Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Алдартнуудаас эхэлсэн "шидэт" тураах эм хүмүүсийн амьдралыг там болгожээ


Сүүлийн жилүүдэд Элон Маск, Клое Кардашьян, Эми Шумер тэргүүтэй алдартнууд итгэмээргүй богино хугацаанд жингээ хасаж олныг гайхшируулсан бөгөөд түүний цаана Оземпик (Ozempic) хэмээх "шидэт эм" байсан нь ил болсон. Улмаар уг эмийн хэрэглээ алдартнуудын хүрээнээс гарч олон нийтийн дунд ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл семаглутид төрлийн уг эмийг хэрэглэсэн хүмүүсийн ходоод ажиллагаагүй болж байгаа тухай томоохон нийтлэл CNN-д гарсныг товчлон хүргэж байна. 


Оземпик, Вегови (Wegovy) эмийг хэрэглэж эхэлснээс хойш эрүүл мэндийн ноцтой асуудалтай нүүр тулж хохирсон гурван хүний түүхийг CNN онцолжээ. Тэдний зарим нь эмээ уухаа зогсоогоод жил гаруй болж байгаа ч ходоод ажиллагаагүй болох, бөөлжих, дотор муухайрах нь зогсохгүй байгаа гэнэ. Тэд богино хугацаанд жин хаяхын тулд дээрх эмийг уухаар сонирхож буй хүмүүст хандан дараах зүйлсийг аминчлан захиж байна. 

Луизиана мужид амьдардаг 37 настай Жоани Найт "Энэ эмийн талаар сонсоогүй байсан ч болоосой гэж хүсдэг. Энэ эм миний амьдралыг там болгосон. Үүнээс болж би мөнгө санхүү, цаг хугацаагаараа хэчнээн их хохирсон гэж санана. Их ч стресстсэн. Маш олон зүйлээ золиосолсон" хэмээн ярьжээ. 

Даллас хотод амьдардаг 42 настай Бренда Аллен мөн адил зовлонг туулжээ. Анх эмч нь түүнд жин хаяхад нь зориулж Вегови эмийг бичиж өгсөн аж. Аллен энэ эмийг уухаа болиод жил орчим болж байгаа ч эрүүл мэндийн асуудалтай хэвээр байгаа гэлээ. Саяхан тэрбээр ихээр бөөлжиж, шингэн алдалтанд орсны улмаас яаралтай эмнэлгийн тусламж авахад хүрчээ. 

Харин Торонтод багшилдаг 38 настай Эмили Райт 2018 оноос Оземпик эмийг ууж эхэлжээ. Райт жил гаруйн хугацаанд 36 кг хаясан ч ойр ойрхон бөөлжих нь одоо ч үргэлжилсээр байгаа гэлээ. 

Эдгээр нь семаглутид төрлийн эм бөгөөд Оземпикийг чихрийн шижин өвчинд, Веговиг таргалалтын эсрэг хэрэглэж буй. Эдгээр нь хүний бие махбодын байгалиас ялгаруулдаг GLP-1 гормоныг дуурайх замаар үйлчилдэг байна. GLP-1 гормоны нэг үүрэг нь хоол ходоодоор дамжин өнгөрөх үйл явцыг удаашруулах бөгөөд ингэснээр хүмүүст урт хугацаанд цатгалан мэдрэмж төрдөг аж. Гэвч энэ үйл явц хэт удааширвал эрүүл мэндийн ноцтой асуудал үүсдэг байна. 

"Би хоёр жилийн хугацаанд маш бага хоол иддэг болоод байсан ч эмч таны ходоод дүүрэн хоолтой байна гэсэн"

Эмч Жоани Найт, Эмили Райт хоёрт гастропарезис (gastroparesis) хэмээх онош тавьжээ. Энэ бол ходоод агшиж тэлэх чадвараа алдан ажиллагаагүй болж улмаар хоол боловсруулалт удаашрах өвчин юм. Гастропарезис нь тэдний ууж байсан Оземпик эмээс үүдсэн эсвэл энэ эмийн нөлөөгөөр хүндэрсэн байх магадлалтай гэж эмч нар үзэж байгаа аж. Эмили Райтын хувьд гастропарезисаас гадна бөөлжих синдром (өдөрт хэд хэдэн удаа бөөлжих)-той гэж давхар оношлогджээ.

