UBLife Logo
Newsfeed

Сэргээгдэх эрчим хүчний талаарх 8 ойлголт + хариулт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Сэргээгдэх эрчим хүчний талаарх 8 ойлголт + хариулт

Та хэдий гэртээ нар хураагуургүй ч өдөр тутам сэргээгдэх эрчим хүч ашигладгаа мэдэх үү? Өнөөдрийн байдлаар дэлхийн 11 улс 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ хангадаг болжээ. Тэгвэл бусад улс орнууд ч сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх шаардлагатай юу? Ер нь сэргээгдэх эрчим хүч үнэхээр бидэнд хэрэгтэй юу?

Энэ удаагийн нийтлэлээр сэргээгдэх эрчим хүчний салбарыг тойрсон энэ мэт ойлголтуудад хариулт өгөх мэдүүштэй баримтуудыг хүргэж байна. 

#1 Эрчим хүчний үнэ бараг л нэмэгддэггүй

Монгол Улсын хэмжээнд цахилгааны дундаж тариф 2007 онд 53 төгрөг/ кВтц байсан бол 2022 онд 187 төгрөг болж 15 жилийн хугацаанд ердөө 134 төгрөгөөр нэмэгджээ. Энэ хугацаанд талхны үнэ 660 төгрөгөөс 2131 төгрөг болж, ам.долларын ханш 2253 төгрөгөөр нэмэгдсэн гэхээр цахилгааны үнэ бараг л нэмэгдээгүй байгаа биз? 15 жилийн үнийн өсөлт дараах байдалтай байна. 

Сэргээгдэх эрчим хүч жилээс жилд буурч байгаа гэж олон хүн эндүүрдэг ч жил бүр бүх салбарын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр манай улсын эрчим хүч үйлдвэрлэгчид 1 кВт цаг эрчим хүчийг 224 төгрөгөөр үйлдвэрлэн, 175 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, 50 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Гэтэл хотжилт, үйлдвэржилтийн улмаас цахилгааны хэрэглээ нэмэгдсээр... 

#2 Хүн бүр сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг 

Монгол Улсын эрчим хүчний салбарын хэмжээнд нийт суурилагдсан чадал 1500 МВт бөгөөд нийт хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэсэн цахилгаанаа нийлүүлдэг аж. 

Айл өрх, албан байгууллагуудын хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 18 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна гэсэн үг. 

Тэгэхээр та, бид, бүгд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байна.

#3 Сэргээгдэх эрчим хүч байгальд гайхалтай эерэг өөрчлөлт авчирдаг 

Дэлхийн дулаарал жил бүр нэмэгдсээр байна. 2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрснээр дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэнэ. Дэлхийн дундаж температур нэмэгдэхэд нийт амьд амьтдын 90 хувь нь мөхөх, байгалийн гамшгийн давтамж 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой өвчин дэгдэхэд хүрдэг. 

Тиймээс дэлхий даяар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахаар хичээж буйн бодит үр дүн нь сэргээгдэх эрчим хүч юм. 

#4 Монгол бол сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй улс

Өнөөдрийн байдлаар манай улсад 200 мегаватт хүчин чадалтай салхины 3 станц, нарны эрчим хүчний 6 станц ажиллаж, цахилгаан дамжуулах төвийн сүлжээнд эрчим хүчээ нийлүүлж байна. 

Дотоодын сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох Ньюком групп л гэхэд салхин эрчим хүч үйлдвэрлэн, 2020 оны байдлаар 1.7 сая тонн хүлэмжийн хийг үйлдвэрлэхээс сэргийлжээ. 

#5 Сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах боломжтой 

Эрчим хүчний олон эх үүсвэр бий болсноор, нийлүүлэлт ихсэн үнэ буурах боломжтой. Эрчим хүчний салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор олон эх үүсвэр бий болно. Үүний үндсэн дээр хэрэглэгчдийн төлөх цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт буурдаг аж.

#6 Дэлхий даяар нэгдэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хэмнэж чадна 

Дэлхийн ирээдүй сэргээгдэх эрчим хүч болохыг улс орнууд онцолсоор, энэ салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарсаар байна. Дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2025 онд буюу ирэх таван жилд 75 хувиар өснө гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн удаатай. Ингэснээр 277 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хэмнэх юм. 

Жишээ нь, 2021 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний 38 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэжээ. Монгол Улс салхин эрчим хүчийг 10-аас дээш хувь ашиглаж буй 50 орны нэг. 2021 онд 50 улс орон салхин эрчим хүчийг 10-аас дээш хувь ашигласан дотор Хятад, Монгол, Япон, Вьетнам, Унгар, Аргентин зэрэг улсууд багтжээ. 

#7 2050 нд гэхэд 50 улс бүрэн сэргээгдэх эрчим хүчинд шилжинэ 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд дэлхийн 50 орчим улс 2050 он гэхэд бүрэн сэргээгдэх эрчим хүчинд шилжих зорилт дэвшүүлээд байна. Ердөө 100 жилийн дараа гэхэд эрчим хүчний үндсэн түүхий эд болох нүүрсний нөөц шавхагдах тооцоо бий. Тиймээс улс орон бүр сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулахаар ийнхүү зорьж байна. 

#8 Монголын хүлэмжийн хий ялгаруулалт 75 хувиар нэмэгджээ. Одоо л арга хэмжээ авахгүй бол бид оройтно... 

Хүн төрөлхтөн 50 тэрбум тонн хүлэмжийн хийг агаар мандалд нэг жилд ялгаруулж байна. Монгол Улсын хүлэмжийн хий ялгаруулалтын хэмжээ 1990 онтой харьцуулахад 2020 онд 75 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлтөөс даруй гурав дахин их үзүүлэлт  юм   

Харин Европын холбооны улсууд, Япон, Казакстан зэрэг улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 1990 оны түвшнээс буурсан аж. 


Таны цахилгааны төлбөрт тусгагдсан хэрэглээний тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.