Хайх зүйлээ бичнэ үү

23 мин

Номин энд Адвокатс: Иргэд асуудал хүндрэхээс өмнө хууль зүйн зөвлөх үйлчилгээ авч хэвшээсэй гэж хүсдэг


Дотоодын компани, хуулийн этгээдүүд төдийгүй гадны үндэстэн дамнасан корпораци, санхүүгийн байгууллагуудад хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч "Номин энд Адвокатс" фирмийн хуульчдыг энэ удаа урилаа.

Бидний яриа цалин хөлс, ээлжийн амралт, хөдөлмөрийн гэрээний хугацаа зэрэг ажил эрхлэлттэй холбоотой иргэн бүрийн мэдвэл зохих хуулийн шинэчлэлээс авхуулаад хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, татвар, компанийн эрх зүй зэрэг зэрэг өргөн хүрээг хамарсан юм. Ингээд "Номин энд Адвокатс" ХХН-ийн удирдах партнер, хуульч, өмгөөлөгч Б.Гал-Ариун, партнер, хуульч, өмгөөлөгч Б.Амарбат нартай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 


- Ярилцах саналыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхэн юун түрүүнд өмгөөллийн "Номин энд Адвокатс" хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн талаар танилцуулаач?

- Г: Манай хуулийн фирм 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдий байгуулагдаад удаагүй ч Legal 500 – Asia Pacific олон улсын зэрэглэл тогтоох жагсаалтад 2021 онд Tier 2 гэсэн ангилалд багтаж чадсанаараа бахархдаг. Үүнд багтахын тулд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, мэргэшсэн хуульчидтай байхаас гадна ажиллаж байсан томоохон төсөл, үйлчлүүлэгчид зэргийг нь мөн харгалзаж үздэг л дээ.

Бид гол төлөв бизнесийн чиглэлээр хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэр дундаа бизнес-худалдааны эрх зүй, компанийн эрх зүй, татварын маргаан, үнэт цаасны эрх зүй, хүний хувийн мэдээлэл хамгаалах зэрэг хэд хэдэн салбар эрх зүйгээр мэргэшихийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдүүдэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Эдгээрээс жишээ аваад компанийн эрх зүйн талаар ярья л даа. Компани байгуулахад үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчдын хооронд хийдэг тохиролцоо, хөрөнгө оруулалтаа гаргаж авах хугацаа гээд олон зүйл дээр хуулийн нарийн зохицуулалт шаардлагатай байдаг. Цаашлаад хувьцаа худалдах, худалдан авах, шилжүүлэх, бусдад бэлэглэхтэй холбогдсон эрх, үүрэг, гэрээнд нэмэлтээр тусгаж болох нөхцөлүүдтэй холбоотой асуудалд бид зөвлөдөг. Товчхондоо, компани худалдаж авах, компаниуд нэгдэх, нийлэх, хуваагдах, хувьцаа худалдах гэх мэт компанийн үйл ажиллагаатай холбогдсон бүхий л явцад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. 

Өмгөөллийн "Номин энд Адвокатс" ХХН-ийн удирдах партнер, хуульч, өмгөөлөгч Б.Гал-Ариун

- Танай хуулийн фирм юугаараа онцлог, давуу вэ? 

- Г: Хуулийн фирмүүд үйл ажиллагаанаасаа, туршлагаасаа хамаараад харилцан адилгүй л дээ. Зарим нь зөвхөн цаасан дээр байгаа хууль тогтоомжийг судлаад, тэр хүрээндээ зөвлөгөө өгдөг. Гэтэл салбартаа олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай компаниуд хуулиа мэддэг, судалчихсан байдаг. Өмнө нь өөр хуулийн фирмээс зөвлөгөө автал хуулийн заалтуудыг бичээд өгчихсөн байна. Бид үүнийг мэдэж байгаа, гол нь цаашид яах вэ гээд манайд хандаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Гол асуудал нь хууль зүйн гаргалгаа, боломжийг сайн эрэлхийлэхгүй байгаад болов уу гэж бодож байна. Учир нь практик хэрэгжилт яг хуулинд бичсэнээр хэрэгжихгүй байх тохиолдлууд бий. Иймд манай фирм хуулийн зохицуулалтаас гадна практик хэрэгжилт, шүүхийн шийдвэрийг судалж үзсэний үндсэн дээр тухайн бизнесийн онцлог, эцсийн хүрэх зорилго, тулгарсан асуудалд нь нийцэх хууль зүйн гаргалгааг хийж өгдгөөрөө онцлог юм. 

