2009 онд нээлтээ хийсэн даруй олныг шуугиулж байсан "The Blind Side" киног бид бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдгээр нь сайн мэднэ. Баян гэр бүлд үрчлэгдэж, амжилтын замналаа эхлүүлж буй хар арьст хүүгийн тухай өгүүлэх тус бүтээл нийт 300 гаруй сая долларын ашиг орлого олж, гол дүрийг бүтээсэн жүжигчин Сандра Буллок тус дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.
Гэвч түүхийн гол эзэн болох Майкл Оэр өнгөрөгч даваа гарагт Теннесси мужийн шүүхэд өргөдөл гаргаж, кино болон номон дээр бичигдсэн зүйлс үнэндээ худал байсныг хүмүүст дэлгэлээ.
Түүнийг өргөж авсан гэгдэж байсан Шон болон Лей Энн Туохи нар яг үнэндээ түүнийг огт үрчилж аваагүй бөгөөд ямар ч гэр бүлийн хамааралгүй өдийг хүртэл явж ирснийг Оэр өөрөө өнгөрөгч хоёрдугаар сард олж мэджээ. Оэрыг 18 нас хүрдэг төрсөн өдрийн дараахан нь харин тэд өргөж авч байна гэж хэлж гарын үсэг зуруулсан ч үнэндээ итгэмжит төлөөлөгч болгох бичиг баримт дээр гарын үсэг зурсан байжээ. Итгэмжит төлөөлөгчид тухайн хүний өмнөөс гэрээ хэлцэл байгуулж, бүх ажлыг зохион байгуулах, өмнөөс нь шийдвэр гаргах эрхтэй байдаг билээ.
Кино гарсны дараа тэрхүү гэр бүлийн хос өөрсдөдөө болон хоёр хүүхдэдээ олон сая долларын ашиг орлого олсон бөгөөд үүнээсээ Оэрт мөнгө өгөөгүй гэнэ. Түүхийн гол эзэн маань энэ бүх хугацаанд өөрийнх нь тухай киноноос мөнгө хүртсэн удаагүй аж.
Тус өргөдөлд "Шон болон Лей Энн Туохи нар түүнд үрчлэгдсэн хэмээн худал хэлж, Майкл Оэрын ачаар маш их баяжсан. 2023 оны 2 сард Майкл Оэр өөрийг нь гэр бүлийн гишүүн болгоно хэмээх үндэслэлээр гарын үсэг зуруулсан бичиг баримт яг үнэндээ түүнийг гэр бүлийн нэг гишүүн огтхон ч болгоогүйг олж мэдэн маш ихээр бухимдаж бас ичсэн" хэмээжээ.
Энэ тухай Шон Туохи олж дуулсныхаа дараа тус заргаас үүдэн маш их сэтгэл нь хямарснаа илэрхийлж, түүний итгэмжит төлөөлөгч байхаа болино хэмээн мэдээлжээ.
Өргөдөлдөө тэрээр цаашид тус гэр бүлийг өөрийнх нь нэр, дүр төрхийг ашиглан бүтээлээ сурталчлахыг зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд санхүүгийн нөхөн төлбөр авахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Киноны гол дүр, Лей Энн Туохи "The Blind Side" киног ашиглан хүмүүст илтгэл тавьж, илтгэгчээр ажиллаж ирсэн байдаг. 2004 оны 8 сараас эхлэн Майклыг өргөж авсан мэтээр олон нийтэд итгүүлж, үүнийгээ санхүүгийн давуу тал болгон ашиглаж ихээхэн мөнгө олсон гэр бүлийн тухайн орлогыг эргүүлэн Майкл Оэрт өгөхийг тус өргөдөлд уламжилжээ.
Эр сурвалж: The Guardian, ESPN