
УРЛАГ | "Lost Rivers 10-Day Lab" олон улсын урлагийн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Монголын орчин үеийг дэмжих холбоо, 976 арт галерей, Хөх нар төвөөс хамтран байгаль дэлхийгээ илүү гүн гүнзгий мэдрэх, жам ёсыг нь ойлгох сэдлийг хүмүүст төрүүлэх зорилготой "Lost Rivers 10-Day Lab" олон улсын урлагийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэ 7 дугаар сард 10 гаруй хоногийн туршид үргэлжилсэн Lost Rivers нэртэй олон улсын хөтөлбөрийн хүрээнд дуу авиа, медиа, үйлдлийн урлаг, нэн орчин үеийн бүжиг, хөгжим, дуу, кино зэрэг төрөл бүрийн чиглэлээр ажилладаг Англи, АНУ, Герман, Австри, Австрали, Тайвань, Монголын нийт 36 уран бүтээлч хамтран сургалт, туршилт, судалгаа, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, эксприментал тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа. Тус хөтөлбөр нь урлагаар дамжуулан эртний уламжлал, гүн ухааныг эргэн сануулж, байгаль дэлхийгээ илүү гүн гүнзгий мэдрэх, жам ёсыг нь ойлгох сэдлийг хүмүүст төрүүлэх зорилготой аж.
Төслийн санааг Тува гаралтай Австрийн экспериментал дуучин, хөгжмийн зохиолч, уран бүтээлч Сайнхо Намчылакын "Lost River II" бүтээлээс авч ийн нэрлэжээ. Тус бүтээл нь сүйрэл, цөхрөл, итгэл найдвар, дахин төрөлтийн тухай бөгөөд аймшигт хашхираан, алдагдсан бүхнийхээ төлөө гашуудан уйлах дуугаар эхэлж, аажимдаа зөөлөрсөөр бүүвэйн дуу болон хувирдаг 30 орчим минутын дуу авиан импровизац юм. Сайнхо Намтчылак нь 1990-ээд оноос эхлэн монгол, тува, сибирийн аман урлагийн маш олон төрөл зүйлийг авант-жаз, электроника, орчин үеийн найруулга бүхий хэлбэрт оруулан олон орны хөгжимчид, продюсер, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж нийт 75 цомгоо гаргаж, дэлхийн бүх тивээр аялан тоглолт хийж ирсэн олон улсад хэдийнээ танигдсан уран бүтээлч ажээ.
Lost Rivers хөтөлбөрт олон улсаас Сайнхо Намтчылак, Тайвань гаралтай америк уран бүтээлч Шу Ли Чан, Их Британийн хөгжмийн зохиолч, дуу авиан уран бүтээлч Каф Матьюс, Швейцарь гаралтай Герман бүжиг дэглээч Фабиан Кон, АНУ-ын иргэн, Австралийн Сиднейн Их Сургуулийн профессор, медиа уран бүтээлч Диана Честер, Австрийн медиа уран бүтээлч Мария Дирнедер нар, монголоос уран бүтээлч Ц.Даваажаргал, Ж.Ариунтуяа, Р.Чинзориг, С.Эрдэнэ, үйлдлийн урлагийн 18 уран бүтээлч, Nomad Wave хамтлагийн боло бусад уран бүтээлчид оролцжээ. Эдгээр уран бүтээлчид дотор олон улсад танигдсан, дэлхийн урлагийн түүхэнд шинэчлэлийг авчирсан хүмүүс байгаа нь тус төслийн санаа онцгой бөгөөд олны анхаарлыг татаж байгааг нотолж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан зарим үйл ажиллагааг фото зургийн хамт энд тоймлон хүргэж байна.