Манай фирм тухайн бизнесийн онцлог, хүрэх эцсийн зорилго, тулгарсан асуудалд нь нийцэх хууль зүйн гаргалгааг хийж өгдгөөрөө онцлог.

- Иргэд аман хэлцэл хийдэг, аливаа эрх зүйн харилцаанд орохоосоо өмнө хуульчдаас зөвлөгөө авдаггүйгээс үүдэн хохирол амсах нь элбэг. Тэгвэл энэ эрсдэлээс хэрхэн зайлсхийх вэ?

- А: Монголчуудын хууль зүйн үйлчилгээ авах соёл, хандлага бусад улсаас ялгаатай. Гэр бүлээ салгуулах, үл хөдлөхөө алдахдаа тулсан үедээ одоо яах вэ гээд хуульчид хандах нь элбэг. Энэ бол өвчнөө оношлуулахгүй олон сар жил явж байгаад эцсийн шатанд орсон хойноо эмчид хандаж байгаатай адил юм. Хүндэрсэн өвчнийг эмчлэхэд хэцүү байдаг шиг асуудал хүндэрсний дараа хуульчид хандах нь цаг хугацаа, зардал ихээхэн шаардахаас гадна асуудлыг өөрийн талд шийдэхэд амаргүй. Тиймээс бид consulting буюу хууль зүйн зөвлөх үйлчилгээг хүмүүс авч хэвшээсэй гэж хүсдэг. Хувь хүн, компаниуд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхдээ анхнаасаа хуульчаас зөвлөгөө авбал ямар нэгэн эрсдэл, хохирол амсахгүй байх, эрсдэлээ хязгаарлах бүрэн боломжтой. Гэтэл бид хууль зүйн зөвлөгөөг зардал гэж хардаг. Бодит байдал дээр иргэд огт зардал гаргахгүй байна гэж байхгүй. Ганцхан аль зардлыг сонгохоо л шийдэх сонголтын асуудал юм. Хуульчдаа зохих ёсоор төлбөрийг нь төлөөд бүх ажлаа ном ёсоор нь хийх үү эсвэл хуульчийн зардлаа хэмнээд дараа нь илүү их хохирол амсаж болзошгүй эрсдэл үүсгэх үү гэдгээ сонгоно гэсэн үг. 

- Танайд хандаж буй иргэн, албан байгууллагууд өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээний алийг нь түлхүү авч байна? 

- Г: Дийлэнх нь зөвлөх үйлчилгээ авахаар ханддаг бөгөөд ойролцоогоор 30 орчим хувьд нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Ер нь хуулийн фирмийн үйлчилгээ олон улсад тодорхой ангилалтай байдаг. Нэг талаас Consulting service буюу зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, нөгөө талд Litigation буюу хэрэг маргаан дээр ажилладаг хуулийн фирмүүд гэж бий. Манай улсын хувьд зах зээл жижиг учраас зөвхөн зөвлөх үйлчилгээ эсвэл зөвхөн өмгөөллөөр дагнаж үйл ажиллагаагаа хязгаарлах хэцүү л дээ. Тиймээс манай фирм аль алийг нь хослуулан ажилладаг. 

А: Баруунд хуульчдын мэргэшил маш нарийн байдаг. Тухайлбал, зөвхөн дампуурлын эрх зүйгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг хуульч бий. Харин манайд ерөнхийлөх хандлагатай. 

Өмгөөллийн "Номин энд Адвокатс" ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч Б.Амарбат

Жишээ нь, манайд хуульчдыг, хуулийн фирмийг Иргэний, Эрүүгийн, Захиргааны гэсэн үндсэн гурван салбар эрх зүйгээр мэргэшдэг юм байна гэж ойлгох гээд байдаг. Тэгтэл иргэний эрх зүй дотроо гэр бүлийн, үл хөдлөх эд хөрөнгийн, компанийн эрх зүй гэхчлэн салбарлах жишээний. Захиргааны эрх зүйг бас л ерөнхийд нь авч үздэг. Гэтэл дотор нь газар, татвар, төрийн албатай холбоотой хууль, эрх зүйн харилцаанууд багтдаг. Тийм учраас салбар эрх зүй дотроо нарийвчлан мэргэших шаардлагатай гэж бид үздэг. Тиймдээ ч бид хуульчаасаа авхуулаад дадлагын оюутнаа ч гэсэн тодорхой чиглэлээр мэргэшүүлэх бодлогыг баримталдаг. Хуульч, өмгөөлөгчид маань өдөр тутмын ажлын хажуугаар онолын мэдлэгээ зузаатгах, мэргэшиж буй чиглэлээрээ практик, шүүхийн шийдвэрийг уншиж судлаад явдаг. 