Жоани Найт 2021 оны төрсөн өдрөөрөө юу идсэнээ огт мартдаггүй гэв. Тэр өдөр Найт дуртай ресторандаа орж, тахианы фажитас захиалжээ. Тэр хоёр, гурван ширхэг тахианы мах, хэдэн шарсан төмс идсэнийхээ дараа жинхэнээсээ хоол хоолойгоор нь давахаа больж, тасралтгүй бөөлжиж эхлэв. 

Тухайн үед Найт Оземпик эмийг уугаад аль хэдийн хоёр жил өнгөрч байсан ба үр дүнд нь маш бага хоол иддэг болоод байжээ. "Идсэн бүх хоол маань хоолойд тээглэчихсэн юм шиг санагдсан. Би ийм бага хоол идээд байхад яагаад ингэж их бөөлждөг билээ" гэж бодсон хэмээв. 

Ингээд Найт ходоод гэдэсний эмгэгээр мэргэшсэн эмчид үзүүлэхэд ходоод нь боловсорч амжаагүй хоолоор дүүрэн байгааг хэлжээ. 

Ердийн үед хүн хоол идсэнээс хойш дөрвөн цаг өнгөрөхөд хоол хүнсний 10 хүрэхгүй хувь нь ходоодонд үлдэж, бусад нь гэдэсний ханаар шимэгдэж дууссан байдаг аж. Хэрэв хоол хүнсний 35 хувиас их нь үлдсэн байвал хүнд хэлбэрийн гастропарезис гэж үздэг.

Ердийн үед хүн хоол идсэнээс хойш дөрвөн цаг өнгөрөхөд хоол хүнсний 10 хүрэхгүй хувь нь ходоодонд үлдэж, бусад нь гэдэсний ханаар шимэгдэж дууссан байдаг аж. Хэрэв хоол хүнсний 10-15 хувь нь үлдсэн байвал хөнгөн хэлбэрийн гастропарезис, 15-35 хувь нь үлдсэн байвал дунд хэлбэрийн гастропарезис, 35 хувиас их байвал хүнд хэлбэрийн гастропарезис гэж үздэг байна. Найтын хувьд хүнд хэлбэрийн гастропарезистай гэж оношлогджээ. 

Харин Эмили Райт эмийг ууж эхэлснээс хойш үргэлж өвдсөн юм шиг явдаг болсон гэв. Өдөр бүр бөөлжсөөр үүндээ бараг дасжээ. Өглөө сэрмэгцээ бөөлжиж дотроо онгойлгоод өдрийг эхлүүлдэг байсан гэж тэрбээр ярив. 2020 оны есдүгээр сард тэр дахин их хэмжээгээр бөөлжиж, шингэн алдсаны улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд оношоо тодруулж, юунаас болсныг мэдэхээр хичээж эхлэв. Эмч нэр түүнд гастропарезис гэх онош тавьсан ч Оземпикоос үүдсэн гэж сэжиглээгүй тул эмээ зогсоохыг зөвлөсөнгүй. 

Жилийн дотор түүний нөхцөл байдалд бүр ч дордов. Хичээлээ заахаар самбарын өмнө зогсож байхад хүхэр, ялзарсан өндөгний үнэр хамар цоргиулж, сурагчид муухай үнэр хаанаас гарч байгааг асууж эхэлжээ. Өмнө нь Райт дөнгөж идсэн хоолоо бөөлжиж гаргадаг байсан бол одоо гурав, дөрвөн хоногийн өмнө идсэн хоолоороо бөөлжиж байгааг анзаарчээ.

Тэр дахин эмчид хандав. Энэ үеэс л эмч нар гастропарезис буюу ходоод ажиллагаагүй болох нь Оземпикоос үүдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж эхлэв. Учир нь сүүлийн үед Оземпик эмийг уудаг хүмүүс яг ийм шинж тэмдэгтэй эмнэлэгт хандах нь нэмэгдэж, ходоодыг нь дурандаж үзэхэд дүүрэн хоолтой байгаа нь харагджээ. Иймд эмч Райтад эмээ зогсоохыг зөвлөсөн байна. 