Шу Ли Чеантай хийсэн нээлттэй хэлэлцүүлэг
Тайвань гаралтай Америк уран бүтээлч, кино найруулагч Шу Ли Чеаныг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг тус хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэг дээр Шу Ли өөрийн оролцож байсан туршилтын төслүүд, Сайнко Намчылакийг оролцуулсан кино бүтээлийнхээ талаар ярилцсан байна. Шу Лигийн талаар товч дурьдвал, урлагийн төрөл бүрийн чиглэлээр ажилладаг олон улсад хэдийнээ танигдсан, тэргүүлэгч зэрэглэлийн мультимедиа уран бүтээлчдийн нэг юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэрээр шинэ медиа урлагийн томоохон төлөөлөгч болон гарч ирсэн ба интернетэд суурилсан урлагийн анхдагч хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг юм. Кино, видео, интернетэд суурилсан өрөг ажлыг холбох аргачлал, програм хангамжийн харилцан үйлдэлт урт хугацааны перформанс зэрэг мультимедиа арга барилаараа ялгардаг түүний бүтээлүүдийг дэлхийн олон орны музей дэлгэн харуулж байсны дотор Лондоны Тэйт Модерн, Парисын Помпедоу, Нью Йоркын Гүгенхэйм зэрэг дэлхийн тэргүүлэх музейнүүд ордог. Мөн 2019 онд Тайваныг төлөөлж Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байжээ.
Зүүн гар талаас, дуучин Сайнхо Намчылак, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, хөтөлбөрийн куратор 976 Арт Галерейг үүсгэн байгуулаг Б.Гантуяа, Тайвань гаралтай Америк уран бүтээлт Шу Ли Чиан нар. Фотог Жимми Као
Диана Честер, Ж.Ариунтуяа нарын ЗААГ мультимедиа өрөг бүтээлийн үзэсгэлэн
Австралийн Сиднейн Их Сургуулийн профессор, медиа уран бүтээлч Диана Честер, монгол уран бүтээлч Ж.Ариунтуяа нарын Зааг нэртэй үзэсгэлэнг 2023 оны 7-р сарын 4-ний өдөр Зайсан дахь Функхауст зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн нь амьдрал ба үхэл, эхлэл ба төгсгөл, чийгшил ба хуурайшил хоорондын заагийн тухай аж. Энэхүү хамтын төслөө хэрэгжүүлэхийн тулд Диана, Ариунтуяа нар говь нутгаар аялан, 1000 гаруй км замыг туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газруудаар аялан, алдагдсан гол мөрний ул мөр, гүн мөсөн хавцал, палеонтологийн газар, элсэн цөл зэргийг судлан ажиж, байгалийн дуу чимээ, дүрсний бичлэг хийж, баримтжуулан үзэсгэлэнд зориулсан материал, санаагаа цуглуулаад ирсэн аж.
Үзэсгэлэнгийн орон зайнд хоёр өөр бүтээлийг нь толилуулсан ба эхний бүтээл болох Функхаусын толин хана дагуу өлгөж байршуулсан заг модны өгөршсөн мөчрүүд, хайлж буй мөс, усны дуслаас үүдэн элсэн дээр санамсаргүй байдлаар үүссэн дүрснүүд, мөс хагарах чимээ зэргийн хослол нь байгалийн мөчлөгт өөрчлөлтүүд, тэдгээрийн хүний амьдралд үзүүлж буй нөлөөллийн тухай холимог санааг харуулсан байна. Нөгөөх нь “Зам-Зааг” нэртэй видео болон дуу авиан бүтээл байлаа. Хүмүүсийн нүүр царайг гандуу газар, алга болсон гол мөрөн, элсэн цөлийн дүр зургуудтай давхцуулан бүтээсэн абстракт видео, байгалийн дуу авиа, хөөмий зэргийн хослол нь өнгөрсөн болоод ирээдүйн мөн чанарыг илэрхийлж, хүний хувь тавилангийн тухай бодлыг өдөөжээ. Үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлдээ аялалын үеэр болон Улаанбаатар хотноо цуглуулж, баримтжуулсан материалуудаа ашиглажээ. Зам Зааг бүтээлийн дуу авиаг монгол хөөмэйч Н.Ашидтай хамтран бүтээсэн байна.
