UBLife Logo
Хөгжим

Блиц: “FOUX" хамтлагаас асуух 30 асуулт

Блиц: “FOUX" хамтлагаас асуух 30 асуулт

Өөрсдийн гэсэн өнгө төрх, мэдрэмжийг бүтээж, хүмүүст хэдийнээ танил болсон алдартай охидын хамтлаг болох FOUX хамтлаг "Блиц" булангийн маань энэ удаагийн зочноор оролцож, өөрсдийн мэдрэмж, бодол, өвөрмөц ертөнцөөсөө хуваалцлаа. Тэдний хэвлэл мэдээлэлд анх удаа өгч буй ярилцлагыг хүлээн авна уу.

IG: maralod93, mynameisxaliun

Spotify: FOUX


1. Хөгжимд хорхойсох шалтгаан болсон хамтлаг дуучин, эсвэл дууг нэрлэвэл?Б.Халиун: Би анх 2NE1 сонсож байсан. Хамгийн дуртай дуу гэвэл “I’m the Best”-ийг сонгоно.С.Марал-Од: Миний хувьд Big Bang. Зохиолын дуунаас өөр дуу бараг л явдаггүй байх үед зарын хажуугаар “Lies” дуу нь гарахыг сонсоод шууд таалагдаж байсан. Энэ үеэс хойш солонгос дуу маш их сонсдог болсон.2. Дуу хөгжмөөс гадна хамгийн их сонирхдог зүйлээ хуваалцана уу?Б.Халиун: Тоглоомд их сонирхолтой болохоор стрийм хийх хүсэл байдаг. Жүжиглэж үзэхийг ч хүсдэг.С.Марал-Од: Биологи, шинжлэх ухаанд дуртай. Энэ чиглэлээр сургуульд сурах гээд одоо бэлдэж байгаа. Бас make-up хийх сонирхол их шүү.

3. Таны цуглуулдаг, заавал цаг зав гарган хадгалж, нандигнадаг зүйл юу вэ?Б.Халиун: Уруулын будаг байж магадгүй юм. Би уруулын будганд үнэхээр их дуртай.С.Марал-Од: Миний хувьд дотнын хүмүүсээсээ авч байсан ямар нэгэн утга учиртай зүйлийг цуглуулах дуртай. Тоглолтын тасалбар эсвэл чихрийн цаас ч байсан хамаагүй, өндөр сэтгэгдэл, дурсамж үлдээсэн зүйлийг хайрцганд хийж хадгалдаг.

Хамтлагийн гишүүн С.Марал-Од

4. “Эморсон” үедээ юу хийдэг вэ?Б.Халиун: Дууны үг бичдэг. “Хийцтэй” эморох гэж хичээдэг дээ.  С.Марал-Од: Бодлуудаа цаасан дээр гаргаж бичих дуртай. Заримдаа “Lost” болж төөрөлдсөн үедээ хүчээр эерэг байх гэж хичээдэггүй. Гунигтай байвал гунигтай чигээр нь мэдрээд, уйлмаар байвал уйлаад л. Ер нь уйлах маш их тус болдог. Мэдрэмжүүдээ гаргаад бичихдээ бүх зүйлдээ дүгнэлт хийгээд их дээрддэг шүү.5. Өөрөөсөө огт салгалгүй авч явдаг зүйл?Б.Халиун: Уг нь бэлэг болгон авч байсан нэг хүзүүний зүүлт байсан. Гэхдээ тасарчихсан.

С.Марал-Од: Таван жил биеэсээ огт салгаагүй бөгж минь байдаг. Байнга биедээ авч явдаг байсан хайртай энгэрийн тэмдэг минь саяхан алга болчихсон. Маш хэцүү байгаа.  

6. Чамайг нэг эд зүйлээр илэрхийлбэл?Б.Халиун: “Slime” тоглоом.  Манай найзууд намайг их зөөлөн гэдэг болохоор “Slime шиг” гэж хэд хэд сонсож байсан.  

С.Марал-Од: Саван. Намайг угаасаа “Хатагтай Safeguard” гээд байдаг юм.

