Та хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах талаар талаар бодож байсан уу? Тэгвэл Ub.life сайт хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлээр дагнан судалдаг, зөвлөх үйлчилгээ болон өмгөөллийн туслалцаа үзүүлдэг хуульчидтай хамтран долоо хоног бүрийн даваа гарагт цуврал нийтлэл хүргэхээр боллоо.
Техник, технологийн хөгжлийг дагаж шинэ дэвшил бий болохын хэрээр хүний хувийн мэдээллийн үнэ цэн өсөж, мэдээллийг хэн их ашиглаж чадсан нь зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж байна. “Цахим-эрин” (Digital-era) гэгдэж буй өнөө үед хэнд мэдээлэл байна түүнд хүч байгааг бид алхам тутамдаа мэдэрч байна.
Таны авахыг хүсэж буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл хормын төдийд Фэйсбүүк дээр чинь гарч ирээд байна уу? Гүүглийн газрын зураг ашиглахад л таны явсан газрын чинь ойролцоох кофе шопын реклам төд удалгүй утсанд тань ирж, Фэйсбүүк дээр гарч ирснийг анзаарч байв уу? Энэ бол зар сурталчилгаанд таны хувийн мэдээллийг ашигласныг илтгэх хамгийн энгийн жишээ юм.
Монгол Улс орчин цагийн шаардлагыг мэдэрч 2021 онд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн баталж, 2022 оны тавдугаар сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл таны хувийн мэдээлэл яагаад хуулиар хамгаалуулах хэмжээний чухал гэдгийг бидний амьдралд өдөр бүр тохиодог таван энгийн жишээгээр тайлбарлая.
Хувийн мэдээлэл бол таны эрхэм чанар, нэр төрийг тодорхойлогч юм
Хувийн мэдээлэл буюу дата гэдэг бол таны “хэн бэ” гэдгийг тодорхойлох “бүх” л зүйл юм. Үүнд, таны нэр, хаяг, ажлын газрын мэдээлэл, нүүр царай, зан байдал, шашин шүтлэг гэх зэрэг тантай холбоотой бүх мэдээлэл багтдаг. Тиймдээ ч өнөө үед нүдэнд харагдаж, гарт баригдах бодит зүйлсээс илүүтэй хувийн мэдээлэл тухайн иргэнийг тодорхойлох хамгийн том хэмжүүр болоод байна. Харин та өөрийгөө хэн гэж тодорхойлох, ямар мэдээллээ бусдад дэлгэх, мэдүүлэх эрх нь гагцхүү мэдээллийн эзэн танд л бий.
Хувийн мэдээлэл дотор тухайн хүний дахин давтагдашгүй эрхэм чанарыг илтгэх мэдээлэл бий. Таны нүүр царай, хурууны хээ, гадаад төрх, зан байдлын хэв шинж зэрэг зөвхөн таныг л тодорхойлох мэдээлэлд дурын этгээд халдан олж авч, таны зөвшөөрөлгүй нийтлээд байвал таны бусдаас ондооших эрхэм чанар, нэр төр тэр хэрээр эрсдэлд орох юм. Харин монголчууд хувийн мэдээллээ хамгаалах тал дээр хойрго, бодит хохирол учраагүй л бол тоодоггүй нь хувийн мэдээллийн үнэ цэнийг бүрэн дүүрэн ухамсарлаагүйтэй холбоотой.
Аливаа хохирлыг мөнгө, бодит хөрөнгөөр хэмжих нь өрөөсгөл юм. Учир нь бодит хохирол учруулахгүйгээр хувийн мэдээллийг ашиглаж болно. Иймд таны хувийн мэдээллийг хэн нэгэн зөвшөөрөлгүй цуглуулж, ашиглаж байгаа нь таны эрхэм чанар, өөрийгөө тодорхойлох эрхэд халдаж байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хувийн мэдээлэл бол орчин цагийн шинэ валют
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл бол орчин цагийн бизнесийн үндсэн хөрөнгө гэдгийг технологийн компаниудын жишээнээс харж болно. Бидний хэрэглэж буй ухаалаг төхөөрөмжүүд болох зурагт, цаг зэрэгт цугларсан их хэмжээний мэдээллийг ашигласнаар зах зээлд түүчээлэх боломж бүтээгдэхүүн хөгжүүлэгч компаниудад үүссэн. Үүний томоохон жишээ нь IoT буюу Internet of Things гэх ойлголт сүүлийн арванд эрчимжсэн. Энэ бол та бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүд юм. Сүүлийн үеийн судалгаагаар IoT-д дэлхий нийт энэ жил л гэхэд 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарсан бөгөөд тэр хэрээрээ ухаалаг бүтээгдэхүүнүүд таны хувийн мэдээллийг алхам тутамдаа цуглуулж бизнестээ ашигласаар байна.