“Туршилтын хугацааг үндэслэлгүйгээр сунгаж ажилуулах тохиолдол их байна”

- 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн маргаан нэмэгдсэн гэж сонссон. Та бүхний ажигласнаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой ямар түгээмэл асуудлууд үүсэж байна вэ? 

- Г: Юун түрүүнд “туршилтын хугацаа” хэмээх ойлголтын талаар ярьмаар байна. Анх ажилд авахдаа гурван сар туршилтаар ажиллуулна гэсэн атлаа хугацааг дахин хүчээр сунгаж байгаа ажил олгогчид их харагддаг. Бүр цаашлаад үндсэн ажилтан гээд биш ээлжийн амралтыг нь өгдөггүй. Ажиллаж буй залуус хуулиа мэдэхгүйгээс болоод бүтэн жил шахам үндсэн ажилтан болохгүйгээр бага цалинтай ажиллаж хохирдог. Тэгээд туршилтын хугацаа дуусангуут нөгөө хүнээ халаад дараагийн “хохирогч”-оо сонгодог компаниуд олон. Тэгвэл туршилтын хугацааг олон сунгаж болох юм уу гэдгийг харах хэрэгтэй. Хуульд зааснаар туршилтын хугацааг нэг удаа гурван сараар сунгаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр туршилтын хугацаа 6 сараас хэтэрч болохгүй байх нь. 

- А: Хуучин хөдөлмөрийн хууль мөрдөгдөж байхад бидний ажилласан нэг кэйсийг жишээ болгомоор байна. Тухайн үед бид ажил олгогчийг өмгөөлж ажилласан бөгөөд гол маргаан нь хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой байв. Ажил олгогч, ажилтан нар анх хоёр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тав зургаан удаа нэг жилээр гэрээгээ сунгасан байж. Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ нь цаашид сунгагдаад явна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ажил олгогчийн талаас гэрээний хугацаа дуусаж цааш сунгах үндэслэл байгаагүй тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Үүнээс болж маргаан үүссэн. Шүүхийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд хугацаа тогтоох үндэслэл байсан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр маргааныг шийдвэрлэсэн. 

Үүнтэй холбоотойгоор шинэ хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зургаан үндсэн үндэслэлийг зааж өгсөн. Үүнд, өмнө дурдсан дагалдан болон туршилтын ажилтны хөдөлмөрийн гэрээнд, улирлын шинжтэй, ажлын байр нь хадгалагдаж буй ажилтны оронд ажиллаж байгаа тохиолдолд, түр ажлын байранд, санхүүжилт болон хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил (жишээ нь, төсөл) бол хөдөлмөрийн гэрээнд хугацаа зааж болно. Үүнээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг. 

Туршилтын ажилтан үндсэн ажилтантай адил хэмжээний, дагалдан ажилтан 70 хувиас багагүй цалин авна гэж хуульд заасан.

- Байгууллагууд ихэвчлэн туршилтын ажилтандаа бүтэн цалин өгдөггүй шүү. Хуульд энэ талаар тодорхой зохицуулалт бий юу? 

- А: Туршилтаар ажиллаж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, туршилтын ажилтан үндсэн ажилтантай адил хэмжээний цалин авах ёстой. Гэхдээ туршилтын ажилтанг дагалдан ажилтнаас салгаж ойлгох хэрэгтэй. Учир нь дагалдан ажилтны цалин нь үндсэн цалингийн 70 хувиас бага байж болохгүй гэсэн байдаг. 

- Сая дурдсанаас гадна иргэд шинэчлэгдсэн Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ямар ямар зохицуулалтыг зайлшгүй мэдэх хэрэгтэй бол? 

А: Хөдөлмөрийн тухай хууль 2022 онд шинэчлэгдсэнээр дагалдан болон туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээг тус тусад нь хийдэг болсон. Үүн дээр байгууллагууд ямар алдаа гаргадаг вэ гэхээр тухайн ажилтныг эхэлж дагалданаар авч хэдэн сар ажиллуулчихаад дараа нь туршилтаар ажиллуулдаг. Дагалданаар ажилсан ажилтантай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хуульд заасан байдаг. Тэгэхээр шинэ ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулаад зургаан сар хүртэлх хугацаанд ажиллуулж, ажлын байрны шаардлагыг хангаж байна гэж үзвэл жинхлэх, хангахгүй байвал гэрээнд тусгасан хугацааг дуустал ажиллууснаар тэр харилцаа дуусах ёстой. 

