Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Book & Movieholics | "Хүй" буюу “The Cord of Life” киноны шүүмж


Найруулагч Циао Сишүэ анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Cord of Life” буюу “Хүй” киногоо 35 дахь удаагийн Токио олон улсын кино наадам дээр анх толилуулжээ. Харин 2023 оны 6 сарын 7-нд уг бүтээл Алтан өргөө олон улсын кино наадмын нээлтийн үзвэр болж, монгол үзэгчдийн хүртээл боллоо. Циао Сишүэ нь Өвөр Монголын буйдхан сууринд төрж өссөн бөгөөд өдгөө Хятадад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй залуу уран бүтээлч эмэгтэй билээ.

Алус гэх амжилттай яваа хөгжимчин залуу алцхеймерийн өвчтэй ээжийгээ эргэхээр Бээжингээс Өвөр Монгол руу буцна. Ах нь арга баран, алцхеймерийн өвчтэй ээжийгээ давчуу өрөөнд хорьж, буруу зөрүү үйлдэл бүрд нь бухимдан унтууцах аж. Ийнхүү Алус ээжийгээ гэрт нь аваачхаар шийдэж, Өвөр Монголын уудам тал нутагтаа буцжээ. Гэвч ээж нь Алусын үл мэдэх өөр нэгэн гэрийг үгүйлэн, хайсаар байх аж.

Өнгө тавилт, хөгжим, зургийн планууд нь киноны хүүрнэлт чанарыг төгөлдөржүүлжээ. Эгэл ахуйг буй байгаагаар нь үзүүлэх боловч түүний яруу, үлгэрлэг шинж байдлыг ч тодотгон үзүүлж дөнгөжээ. Хотын цэнгээний газар, уур унтуу буцалсан харанхуйвтар орон сууцнаас уудам тал нутгийн зураглал руу шилжихэд зөвхөн Наранзүг ч бус, үзэгчдийн сэтгэл ч тайвшрахаар байв. Кино нь бүхэлдээ road movie төрөлд хамаарч болох бөгөөд хүрсэн цэг бүрдээ соёл, ёс заншлыг хүчлэлгүйгээр шингээж өгчээ. Урна Чахартугчигийн дуунууд хөдөө нутгийн байгалийн зураглалтай нягт зохицож, ардын дуу бүжиг, зон олных нь яриа хөөр, эгэл ахуй зэрэг нь Наранзүгийн юунд тэмүүлж буйг үзэгчдэд аажим аажмаар ойлгуулж байлаа.

Кинонд эх, үрийн холбоо, өв соёл, урлаг, хүн хоорондын нарийн нандин харилцаа гэх мэт олон сэдэв хөндөгджээ. Эдгээрээс гадна Циао Сишүэ найруулагч “гэр” хэмээх ойлголтыг кинондоо маш урнаар шигтгэсэн байв. Киноны туршид ээж Наранзүг нь том хүүгийндээ ч, Алусын аваачсан хуучин байшиндаа ч гэртээ байгаа мэт мэдрэмжийг авсангүй, өөр нэгэн гэрийг хайсаар байлаа. Гэр гэж бодмогц хүн бүрийн ой тойнд өөр өөр зүйл харван буудаг, хүмүүс, үнэр, хоол, эд юмс, тодорхой нэг байршил, хэвтэх төдийд хорвоо дэлхийн хэцүү бүхнээс хамгаалагдсан мэт болж сая нэг амьсгаа авдаг буйдан гээд л… Наранзүгт гэр гэмэгц санаж үгүйлэх, хүсэмжлэн тэмүүлэх тийм нэг тов тодорхой зүйл байсан. Харин Алусын хувьд гэр гэж яг юу вэ гэдэг нь үл мэдэгдэх боловч кино өрнөх тусам тэр аажим аажмаар “гэртээ ойртож” байсан нь уран гоё эсрэгцэл хийгээд зохирол болжээ. Наранзүг алцхеймер өвчтэй, хүүхэд мэт аяглах боловч киноны турш хүүгээ замчлан чиглүүлсэн байв. Түүний гэртээ тэмүүлэх тэмүүлэл нь хүүгээ өөрийн гэсэн гэрээ олох эхлэлд хөтөлж байлаа.

[Spoiler Alert] “Хүй” киноны нэгээхэн гоё зүйл нь бэлгэдэл зүй байв. Ээжийгээ төөрөх, ус руу унах зэргээс сэргийлэн өөртэйгөө холбон олсоор уядаг нь эх, үрийн хүйн холбоог бэлгэдэж байлаа. Төрөхөд нь огтолдог хүй бус, сэтгэл зүрх, оюун санааны хүйг уг кинонд ийн бэлгэджээ. Алцхеймер өвчтэй, дураар аяглах Наранзүгийн хөгжмийг гэх хайр, эрх чөлөө сэнхийлгэх аядуун дулаан инээмсэглэл хүүд нь ч, үзэгчдэд ч жаргал баясал бэлэглэж, тайвшруулж буйг бэлхнээ анзаарч болно. Үр нь эхийнхээ төлөө сэтгэл чилээж, баяр жаргалд нь дагаж баясдагийг бид урлагийн бүтээлүүдээс эсрэгээр нь л ихэвчлэн хардаг. Тэгвэл эх, үрийн сэтгэлийн хүйг үрийнх нь талаас хөвөрдөж бас огтолж үзүүлснээрээ “Хүй” кино онцлог байв. Алус сэтгэлийнх нь хүй цөглөхөд хэдий хугацаа орохыг мэдэхгүй ч наран зүг алхсаар кино төгсдөг нь тэрээр түм түжигнэсэн хотоос олоогүй нэгэн асуултынхаа хариултыг аль хэдийнэ олсон мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж, сэтгэлийг нь саруусгана. 

Мөн киноны нэгээхэн бэлгэдэл нь ганц мод байв. Ганц модны зүйрлэлийг маш олон кинонд ашигладаг. “1917”, “Landscape in the Mist”, “Sacrifice”, “Virgin Spring” тэргүүтэй кинонуудад ганц модыг хүрэх цэг, ганцаардмал нэгний хань хамсаа, эцэг эх, оршихуйн үндэс болгон бэлгэддэг. Харин Алусын хүрч очдог ганц мод түүний хүсэл зорилгын бэлгэдэг байсан шиг санагдлаа. “Хөгжмийг би хаана ч хийнэ” гэж итгэлтэйхэн хэлэх түүний хүсэл зорилго үндэс рүүгээ бөхийж, язгуур чанараа дахин таних аян замын ихэд биежин батажсаныг үүгээр илэрхийлсэн шиг.

Харин бичвэрийн энэ хэсэг илт субъектив шинжтэйг шуудхан хэлье. Франц кинонд гуниг гансралыг чамин гоё харуулдаг. Гэвч өглөө бүр кафед сууж, кофе уунгаа сонин уншиж, тамхи баагиулан гуних нь бидний дийлэнх олонхийн хувьд бага зэрэг хол. Аливаа улсын киноноос тухайн ард түмэн яаж гуньж гансардагийг тодруунаар харж болдог. Гэхдээ монгол киноноос монгол хүн хэрхэн гуньдагийг тод томруунаар харсан удаа үгүй. Харин “Хүй” кино гуньж гансрах тусмаа элгэн садан, хот айл руугаа улам тэмүүлдэг “бидний л гэж болох” уй гунигийг харуулж чадлаа гэж хэлмээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.09.02
"Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын шүүмж
2
2023.04.17
Book & Movieholics: Ажихуйн гоо
3
2022.12.26
Хоёр Д ба хайр татам Неллинүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.