Мөн Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэрэг та бидний өдөр тутамдаа ашигладаг сошиал сүлжээг эзэмшигч Мета компани л гэхэд 2022 онд зар сурталчилгаанаасаа 113 тэрбум долларын ашиг олжээ.
Энэ нь нэг талаас хүмүүс зөвхөн өөрийн онцлог, таалалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл авахыг хүсдэг болсонтой холбоотой. Компаниуд хэрэглэгчдээ гүнзгий танин мэдэж, улмаар тэдний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэж байгаа бөгөөд үүний гол хэрэгсэл нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл билээ. Тэр ч утгаараа хувийн мэдээллийг өнөө цагийн цоо шинэ “валют” гэж хэлж болно. Хэрэв та “валют”-ыг эзний ёсоор захиран зарцуулж, хамгаалахгүй бол өөр хэн нэгэн гартаа оруулж, ашиг орлого олох болно.
Нөгөө талаас хувийн мэдээллийг дан ганц танд зориулж бүтээгдэхүүн гаргахад ашигладаггүй. Жишээлбэл, Фэйсбүүк, Твиттер, Инстаграм гэх мэт сошиал платформын бизнес модель нь хүмүүсийг аль болох олон цагаар дэлгэцийн өмнө байлгахад оршдог. Та тухайн платформыг идэвхтэй ашиглах тусам тухайн компанид очих таны хувийн мэдээлэл зузаарна. Энэ утгаараа технологийн компаниудын гол бүтээгдэхүүн нь хэрэглэгчид өөрсдөө байдаг. "Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласныхаа төлөө ямар нэгэн төлбөр төлөхгүй байгаа бол та өөрөө “бүтээгдэхүүн” гэсэн үг" хэмээх үгийг мартаж болохгүй.
Хувийн мэдээллээ хамгаалуулах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх
Үндсэн хуулиар дан ганц өмчтэй байх, амьд явах, эрүүл байх, сурч боловсрох зэрэг эрхийг л хамгаалдаг гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Хувь хүн өөрийн мэдээллээ хамгаалуулах, мэдээллийн халдашгүй байдлын эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16.13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж заасны дагуу халдашгүй байх эрхэд хувийн мэдээллээ хамгаалах тухай ойлголт ч багтаж буй юм. Мөн 16.17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж ч мөн заасан байдаг. Нийгмийн харилцааг зохицуулсан суурь хууль болох Үндсэн хуулиар хүний хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн хохирлоо барагдуулахыг салбар хуулиудаар зохицуулсан байдаг. Иймд дурын хэн нэгэн таны мэдээллийг цуглуулж, боловсруулж, өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашиглах эрхийг өгч, үндсэн эрхээ зөрчүүлсээр байх уу?
2018 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Европ даяар мөрдөгдөж буй GDPR буюу “Хувийн мэдээлэл хамгаалах ерөнхий журам”-д зааснаар хүний хувийн мэдээллийн зөрчил гаргасан этгээдийг 20 сая евро эсвэл дээд тал нь жилийн орлогынх нь 4%-р торгох шийтгэлийг оноодог. Монгол Улсад ч мөн адил хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашигласан, хувь хүний эмзэг мэдээлэл буюу хувийн нууцад халдах, зөвшөөрөлгүйгээр задруулах гэмт хэрэг, зөрчлүүдэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгох, бүр цаашлаад 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг. Ийнхүү бусдын хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй халдсан хэнд ч болов хатуу шийтгэл оногдуулж байгаа нь хүний хувийн мэдээллийг үндсэн эрхийн түвшинд үзэж, хамгаалж буй хэрэг юм. Таны хувийн амьдрал, хувийн орон зай халдашгүй байх нь хувийн мэдээлэлтэй салшгүй холбоотой ба өнөө үед эрхэмлэх ёстой нэн чухал эрх гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, анхаарах цаг иржээ.