- Тэгвэл дагалдан болон туршилтын ажилтан юугаараа ялгагдах вэ? 

- А: Тухайн ажлын байрын шаардлагыг хангаж буй эсэхийг шалгах зорилгоор ажиллуулж байгаа тохиолдолд туршилтын ажилтан гэж үзнэ. Харин дадлага туршлагатай ажилтныг дагалдуулан тухайн ажлын байранд сурган авч байгаа бол дагалдан ажилтан юм. 

- Ажиллаж байгаад хугацаат цэргийн алба хаахаар явбал ажлын байрыг нь хадгална гэсэн байна. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй байх. 

-  А: Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний ёсчлон биелүүлэх үндсэн дөрвөн үүргийн нэг нь эх орноо хамгаалах, хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаах юм. Тэгэхээр хуулиар оноосон үүргээ биелүүлж цэргийн албанд явж байгаа тул халагдаад иртэл нь ажлын байрыг хадгалах ёстой.   

Г: Мөн практик дээр ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан болон цалин хөлстэй холбоотой маргаан түгээмэл гардаг. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль эсвэл гэрээнд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзвэл үндэслэн болон ажлаас халсан тухай албан ёсны тушаал, шийдвэрийг нарийн харах ёстой. Хөдөлмөрийн тухай хууль ажилтаны эрх ашгийг давуу хамгаалсан байдгийг иргэд төдийлөн мэддэггүй учраас ажлаасаа халагдсан иргэд эрх ашгаа хамгаалж гомдол гаргахаас илүүтэй дараагийнхаа ажлыг хайдаг. 

Дагалданаар ажилсан ажилтантай дахиж туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй.

- Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзвэл хохирлоо барагдуулах хүртэл шинэ ажилд орохоо харзнана гэсэн үг үү? 

- А: Гомдол гаргасны дараа шинэ ажилд ороход асуудалгүй л дээ. Хэрэв шүүхээс үндэслэлгүйгээр халагдсан байна гэж үзвэл өөр ажилд орсон ч гэсэн хуучин ажлаасаа халагдсанаас хойшхи хугацааны цалинг хуучин ажил олгогч нь бүрэн нөхөж олгодог. 

- Шинэ ажилд ороод бүтэн жил ажиллаж байж ээлжийн амралтаа авна, тэрнээс өмнө ажлаасаа гарвал амралтын мөнгө авахгүй гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байх шиг. Үүнийг та тодруулж өгөөч?

- Г: Өмнөх хуульд ээлжийн амралт авах хугацаанд тодорхой заагаагүйн улмаас байгууллагын дотоод журмаар зохицуулдаг байсан бөгөөд ихэнх байгууллага нэг жил гэж заасан байдаг. Харин шинэчлэгдсэн хуулиар 6 сар ажиллаад ээлжийн амралтаа авах эрх үүсдэг болсон. Хууль ёсоор ажилтан ажилласан жилээсээ хамаараад багадаа 15 ба түүнээс дээш хоног амрах эрхтэй. Гэтэл тухайн иргэн ээлжийн амралтаа авахгүйгээр хагас жил ажиллаад ажлаасаа гарсан бол ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгөө бодуулж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, 7.5 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг авна гэсэн үг.


- Хөдөлмөрийн харилцаатай уялдаатай өөр нэг асуудал бол татвар шүү дээ. Байгууллагад харьяалагдаж ажилладаг иргэдийн хувьд татвар, шимтгэлийг цалингаас шууд хасагддаг болохоор татвараа бие даан тайлагнах шаардлагагүй гэж ойлгож байгаа. Тэгвэл цалингаас гадуур нэмэлт орлоготой иргэд яах ёстой вэ? 

- А: Шинэчлэгдсэн татварын багц хууль 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн. Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй ижилтгэх орлогыг ажил олгогч тал нь суутган төлдөг. Цалин, хөдөлмөрийн хөлс гэж юуг хэлээд байна вэ гэхээр байнгын ажлын байр, тогтмол үйл ажиллагааг хэлж буй. Тэгэхээр тогтмол бус үйл ажиллагаанаас олсон орлогоо яах вэ гэдэг асуудал үүснэ. Тогтмол бус ажил эрхэлж нэмэлт орлого олсон бол иргэн өөрөө орлогоо тайлагнаж, татвараа төлөх үүрэгтэй. 

- Тэгвэл компанийн татварын тухайд? 