Сайнхо Намчылак, Р.Чинзориг, С.Эрдэнэ нарын “Дуу авиан уран бичилт”
Экспериментал дуучин, хөгжмийн зохиолч, уран бүтээлч Сайнхо Намчылак, монгол уран бүтээлч Р.Чинзориг, С.Эрдэнэ нарын хамт "Дуу авиан уран бичилт" нэртэй үйлдлийн урлагийн бүтээлээ Lost Rivers 10-Day Lab олон улсын хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 7-р сарын 4-ний өдөр Функхаус Клубт амьд тууриваж олон нийтэд үзүүллээ. “Calligraphy of Sound” буюу "Дуу авиан уран бичилт" нь Сайнхо Намчылакын тайлбарласнаар дуу авиан эксперимент хийнгээ дүрс бүтээх үйл явц бөгөөд энэ нь “дуулах” бясалгалын явцад уран зураг хэлбэрээр биежсэн, зөнгөөрөө бичигдсэн хөгжмийн нотны нэг хэлбэр аж. Энэхүү дүрслэл нь өрнөдийн уламжлалт нот бичих аргачлалаар бус график тэмдэглэгээг ашиглан өөрсдийн бүтээлээ цаасан дээр буулгадаг байсан Стокхаузен, Жон Кэйж зэрэг 20-р зууны экспериментал хөгжмийн зохиолчдын арга барилтай төстэй юм. Хөөмэйн олон янзын техникээс эхлээд, шувуудын жиргээ, хүүхдийн мэт дуу авиа, сэтгэлийн гуниг, түгшүүр, баяслыг мэдрүүлэх өнгө аяс гээд дуу хоолойгоор гаргаж болох хязгааргүй боломжуудыг Сайнхо чадварлагаар эзэмшсэн ба энэ бүхнийг сонгодог нотоор бичиж тэмдэглэх үнэхээр боломжгүй, тийм ч учраас энэхүү бүтээлийн замнал руу орсон нь дамжиггүй.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Швейцарь гаралтай Герман бүжиг дэглээч Фабиан Коны дэглэсэн Lost Rivers Motion Performance
Уран бүтээлчид, урлагийн бус мэргэжлийн 18 хүнээс бүрдсэн баг Швейцарь гаралтай Герман бүжиг дэглээч Фабиан Коны удирдлаган дор 6 өдөр шаргуу бэлтгэл хийсний дараа Lost Rivers Motion Performance-ыг 2023 оны 7-р сарын 5-ны өдөр Зайсанд байрлах Функхауст Сайнхо Намчылакын амьд эксперимент тоглолтын хамт олон нийтэд толилуулсан байна. Тоглолтын гол санааны талаар бүжиг дэглээч ярихдаа "Байгаль орчноо хайрлах, хамгаалах бөөгийн зан үйлийн адил бид бүжгээр дамжуулан олон нийтэд ирж буй аюулыг сэрэмжлүүлэх, гол мөрнийг хамгаалах сэдлийг өдөөх, хүмүүст итгэл найдвар төрүүлэх зорилготой байсан” гэжээ.
Зураг | Тайлбар |
![]() | |
Асар богино хугацаанд хамтран ажилласан хэдий ч оролцогчид өөрийн дотоод мэдрэмжийг сонсохын зэрэгцээ, бие биенээ мэдэрч, янз бүрийн нөхцөлд хөдөлгөөнөө нарийн зохицуулан, импровизаци хийж байсан нь үнэхээр амьд мэдрэмжийг төрүүлсэн, үзэгчдийг автуулсан ер бусын тоглолт болгож чадсан байна. “Бидний хувьд хамгийн чухал зүйл бол Сайнхогийн асар хүчтэй дуу хоолойн экспериментал тоглолтыг сонсонгоо дотоод мэдрэмжээ хөдөлгөөн болгон хувиргаж, магадгүй бид бүгд хоорондоо эрчимээ солилцон, Фабианы хэлснээр байгалийн сүнслэг байдлыг илэрхийлэн үзэгчидтэйгээ харилцан ярилцаж чадсан” хэмээн оролцогч Женни Танг ярьж байна.