Таны мэдээллийг хэн ч, юунд ч ашиглаж болно
Жирийн нэг дэлгүүрийн худалдан авалтаас эхлээд улс төрийн шийдвэр гаргахад хүртэл таны мэдээллийг ашиглаж, гартаа оруулсан мэдээллээр дамжуулан танд нөлөөлж болзошгүй юм. Фэйсбүүк, Амазон, Гүүгл зэрэг дэлхийн томоохон платформууд таны хувийн мэдээллийг цуглуулж “targeted audience” буюу зорилтот хэрэглэгчийн профайл үүсгэж бүтээгдэхүүнээ борлуулдаг талаар дээр дурдсан. Харин таны мэдээллийг сонгууль гэх мэт амин чухал шийдвэрт нөлөөлөх зорилгоор цуглуулдаг гэдгийг мэдэх үү? Улстөрчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүмүүс, сонгуульд нэр дэвшигчид асар их хэмжээний хувийн мэдээллийг багц болгон цуглуулж, улмаар түүнд тулгуурлан улс төрийн кампанит ажил, сурталчилгаа, мэдээлэл түгээх замаар иргэдийн шийдвэрт нөлөөлдөг. Иймээс таны мэдээллийг хэн, хаана, юунд ашиглаж байгааг бүрэн хянах боломжгүй тул мэдээлэлдээ харам байж, хамгаалах нь хамгийн зөв үйлдэл юм.
Мэдээллээ задруулснаар цахим гэмт хэрэгтнүүдийн олз болно
Хувийн мэдээллээ хамгаалах, чухалчлах бас нэгэн том шалтгаан бол цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх явдал юм. Хувийн мэдээллээ шүүлтүүргүйгээр цахим орчинд нийтлэх нь таныг олон талаар эрсдэлд оруулах боломжтой. Тухайлбал, байгаа газрынхаа мэдээллийг сошиал сүлжээнд байнга нийтлэх, банкны дансны дугаараа ил зарлах, эд хөрөнгө, гэр бүлийн байдал зэргээ нээлттэй байршуулах нь цахим гэмт хэргийн золиос болоход хүргэдэг. Хувийн мэдээллээ цахим орчинд дэлгэсэн даруйд таны мэдээлэл хувийн нууц байхаа больж, дурын хүн интернэтээс хайж олох боломжтой болох юм. Тэдгээр мэдээллийг гэмт этгээдүүд хэзээ, хэрхэн ашиглахыг таашгүй шүү дээ.
2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад кибер аюулгүй байдлын эсрэг нийт 187 хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөж буйг харуулж байна. Аливаа платформ, вэбсайтад сул нууц үг оруулах, нэг нууц үгийг давтан ашиглах, регистрийн дугаар, хаягийн мэдээллээ юунд ашиглах нь мэдэгдэхгүй этгээдэд дамжуулах зэрэг нь та өөрийнхөө талаарх мэдээллээ бусдад ашиглуулах эрсдэлийг нэмнэ. Жишээ нь, утасны дугаараа олон нийтийн сүлжээнд задруулах нь цахим гэмт хэргийн хохирогч болох цаашлаад гэмт этгээд таны биометрик мэдээллийг тань ашиглан бусдыг “catfish” хийж залилахыг ч үгүйсгэхгүй юм. Хувийн мэдээллээ бодлогогүйгээр задруулах нь гэмт этгээдүүдэд бэлэн өгөөш өгч байгаагаас ялгаагүй юм.
Хувийн мэдээллээ хамгаална, датагаа бусдад дамжуулахгүй байна гэдэг нь бидний төсөөлдөг шиг кибер гэмт хэрэг, хакертай л холбоотой зүйл биш юм. Харин та бидний өдөр тутамдаа анзааралгүй хийдэг энгийн жижиг үйлдлүүд гэдгийг сануулъя.
Хэдийгээр Монгол Улсад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдаж, хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн ч мэдээллийн хамгийн гол хамгаалагч нь та өөрөө гэдгийг мартаж болохгүй билээ.
Нийтлэлийг бэлтгэсэн: Өмгөөллийн "Номин энд Адвокатс" ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч Б.Амарбат