- Г: Компанийн татварын тухай зарим нэг маргаантай зүйл бий. Жишээ нь, татвараа төлөх ёстой хугацаандаа төлөөгүй, эсвэл дутуу тайлагнасан бол заасан хугацаанд багтаан төлнө үү гэсэн акт буюу шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргах ёстой. Гэтэл бодит байдал дээр хуулийн дагуу акт гаргаагүй атал иргэн, хуулийн этгээдийн данснаас шууд мөнгийг нь суутгадаг, дансыг нь битүүмжилдэг.  Энэ бол шийдвэр гаргах шатыг алгасаад шууд мэдэгдэл очиж байна гэсэн үг. Энэ нь иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл юм. Үүн дээр бид “Нээлттэй нийгэм форум”-ын төслийн хүрээд судалгаа хийж байгаа. Тулгамдсан асуудлыг хөндсөн болохоор үр дүнтэй, сонирхолтой үр дүн гаргах болов уу гэж найдаж байна.  

- Сүүлийн жилүүдэд хувийн бизнес, старт ап эрхлэгчид нэмэгдэж буй. Үүнийг дагаад компанийн эрх зүйн консалтингийн эрэлт ихэссэн байх. Хуульчийн хувьд та компани байгуулж, бизнес эхлүүлэх гэж буй хүмүүст нэн тэргүүнд юу зөвлөх вэ?

-  Г: Нэгэн иргэн сонирхсон компанидаа хөрөнгө оруулалт хийжээ гэж бодъё. Гурван жилийн дараа хөрөнгө оруулалтаа 100 хувь буцааж авна гэсэн тохироотойгоор хөрөнгө оруулалт хийж. Иргэд гаргах хувьцааныхаа төрлийг зөв сонгоогүйн улмаас асуудал үүсэх нь олонтаа. Үүн дээр иргэдийн гаргадаг түгээмэл алдаа нь ямар төрлийн хувьцаа гаргах уу гэдэг дээр анхаардаггүйгээс үүдэж болно. Компани анх энгийн хувьцаа гаргаад хөрөнгө оруулагч энгийн хувьцаа худалдаж авсан бол 2-3 жилийн дотор хөрөнгө оруулалтаа бүрэн буцааж авах боломжгүй. Яагаад гэвэл энгийн хувьцааны 25 хувийг л худалдаж, хөрөнгө оруулалтаа гаргаж авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ талаар анхнаасаа хуульчтай зөвлөлдөж, энгийн хувьцаа эсвэл давуу эрхийн хувьцаа гаргах уу гэдгээ сонгох хэрэгтэй. Түүнчлэн компани ТУЗ-тай байх эсэх, хувьцаа эзэмшигчийн хурлаар ямар асуудлуудыг шийдвэрлэх, ТУЗ-ийн хурлаар ямар асуудлыг шийдвэрлэх юм, гүйцэтгэх захирал нь хэдий хэмжээний төгрөгийг захиран зарцуулах эрхтэй байх вэ гэх мэт олон асуудлыг эхнээс нь хуулийн хүрээнд цэгцлэх нь чухал юм. 

Хуулийн дагуу акт гаргаагүй атал иргэн, хуулийн этгээдийн данснаас шууд мөнгийг нь суутгадаг, дансыг нь битүүмжилдэг. Энэ нь иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл юм.

- Танай үйлчлүүлэгчдийн олонх нь гадаадын хөрөнгө оруулагч, үндэстэн дамнасан компаниуд байдаг гэж та түрүүнд дурдсан. Тэд ихэвчлэн ямар төрлийн хууль зүйн үйлчилгээ авдаг вэ? 

- Г: Цахилгаан барааны гэдгээр нь бид сайн мэдэх Японы Sharp компани манай үйлчлүүлэгчдийн нэг. Тус компани Монголд эрчим хүчний төсөл хэрэгжүүлдэг. Энэ төсөл дээр манай хуулийн фирм компанийн эрх зүйн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Түүнчлэн Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Монгол Улстай холбоотой бүхий л хууль зүйн асуудалд дотоодын хуульчаар ажиллаж байна. 

Гадны орнуудад эрх зүйн салбар нь хөгжингүй, олон зуун жилийн түүхтэй тул зохицуулалт нь ч дагаад тун нарийн. Харин манайд шинэ хууль, шинэчилсэн найруулгууд одоо л олон улсын стандартад нийцэж, жигдэрч эхлээд байна. Тийм болохоор гадны компаниуд нарийн зохицуулалтуудыг асуудаг. Жишээ нь, манай улсад ийм ойлголт байдаг. Бид энэ ойлголтынхоо дагуу Монголд ийм гэрээний нөхцөлтэйгээр үйлчилгээ санал болговол хуульд нийцэх үү гэж асуух жишээний. Монгол компаниудын хувьд дотоодын хууль тогтоомжтойгоо нийцүүлдэг болохоор тулгамддаг асуудал нь харьцангуй ерөнхий шинжтэй байдаг. 