Хамтлагийн гишүүн Б.Халиун

7. Өглөө сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?Б.Халиун: Миний нуруу сайн дуугардаггүй байхгүй юу. Тиймээс нуруугаа дуугаргах гэж оролддог.С.Марал-Од: Утсаа шалгадаг. Зурвас ирж үү гэж шалгаад ирсэн байвал хариу бичнэ. Ирээгүй байвал бас л нуруугаа дуугаргана даа.8. Таны амьдралд тохиосон хамгийн “ид шидийн” гэмээр мөч хэзээ байсан бэ?Б.Халиун: Анхны дуугаа гаргасан орой. Өөрсдийн гэсэн дуутай болчихсон байгаа нь байж боломгүй юм шиг санагдаад, энэ том мөрөөдөл минь биелсэнд итгэж өгөхгүй, зүүд шиг л санагдаж байсан.С.Марал-Од: Зурагтаар өөрийгөө үзээд, өөрөө өөртөө таалагдаж байсан мөч. Гэр бүлийнхэн, хамаатан саднууд бөөн юм болоод л, би өөрийгөө дуулж байгааг зурагтаар хараад, бас болоо ч үгүй түүндээ сэтгэл хангалуун байсан. Тэр үед би “Ваав, амьдрал ч баялаг юм даа” гэж бодож байсан.  9. Өөртөө байнга сануулдаг нэг зүйл?Б.Халиун: Comfort-zone буюу тухтай бүсдээ хэтэрхий удаж болохгүй шүү гэж сануулдаг.С.Марал-Од: Үнэхээр хэцүү, намайг эвдэлж мэдэхээр зүйл тохиолдсон ч дотор оршиж байгаа зүйлээ битгий алдаарай гэж өөртөө захидаг.10. Хайрыг нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэвэл?Б.Халиун: Зориг гэж хэлэх байх.

С.Марал-Од: Бүх муу муухай зүйлийг далдалдаг цор ганц зүйл байх. Өөртөө байгаа бүх зүйлээ өгсөн ч илүү ихийг өгөхийг хүсэх, илүү ихийг өгч чадахгүй байгаадаа харамсах сэтгэл төрөх.11. Заавал очиж үзэхийг хүсдэг газар, яагаад очихыг хүсдэг вэ?Б.Халиун: Бүх далай тэнгисийг очиж үзэхийг хүсдэг. Устай орчинд үнэхээр дуртай болохоор энэ амьдралдаа яаж ийж байгаад бүгдийг нь багтааж үзнэ ээ.С.Марал-Од: Швейцарт заавал очиж үзэхийг хүсдэг. Европын улсуудаар явах мөрөөдөлтэй бас уулархаг газарт дуртай. Нэмээд туйлын туяа үзмээр санагддаг.

12. Гэр бүл, найзуудаас өгсөн хоч?Б.Халиун: Хүмүүс намайг “Улаан үст охин” гэж их ярьдаг юм байна лээ. “Foux”-ийн Улаан үст л гэх юм байна даа.С.Марал-Од: Хүмүүс ер нь өнгөөр их дуудах юм, тийм ээ? Намайг гэрийнхэн Шарков гэдэг байсан.13. Хамгийн дуртай, бас сайн хийдэг хоол?Б.Халиун: Шөл амтлахдаа ер нь дажгүй. Цай дажгүй чанадаг. Манай студийнхэн миний чанасан цайнд дуртай.С.Марал-Од: Бууз, хуушуур, нийслэл салат сайн хийдэг.14. Цагийг өнгөрүүлэх хамгийн дуртай газар?Б.Халиун: Гэртээ ганцаараа байх дуртай.С.Марал-Од: Маш тухтай газар. Ямар ч санаа зовох зүйлгүй, тухтай байж болж л байвал тэр миний гэр гэдэг шиг л.   15. Хамгийн анхны дуугаа цацсаны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?Б.Халиун: Би юмнаас яаж ийж байгаад өөг нь олж хараад байдаг сул талтай юм шиг байна лээ. Үзчихээд, “Ингэх ёстой байж дээ, дараа үүн дээрээ анхаарах юм байна” гэх бодол орж ирж байсан. Дуугаа гаргасандаа итгэж чадахгүй, “Жинхэнээсээ болоод байна уу” гэж бодсон.С.Марал-Од: Маш их урам зориг авсан. Бүр багаасаа хичээгээд ирсэн зүйл минь буруу биш байжээ гэдгийг өөртөө нотлоод байгаа мэт. Миний хүссэн бүх зүйлийн оргил нь биш ч гэлээ түүндээ хүрэх маш том шат тавигдсан. Итгэж ядаад, бас хичээсэн, хийсэн бүх зүйлээрээ бахархаад улам бүр хичээхийг хүсэж эхэлсэн.

