Өнгөрсөн жил Дисней студи “Карибын тэнгисийн дээрэмчид” франчайзыг сэргээх эсэх дээр шүтэн бишрэгчид найдлага тавиад байсан юм. Харин нэрт жүжигчин Жонни Депп дахин ахмад Жек Спарроугийн дүрээр эргэн ирэх тухай цуу яриаг өнгөрсөн зун үгүйсгэсэн билээ. Гэсэн хэдий ч Дисней студийн кино продакшны ерөнхийлөгч Шон Бэйли саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа арай өөр зүйл ярьжээ.

“Карибын тэнгисийн дээрэмчид” нь үзэгчдийн хамгийн ихээр хайрлагдсаар ирсэн кинонуудын нэг. 2020 онд тус студиээс Марго Робби кинонд дүр бүтээнэ гэж мэдэгдсэн ч 2022 оны сүүлчээр больсон тухай мэдэгджээ. Харин одоо Дисней тус киног үргэлжлүүлэх талаар дахин ярилцаж, Деппийг франчайз руу буцаах боломжийн талаар хэлэлцэж байгаа бололтой. Шон Бэйли Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа тус киноны дараагийн ангид юу байж болох талаар хуваалцжээ. Тэрээр Деппийг дүрдээ эргэн ирнэ хэмээн батлаагүй ч түүнд хаалгаа нээлттэй байгаа гэж хэлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд франчайзын продюсер Жерри Брукхаймер жүжигчин Жонни Деппийг төслүүдийн нэг хэсэг болгон эргүүлэн авахыг хүсэж байгаагаа хэлж байсан. Тэрээр мөн Марго Робби болон бусад залуу жүжигчидтэй хамтран хийж болох хоёр шинэ төсөл байгааг баталж, ирээдүйд тэрхүү төслүүдийг кино болгон гаргахыг хүсэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Тэгэхээр бид Жонни Деппийг дахин Жек Спарроугийн дүрээр харна хэмээн найдах л үлджээ.
Эх сурвалж: hypebeast.com
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин