалийн өнгө, агшныг мэдэрч чадсан нь "Цаатан" номын "олз" ажээ. Техник технологи хөгжсөн өнөө үед гэрэл зурагчдын гол ялгарал мэдрэмж, сэдэв, зургийн өгүүлэмжээр тодорхойлогдоно. "Цаатан" номын зургуудад байгалийн гэрэл сүүдрийг ашигласнаар тайгын амьдралыг "тавилттай гэрэл, сүүдэргүй" бодитоор мэдрэх боломжийг олгожээ.    

Ч.Батзаяагийн зураг дарах арга барил ихээхэн өвөрмөц аж. Тэрээр “Хуучин бол зургийнхаа санааг жижиг дэвтэр дээр зурчихдаг байлаа. Нар тэндээс гарч байхад ийм зураг авна. Жишээ нь, хоёр хүүхэд барилдуулна. Цаана нь гэр харагдана, гэрийн үүдэнд эмээ нь сууж байна гэдэг ч юм уу, зохиомж төлөвлөдөг байсан. Тэгж авсан зургууд үнэ цэнтэй, үлдэцтэй байдаг. Тайгад бүсээ бүсэлж байгаа ахын зургийг авсан л даа. Тайга бол цав цагаан, цаа цав цагаан тэр дунд ув улаан бүс бүсэлж буй ахыг авсан байх жишээний. Энэ бол би бодож олоод байгаа юм биш, багад өссөн ахуй, бас энэ тэндээс үзсэн зураг, кино зэргээс хүртэл төрсөн санаанууд” хэмээн “Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд: Гэрэл, сүүдрийн дагуул” ярилцлагадаа дурдсан байна. Тэгэхээр зураг дарна гэдэг нь түүний хувьд агшныг барьж, буулгахаас илүүтэй төлөвлөж, бэлтгэсэн нөхцөлд ажиллах хэлбэр бололтой. Ингэснээр зурагчинд илүү тухтай бодох, өнгө гэрлийн зохицлыг нарийн төлөвлөх, өгүүлэмжид тохируулан орчныг өөрөө бүтээх хэрэгцээ гарах нь тодорхой. Гэхдээ эцэстээ тэрээр өөрийн хүссэн дүрсээ буулгах боломжтой болно. 

Үүний сацуу тэрээр тайгын онцгой үйл явдлуудаас хоцорсонгүй. Цаатан иргэдийн хүн ам цөөн тул 4-5 жилийн хугацаанд ганц хоёр л хурим тохиодог байна. Хамгийн сүүлийн хурим 2018 онд болсныг өдгөө “Цаатан” номон дахь гэрэл зургууд гэрчлэн үлджээ. Энэ нь олон жилийн туршид төлөвлөн уйгагүй ажиллахдаа тайгын амьдралын зовлон, жаргал, гэнэтийн онцгой үйл явдал бүхэнд ойр байсны нотолгоо мэт.

Тайгын амьдрал, ахуй байдал, байгаль, хүмүүс, тэдний хэрэглэл, зан үйл, мөрөөдөл, гоо үзэсгэлэн, зовлон, жаргал хаа ч ялгарах өвөрмөц. Энэ бол гэрэл зурагчны нээсэн дэлхийн ялгарал ажээ. 

“National geographic” цувралын хүрээнд одоогоор “Ирвэс”, “Цаатан”, “Бүргэд” номуудыг бүтээгээд байна. Гэрэл зурагчид эдгээр номуудаа бүтээхийн тулд лавтай сүүлийн арваад жилд тодорхой сэдвээр дагнан зураг авч байгаа юм. Та бүхэн эдгээр номуудыг худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Жич: Нийтлэлд "Цаатан" номын гэрэл зургуудийг ашиглав.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.16 66.181.161.18

Сайн бичвэр унших ч сайхан шүү

0 Хариулах