16. Ямар супер хүч чадалтай болохыг хүсэж байна вэ? Яагаад?

Б.Халиун: Үл үзэгддэг болмоор байна. Харагдахгүй болно гэдэг гоё санагддаг.С.Марал-Од: Хэзээ ч өвддөггүй гайхалтай дархлааны системтэй болмоор байна.17. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?Б.Халиун: Одоо хийж байгаа зүйлээ, өөрсдийн байр сууриа илүү бататгасан байдлаар төсөөлж байгаа. Бас түүнийхээ хажуугаар аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байна.С.Марал-Од: Багаасаа ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг байсан. Тиймээс хүмүүст үнэ цэн түгээдэг ямар нэгэн зүйлийн хэсэг болж, түүндээ өөрөө сэтгэл хангалуун, бахархсан, аз жаргалтай байгаагаар төсөөлж байна.18. Өөрийн аль дуундаа фэн шиг дурлаж байсан бэ?Б.Халиун: Бүх зүйлээ зориулж хийж байсан анхны зүйл болохоор “Mart” дуундаа хайртай. Хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Гэхдээ бүх дуундаа л хайртай л даа.  С.Марал-Од: Миний хувьд ч бас “Mart” дуу маань. Хийж байх үедээ маш их сэтгэл хөдлөлтэй байсан. Тийм ч болохоор дуу маань сүнслэг болсон байх гэж бид боддог.

Та бүхэн "Mart" дууны ремиксийг сонссон уу? Сонсож амжаагүй бол ярилцлагаа унших үедээ сонсоорой.

19. Хамгийн анхны цалингаараа юу авч байсан бэ?Б.Халиун: Тэр үед эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Данс руу цалин орж ирэхэд хамгийн түрүүнд дэлгүүр ороод талх, сүү хоёр авч байснаа санаж байна.

С.Марал-Од: Есдүгээр ангидаа цагийн ажил хийдэг байсан. Тэр үедээ нэг хөвгүүнд сайн байлаа. Тэгээд цалингаараа төрсөн өдрөөр нь маш их хайж байгаад сарны хэлбэртэй ширээний гэрэл авч өгч байсан.20. Илүү бүтээлч байж, шинэ зүйл хийхийн тулд юу хийдэг вэ?Б.Халиун: Ганцаараа, тухтай байхад л болдог. Нэг тийм вакум орчинд гэх юм уу. С.Марал-Од: Олон зүйлийг хараад, өөр өөр санаа орж ирэх боломжтой газар байх дуртай. Надаас илүү дээд түвшний гэж бодсон олон хүн дунд байх үед ч юм уу эсвэл хэзээ ч сонсож үзэж байгаагүй дуу, кино үзээд түүнийхээ тухай тэмдэглэл хөтлөх утс болдог.21. Хамтарч уран бүтээл хийхсэн гэж хорхойсож явдаг уран бүтээлчээ хуваалцаач?Б.Халиун: Usher. Миний краш болохоор.  С.Марал-Од: Эмэгтэй гэвэл FKA twigs, эрэгтэй гэвэл Labrinth.22. Монголын хөгжмийн ертөнцөд тохиолдоосой гэж боддог үйл явдал юу вэ?Б.Халиун: Зөндөө л зүйл байгаа. Гэхдээ илүү олон эмэгтэй хамтлагтай болоосой гэж хамгийн ихээр хүсдэг.С.Марал-Од: Уран бүтээлийг бид сонсогчдод зориулж хийж байгаа. Гэхдээ тэр бүтээлээ хамгийн түрүүнд сонсож байгаа хүн нь би өөрөө шүү дээ. Өөртөө ч бас таалагдах ёстой. Тиймээс артистууд зоригтойгоор өөртөө таалагдаж байгаа бүтээлээ хийдэг байгаасай гэж хүсдэг.23. Уншиж буй сонсогчдодоо зориулах дуу.Б.Халиун: Brent Faiyaz - Clouded. Миний хамгийн сүүлд сонссон дуу.