- Гадны хөрөнгө оруулагчдыг татахад хууль эрх зүйн орчны тогтвортой байдал чухал нөлөөтэй болов уу. Гадныхан Монголд үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулахад хууль зүйн талаас хүндрэл учруулахуйц асуудлууд хэр их тохиолдож байна? 

- Г: Энэ бол ярих зүйл ихтэй, өргөн хүрээний сэдэв. Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад тогтвортой бодлого, хууль зүйн орчны тогтвортой байдал асар чухал. Үүнээс гадна жижиг практик зүйлс ч ойлгомжтой, энгийн байх ёстой юм шиг санагддаг. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэх захирлаа сольсон бол захирлыг сольсон шийдвэр гадаад улсад хийгдсэн учраас апостиль хийгдэх ёстой. Апостиль хийгдэх хугацаа нэмээд гадаадаас бичиг баримт эх хуваариа ирэх хугацаа шуурхайгаар бодоход гурав хононо. Бичиг баримт ирсэний дараа орчуулж Улсын бүртгэлд аваачиж өгнө гэхээр хуульд заасан 15 хоногт багтахгүй байх тохиолдол элбэг. Бид хамгийн шуурхайгаар бичиг баримтаа бүрдүүлж, баталгаажуулаад ирэхэд хугацаа хэтэрсэн тул 500 мянган төгрөгөөр торгоно гэж чирэгдэл учруулдаг. Монгол Улсад өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон арван хүнийг ажлын байраар хангаж байгаа гадны компаниудад энэ мэт жижиг юм шиг хэрнээ ойлгомжгүй зохицуулалтууд багагүй хүндрэл учруулдаг. 

- А: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагууд өөрт буй баримтаа шаардахгүй гэж заасаар байтал төрийн байгууллагууд байгаа мэдээллээ нэмж шаарддааг. Хоёр захиргааны байгууллага хоорондоо солилцож болох мэдээллийг заавал тухайн оролцогчоос нэхдэг нь мөн л цаг хугацаа авсан хүндрэлүүдийн нэг. 

“Хувийн мэдээлэлдээ анхаарахгүй байгаа нь бусдад ашиглуулах нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг”

- Интернэт, сошиал медиа хэрэглээ нэмэгдсэнээр шинэ харилцаа, эрх, үүргүүд үүсэж байна. Цаг үеийн шаардлагаар манай улс 2021 онд Цахим хөгжлийн багц хууль баталсны нэг нь өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль шүү дээ. Иргэдийн хувийн мэдээллийг хуулиар хамгаалахын цаад үг үндэс, ач холбогдол юу байв? 

- А: Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-д Монгол Улсын иргэний 18 багц эрхийг заасан байдаг. Тэдгээрийн дунд “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэсэн дөрөвхөн үг өргөн хүрээг хамардаг. Үүнд бие махбодын халдашгүй байдлаас авхуулаад үзэл бодлын халдашгүй байдал, сэтгэл санааны халдашгүй байдал, хувийн мэдээллийн халдашгүй байдал мөн багтана. 

Тэгэхээр нэгд, энэ бол иргэнд Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхүүдийн нэг. Хоёрт, хувийн мэдээлэл бол техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт мөнгө, валюттай адилхан үнэлэгдэх чухал хөрөнгө болоод байна. Хэрэглэгчийнхээ мэдээллийг их цуглуулж чадсан компани, үйлчилгээний байгууллага илүү ашиг орлого олох нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр хувийн мэдээлэлдээ анхаарахгүй байна гэдэг нь бусдад ашиглуулах нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг юм. Тэгэхээр үүнийг хамгаалахаас өөр аргагүй. 

Энэ хуульд нууцаас гадна хүний хувийн мэдээлэл хэмээх ойлголтыг тодорхойлж өгснөөрөө онцлог. Хувь хүнийг тодорхойлж болохуйц мэдээллийг бүхэлд нь хувийн мэдээлэл гэж үздэг болсон.

Хуулийн тухайд, 1995 онд батлагдсан Хувийн нууц хамгаалах тухай хуулиар гэр бүл, захидал харилцаа, хөрөнгө, эрүүл мэнд гэсэн ердөө дөрвөн төрлийн нууц байна гэж үзсэн. Тиймдээ ч өнгөрсөн 26 жилийн хугацаанд хувийн мэдээлэлтэй холбоотой харилцааг хувийн нууц гэсэн ойлголтын хүрээнд хязгаарлаж, зохицуулж ирсэн. Үүнээс үүдээд тухайн иргэнийг тодорхойлох бусад мэдээллүүд хараахан хуулийн хамгаалалтад багтдаггүй байв. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд парламент Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталснаар манай улс Азидаа Хонконг, Сингапурын араас орох жишиг хуультай болсон. 