Жилийн дотор түүний нөхцөл байдалд бүр ч дордов. Өмнө нь Райт дөнгөж идсэн хоолоо бөөлжиж гаргадаг байсан бол одоо гурав, дөрвөн хоногийн өмнө идсэн хоолоороо бөөлжиж байгааг анзаарчээ.

Жоани Найт, Эмили Райт нар ууж байсан эмээ зогсоосноос хойш бие нь дээрдсэн ч бөөлжилт нь бүрэн зогсохгүй байгаа гэж CNN-д ярьжээ. Жоани Найт сүүлд ходоодны мэс засалд орсон бөгөөд өмнө нь байнга бөөлждөгөөс болж хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байсан тул төрөл бүрийн витаминыг маш их хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Мэс заслын дараа нөхцөл байдал дээрдэж, боломжийн хэмжээнд хоол идэж, шингээж чаддаг болсон байна. Гэсэн ч бүрэн эдгэрч чадах эсэхэд, хуучин хэвэндээ ороход хэр их хугацаа зарцуулахыг хэлж мэдэхгүй байгаад хамгийн их санаа зовж байнаа гэжээ. 

Эм үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд илэрсэн ноцтой гаж нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй байна

Семаглутид төрлийн эмийн хэрэглээ ихсэхийн хэрээр энэ мэт эрүүл мэндийн ноцтой асуудлууд нэмэгдэж, АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (FDA)-д эмтэй холбоотой гомдлууд тасрахаа байжээ. 

"Бид семаглутид болон лираглютид төрлийн эмтэй холбоотой гомдлуудыг хүлээн авсан. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсон ч бүрэн эдгэрээгүй гэсэн мэдээллийг баримтжуулан баталгаажуулсан" гэж Хүнс ба Эмийн захиргаа мэдэгджээ. Гэвч гастропарезис нь эдгээр эмээс үүдсэн үү эсвэл өөр шалтгаантай байсан уу гэдгийг тодорхойлох хангалттай мэдээлэл одоогоор байхгүй байна гэжээ. 

CNN энэ талаар тодруулахаар Оземпик, Вегови эмийг үйлдвэрлэгч Novo Nordisk компанитай холбогдоход энэ төрлийн эмийг чихрийн шижин өвчнийг эмчлэхэд сүүлийн 15 жил, таргалалтын эсрэг сүүлийн найман жилд туршиж, хэрэглэсээр ирсэн ба үр нөлөөг эмнэлзүйн туршилт болон бодит хэрэглээнд тулгуурлан өргөн судалсан гэдгийг онцолжээ. 

Ходоод ажиллагаагүй болох нь энэ төрлийн эмээс үүдсэн гэдгийг нотолсон баттай судалгаа хийгдээгүйн улмаас эрх бүхий байгууллагууд, эм үйлдвэрлэгчид энэхүү ноцтой гаж нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн тус компани "GLP-1 ангиллын буюу чихрийн шижин, таргалалтын эсрэг эмүүдэд илэрдэг нийтлэг гаж нөлөөний нэг нь ходоод гэдэсний эмгэг. Семаглутид төрлийн эмийн хувьд дээрх гаж нөлөө ихэвчлэн хөнгөн, дунд зэргээр илэрдэг. Мөн хэрэглэх явцад хоол боловсруулалтыг удаашруулж болзошгүй гэдгийг манай бүх эмийн шошгон дээр тэмдэглэсэн байгаа. Хоол боловсруулалт удаашрах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд нь гаж нөлөөний жагсаалтад орсон" гэж мэдэгдээд байна. 

Эмнэлзүйн туршилтаар Вегови эмийг уусан хүмүүсийн 44 хувьд нь дотор муухайрах, 25 хувьд нь бөөлжих шинж тэмдэг илэрсэн байна. Веговитой ижил найрлагатай боловч арай бага тунтай Оземпик эмийг уусан таван хүн тутмын нэгд нь дотор муухайрах, 10 хүн тутмын нэгд нь бөөлжих шинж тэмдэг илэрсэн.

Харамсалтай нь, ходоод ажиллагаагүй болох нь энэ төрлийн эмээс үүдсэн гэдгийг нотолсон баттай, томоохон судалгаа хийгдээгүйн улмаас эрх бүхий байгууллагууд, эм үйлдвэрлэгчдийн аль аль нь дээрх гурван хүнд илэрсэн шиг ноцтой гаж нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
13 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
15 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.