С.Марал-Од: Нэг төрлийн хөгжим их сонсож, энэ л гоё гээд өөр дуунууд сонирхож сонсохгүй үе надад байсан. Дараа нь сонсоод надад таалагдах өөр ийм дуунууд зөндөө байдаг юм байна шүү дээ гэж бодож байлаа. Тиймээс саяхан сонсоод маш их таалагдсан цомгийг санал болгоё. Lil Yachty - Let's Start Here. Сүүлд бас Tik Tok дээр нэлээн од болсон RAYE & 070 Shake гээд артистуудыг сонсоод үзээрэй. Манай сүүлд гаргасан дууг ч бас сонсоорой.

24. Дуучин, уран бүтээлч байхын таалагддаггүй зүйл нь юу вэ?Б.Халиун: Байнгын хүчтэй байх ёстой юм шиг байдал. Хэрэв хүчгүй, сүл дорой байчихвал доошоо хязгааргүй явчихдаг. Хүний сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйл маш чухал шүү дээ. Байнгын хүчтэй байх ёстой гэдэг нь намайг заримдаа тухгүй болгодог.С.Марал-Од: Ямар ч буруу зүйл хийгээгүй байтал хэн нэгэн өөдөөс харж байгаад амандаа орж ирсэн ямар ч хамаагүй үгээрээ намайг хэлдэг байдал. Хэн нэгэн эмч, багш гэдэг мэргэжлийн сонгосон шиг бид уг нь энэ мэргэжлийг сонгоод явж байгаа. Гэхдээ илүү олон хүний нүдэн дээр байдаг учраас хүмүүсийн янз бүрийн сэтгэгдэлтэй нүүр тулахаас өөр аргагүй болдог.25. Сэтгэлээр унаж, ямар нэгэн зүйл бүтэлгүйтсэн үед яаж сэргэдэг вэ?Б.Халиун: Унтаад босоод ирвэл арай дээрддэг. Ганцаараа, агаар амьсгалаад ч юм уу явж байхдаа бодлоо цэгцэлчихдэг.С.Марал-Од: Боломж нь байвал юу ч хийхгүй амраад унтахыг боддог. Маш их ажилтай байгаад, бүх зүйл давхцах юм бол нөгөө л аргаараа цаасан дээр эсвэл утсан дээрээ бичдэг.26. Хоёр сайн тал, хоёр муу талаа тодорхойлбол?Б.Халиун: Миний сайн тал гэвэл хүний яриаг тасалдаггүй, бас үнэнч. Өөрийгөө магтаж байгаа юм шиг эвгүй юм аа.   Харин миний сул тал бол би жаахан ааштай бас хүнд итгэдэггүй.

С.Марал-Од: Сул талаа эхлээд хэлчихье. Би цаг төлөвлөлт муутай. Засахыг хичээж байгаа ч сая бас л хоцорчихлоо.   Хоёр дахь нь бие султай, амархан ядардаг. Сайн тал гэвэл юманд үнэнгээсээ ханддаг, бас сайхан сэтгэлтэй.