Энэ хуульд нууцаас гадна хүний хувийн мэдээлэл хэмээх ойлголтыг тодорхойлж өгснөөрөө онцлог. Хувь хүнийг тодорхойлж болохуйц мэдээллийг бүхэлд нь хувийн мэдээлэл гэж үзээд дотор нь эмзэг мэдээлэл буюу нууц, биометрик мэдээлэл, генетик мэдээлэл гэхчлэн ангилсан. Хүний эмзэг мэдээлэл гэдэгт шашин шүтэх, эс шүтэх, ял шийтгэл авч байсан эсэхтэй холбоотой, захидал харилцааны нууцтай холбоотой мэдээллүүд хамаардаг. Жишээ нь, таны фэйсбүүк чатад хэн нэгэн халдаж ороод бусдад тараасан бол таны эмзэг мэдээлэлд халдсан хэрэг юм. Мөн хуульд анх удаа мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагч, мэдээллийн эзэн гэсэн гурван субъектын харилцааг зохицуулж, тус бүрдээ ямар ямар эрх, үүрэгтэй байхыг тодорхойлсноороо ач холбогдолтой. 

- Хуульд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах гэж заасан байна лээ. Энэ гурвын ялгааг та тайлбарлаж өгөөч? 

- А: Цуглуулагч гэдэг нь мэдээлэл цуглуулж буй анхны зорилгыг тодорхойлж буй хүн юм. Жишээ нь, би танаас ярилцлага авахдаа таны нэр, албан тушаалыг тань авсан бол мэдээлэл цуглуулагч болно. Харин танаас авсан мэдээллээ гуравдагч этгээдэд өгч мэдээ, нийтлэл болговол тухайн этгээд нь мэдээлэл боловсруулагч болох юм. Энэ тохиолдолд мэдээллийг анх цуглуулах зорилгыг тодорхойлсон этгээд буюу мэдээлэл цуглуулагч нь “мэдээлэл хариуцагч” болох юм. 


- Шинэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой бизнес эрхлэгч, компаниудад хамаарах чухал зохицуулалтууд орж ирсэн. Гэвч дотоодын компаниуд төдийлөн дагаж мөрдөхгүй байх шиг. Та бүхний анзаарснаар компаниуд ямар нийтлэг зөрчил гаргаж байх шиг байна? 

- А: Шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд жил гаруй болж байгаа ч олон нийт мэдээлэлгүйн улмаас иргэд эрхээ зөрчүүлснээ, хуулийн этгээдүүд хууль зөрчсөнөө мэдэхгүй байсаар байна. Иргэдийн мэдээллийг цуглуулж, боловсруулахдаа хуульд заасан зургаан үндэслэлийг дагаж мөрдөөгүйгээс үүдэлтэй зөрчлүүд түгээмэл ажиглагддаг. Хамгийн эхэнд “мэдээллийн эзний зөвшөөрлөөр” гэсэн заалт бий. Энэ бол аман байдлаар гүйцэлдүүлдэг харилцаа ерөөсөө биш. Хуулийн 8.2-т заасан мэдээлэл авах болсон шалтгаан, ашиглах хугацаа, зорилго зэрэг мэдээллийг багтаасан мэдэгдлийг иргэнд танилцуулж, зөвшөөрлийг нь авснаар мэдээлэл цуглуулах үйл явц хуулийн дагуу хүчин төгөлдөр болох юм. 

Ажлын байр, нийтийн зориулалттай орон сууцны аюулгүй байдлыг хангах зорилгоор камер байршуулж болно. Гэхдээ камер бий гэдгийг хүмүүст харагдахуйц байдлаар бичиж анхааруулсан байх ёстой.

Үүнээс гадна видео камертай холбоотой зөрчлүүд их байна. Уг нь хуульд видео камер байршуулж болох бас болохгүй газруудыг тодорхой заасан байгаа. Жишээлбэл, зочид буудлын өрөө, эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, караоке өрөө гэх мэт байршлуудад камер байршуулахыг хориглосон. Харин ажлын байрны эд хөрөнгийг хамгаалах зорилгоор, нийтийн зориулалттай орон сууцны орцны гадаах хэсэг, эдлэн газар, лагерийнхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаандаа камер байршуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ болно гээд шууд тавьчихаж бас болохгүй. Энд камер бий гэдгийг хүмүүст харагдахуйц байдлаар бичиж анхааруулсан байх ёстой. Үйлчилгээний газрууд бүгд шахам камертай ч үйлчлүүлж буй иргэдэд анхааруулсан бичиг тавьдаг эсэх нь эргэлзээтэй. 