Хөгжмийн зохиолч, дуу авиан уран бүтээлч Каф Матьюс, Ц.Даваажаргал нарын амьд эксперимент тоглолт
Lost Rivers Lab төслийн 3 дахь өдрийн арга хэмжээнд дээр Английн хөгжмийн зохиолч, дуу авиан уран бүтээлч Каф Матьюс, монгол уран бүтээлч, хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин Ц.Даваажаргал нарын экспериментал тоглолт онц сонирхолтой байлаа. Өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нь болох, газар, тэнгэр, сансар хорвоогийн хаана гэхийн тэмдэггүй, яг л Даваагийн гэж танигддаг тэр нэг сүнслэг, мөнхөд үргэжлэх мэт нүүргэлтсэн суурь өнгөн дээр Кафын яг л одоо, яг л хажууд мэт сонсогдох чимээ шуугиан, өгсөж, намдан, тасалдан бас хувиран өөрчлөгдөж, энэ бүхэн хамтдаа байгаа нь хачин цул, дахин хэзээ ч давтагдахгүй бүтээл болон хувирч үзэгчдийг хаана гэхэд хэцүү нэгэн ертөнц рүү хөтлөн аваачсан байна.
Каф нь 1992 оноос эхлэн бодит өгөгдөл, дата, орон зайг ашиглан шинэ электро акустик зохиомж хийж эхэлсэн ба энэ талбартаа анхдагч хэмээн тооцогддог. Хөгжмийн зохиолч, хөгжим сонсогчдод зориулан хөгжмийг биеэр мэдрүүлэх туршилт нь түүний арга барилд үргэлж чухал байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд үүний тулд тэрээр дуут сандал, дуут ор, дуут дугуй зэрэг өвөрмөц интерфейсийг зохион бүтээж эдгээр нь эрин цагийн уран бүтээлчдэд бүтээл тууривах, найруулга хийх шинэ арга барилыг бий болгож өгсөөр ирсэн байна. Харин Даваажаргалын хувьд дуу, чимээ, хөгжим, авиа бүгд орон зайг илэрхийлэх ухагдахуун аж. Түүний байгалийн чимээ, уламжлалт зэмсгүүдийг электроник хөгжимтэй хослуулсан бүтээлүүдээс цаг хугацааны мөн чанар, хүний дотоод оршихуй, зөн совин аялгуу мэдрэгддэг. Каф нь олон улсын нилээдгүй шагнал, хэд хэдэн их сургуулийн хүндэт профессорын өргөмжлөлийг хүртэж байсан бол Даваажаргал нь 2017 оны Венецийн дүрсэх урлагийн биеннальд эх орноо төсөөлөн оролцож байсан юм.
Их газрын чулуу руу хийсэн аялал, судалгаа, бүтээл тууривал
Lost Rivers олон улсын хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бол хөдөө орон нутаг, ялангуяа говь, тал хээрийн хуурай бүс рүү аялж газар нутгийн онцлог, алга болсон гол мөрний ул мөр, байгаль орчинд гарч ирсэн өөрчлөлтүүдийг шинжин ажих, тэдгээр дээр тулгуурлан бүтээл тууривах, хамтран ажиллах явдал байв. Олон улсын уран бүтээлчдийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Их газрын чулуу орчимд дөрвөн өдрийн туршид ажиллаж орчинтойгоо харьцсан дуу авиа болон үйлдлийн урлагийн нийт 11 бие даасан болон хамтарсан бүтээлийг тууриваж, зураг авалтууд хийж яваад ирсэн байна. Энэхүү аялал нь уран бүтээлчдэд цаашид хамтран ажиллах, цуглуулсан материал дээрээ тулгуурлан бүтээл тууривах, үзэсгэлэнд бэлдэх олон ажлын эхлэлийг тавьж өгсөн үр бүтээлтэй аялал болжээ
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Lost Rivers Sound Motion Vision 10-Day Lab олон улсын хөтөлбөрийн куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Бадамгаравын Гантуяа, зохион байгуулагчаар 976 Арт Галерей, Контемпорари урлагийн Хөх Нар Төв, дэмжигчээр Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам, Гёте институт, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар Олон улсын сургуулийн хамт олон, уран бүтээлчид, хамтрагчаар M.A.R.S олон улсын резиденс, Foody Vegan Center, Funkhaus Ulaanbaatar ажиллажээ.
Фото зургийг Б.Чингис, Б.Бат-Оргил, Диана Честер, Ж.Ариунтуяа, Б.Гантуяа