27. Ямар зан чанараа хэзээ ч алдахгүй юмсан гэж боддог вэ?Б.Халиун: Хүн ямар ч нөхцөл байдалд очиж магадгүй. Амьдрал угаасаа төлөвлөгөөний дагуу болдоггүй шүү дээ. Тиймээс ямар ч тохиолдолд хүн чанар гэдэг зүйл бидний дотор байх ёстой. Тиймээс би хүн чанараа гээхийг хүсдэггүй.

С.Марал-Од: Хүн гадаад байдлаа хэчнээн ч удаа өөрчилж болно, эсвэл гоё сайхныг харах өнцөг, үзэл бодол нь ч өөрчлөгдөж болно. Гэхдээ миний хувьд өөрчлөхийг үнэхээр хүсдэггүй зүйл бол зүрх сэтгэл. Хүнийг уучилж энэрдэг уужуу ухаан.28. Хэзээ хамгийн сүүлд гомдсон бэ?Б.Халиун: Хоёр долоо хоногийн өмнө байх аа. Хүнд хэтэрхий их итгэчхээр яг тэр хэмжээгээрээ их гомддог доо.С.Марал-Од: Би сүүлийн хэдэн жил хүнд гомдоогүй. Ямар нэгэн муухай зүйл мэдэрчхээд “За за” гээд уучилдаг ч юм уу, цаадах учир шалтгааныг нь бодохоор хэцүү байсан мэдрэмж арилчихдаг. Бага ангид байхдаа хүнд хамгийн сүүлд айхтар гомдсон юм байна. Түүнээс хойших явдлуудыг би нэг их гомдол гэж хэлдэггүй юм. Гэхдээ саяхан би тэр хүнээ уучилсан.

29. Амьдралд чинь тохиолдсон эргэлтийн цэг хэзээ байсан бэ?Б.Халиун: Тусдаа амьдарч эхэлсэн үе. Өмнө нь хэзээ ч байрны мөнгө төлж үзээгүй, хүнсээ ганцаархнаа цуглуулж үзээгүй байж байгаад тусдаа гарахад би илүү том хүн болсон. Бие даасан хүний амьдралаар амьдарч эхэлснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн.  С.Марал-Од: Манай гурав дахь дүү төрсөн үе байх. Яагаад ч юм мэдэхгүй би гэнэт байдгаасаа хамаагүй илүү их үүрэг хариуцлага, дарамтыг өөртөө өгч байсан. Жаахан хүүхэд байсан байж амьдралдаа анх удаа “Юу хийж, яаж амьдрах билээ” гэж бодож байсан.30. Өнгөрсөндөө очоод нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?Б.Халиун: Өөртөө битгий муухай үг хэлээд бай. Битгий өөрийгөө гомдоогоод бай. Чи яг одоо өөрийнхөө хамгийн сайн хувилбар дээр байгаа, чи хамгийн сайнаараа хичээж байгаа гэж хэлэх байсан.С.Марал-Од: Гэр бүлийнхэндээ айхтар муухай хандаж байгаагүй л дээ, зүгээр л энгийн байдаг. Гэхдээ түүнээсээ байж болох хамгийн эелдгээрээ байж, гэр бүлдээ хатуурхахаа боль гэж хэлэх байсан.Уншигч, сонсогчдодоо зориулан сэтгэлийн үгээ хэлж, хайраа илэрхийлнэ үү.Б.Халиун: Ирдэг бүх гоё сэтгэгдэл бас DM болгоныг би нэг бүрчлэн шалгадаг. Бүх гоё үгийг нь, муу муухайг нь ч уншдаг. Бид хоёрт хайраа өгдөг, дэмждэг, бас бидэнд дургүй бүх хүмүүст баярлалаа.  

С.Марал-Од: Бид хоёрын хийж бүтээхээр зорьж, мөрөөдөж байгаа зүйлсийг харж, хүлээн авч, дэмжиж, хамт байдаг хүн болгонд маш их баярладаг. Бичиж явуулж байгаа гоё мессежүүдийг нь уншаад урам зориг авдаг шүү. Цаашдаа илүү хичээх болно. Илүү сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамт байгаарай, хамтдаа хөгжилдөцгөөе, хамтдаа илүү гоё амьдарцгаая.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...