- Хурууны хээ, регистрийн дугаар зэрэг мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хэрэглэгчээс шаардах нь элбэг. Шинэ хуулиар үүнд хязгаар тогтоосон гэж сонссон?

- А: Өмнө нь ажилтны цагийг хурууны хээгээр бүртгэдэг байсан бол одоо хуулиар хориглосон. Мөн супермаркет, үйлчилгээний газрууд бонус карт, гишүүнчлэлийн карт нээхэд ямар мэдээллийг авч байгааг иргэд анхаарах ёстой. Карт нээхэд төдийлөн шаардлагатай бус нэмэлт мэдээлэл асуувал ямар учраас гэдгийг нь тодруулж асуух хэрэгтэй, шаардлагагүй гэж үзвэл мэдээллээ өгөхгүй байх эрхтэй. 

- Хэрэв хувийн мэдээллээ алдсан, эрхээ зөрчүүлсэн бол хаана хандах вэ?

- А: Сүүлийн үед иргэд гэхээсээ хуулийн этгээдүүд ихээр хандаж байна. Учир нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгийн их үүрэг хүлээсэн субьект бол мэдээлэл хариуцагч буюу компаниуд. Тэр дундаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд манайд ханддаг. 

Иргэдийн хувьд мэдээллээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд эрхээ мэддэг байх явдал юм. Ийм эрхүү байдаг, ийм зөрчлүүд гарч болдог гэдгийг мэдээгүй хүнд мэдээллээ хамгаалах талаар ярих утгагүй. Мөн мэдээллээ алдсан бол Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Хамгийн гол нь эрхээ бүрэн мэдэж, таны мэдээллийг авсан аливаа байгууллага, хуулийн этгээд зориулалтын дагуу ашиглаж, хадгалж, хамгаалахыг шаардах нь зүйтэй.

Гэмт хэрэг хийсэн нь хувийн мэдээллээ нийтэд дэлгүүлэх үндэслэл болох ёсгүй. Адгийн гэмт хэрэг хийсэн хүнд ч дуу, дүрсээ хамгаалуулах эрх бий.

- Ярилцлагын төгсгөлд та бүхэн иргэдэд хандаж юу зөвлөх вэ? 

- Г: Аливаа гомдол, маргаанд та ялах боломжтой, хууль таны талд байлаа ч шүүх нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргадгийг мартаж болохгүй. Шүүхэд маргаан үүсгэтэл хангалттай нотлох баримт бүрдээгүй, нууцаар бичсэн бичлэг гэх мэт хууль бус баримт нотолгоо бүрдүүлсний улмаас ялагдах тохиолдол цөөнгүй байдаг. Жишээ нь, хоорондоо харилцсан чатаа шууд скрин шот хийгээд шүүхэд өгч болохгүй. Албан ёсоор үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүгч хоёр тал болон гэрчийг байлцуулсаны үндсэн дээр шалгаж, нотлох баримтаар хавсаргадаг. Энэ мэтчилэн хуулийн нарийн процесс бүрд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн тусламжийг авч, бүхнийг ном журмын дагуу хийх нь зүйтэй. 

- А: Цахим орчинд хэн нэг хүний гэмт хэрэг хийлээ гэсэн мэдээллийг цацаж, тэрийг нь олон зуун хүн шэйрлэсэн байгаа нь харагддаг. Энэ бол хүний хувийн мэдээлэлд халдаж буй зөрчил. Тухайн мэдээллийг цааш түгээж буй иргэн ч бас хүний хувийн мэдээлэлд халдаж байгааг ойлгох хэрэгтэй. 

Саяхан дэлгүүрээс хулгай хийж буй хүний бичлэг сошиалаар их явсан. Тухайн иргэн гэмт хэрэг хийсэн бол зохих ёсоор шийтгэлээ авна. Гэвч гэмт хэрэг хийсэн нь хувийн мэдээллээ нийтэд дэлгүүлэх үндэслэл болох ёсгүй. Адгийн гэмт хэрэг хийсэн хүнд ч дуу, дүрсээ хамгаалуулах эрх байгааг иргэд маань ойлгож, хүндлээсэй. 

- Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
5 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.