Ажил мэргэжлийн орчин, амьдралын хэв маяг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Цаг хугацаатай уралдан ажиллаж буй өнөө үед цаг заваа зөв хуваарилах уу, эсвэл ажил амьдралаа "алдах" уу гэдэг бидний сонголт болжээ. Дундаж ажилтан ажил дээрээ 1 цагийг зүүрмэглэн өнгөрүүлдэг бол ажилтан ангийн 35 хувь нь өдөр бүр ажилдаа хоцордог тул цалингаасаа суутгуулдаг гэсэн судалгаа бий.
Тэгвэл өндөр зохион байгуулалттай байх нь цаг зав, хөрөнгийг ч хэмнэж чадна. “Минут бүрийг тооцоолсноор нэг цагийг хожно” гэх Бенжамин Франклины үг бий. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгааны дагуу өндөр зохион байгуулалттай мэргэжилтнүүдийн өдөр бүр хийдэг үр бүтээлтэй 10 дадлыг дагацгаая.
1. Тэд эмх цэгцтэй ширээтэй байдаг
Үр бүтээлтэй хүмүүс урдаа олон ном дэвтэр, аяга, жаазтай зураг “хөглөрүүлж” тавих дургүй. Илүү цэвэрхэн, минимал, эмх цэгцтэй орчин бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ гэж үздэг тул ширээгээ эмх цэгцтэй байлгадаг. Гэхдээ ид ажиллах үедээ ширээний цэгцгүй байдлаас болж бухимддаггүй.
2. Тэд нэг зүйлийг хоёр удаа хийдэггүй
Тэд маш нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тиймээс ч цаг хэмнэх бүх боломжийг төгс ашиглаж сурдаг. Мэйлээ дахин дахин шалгах юм уу, нийгмийн сүлжээнд цаг үрдэггүй. Нэг удаа хийж үзээд "цаг зарах"-аас цаашгүйг нь ойлгосон бол ахиж алдах шаардлагагүй гэж үздэг.
3. Тэд маш энгийн хуваарьтай
Тэд олон зүйлийг зэрэг хийхээс илүү цөөн, чанартай ажлын хэмнэлийг эрхэмлэдэг. Маш энгийн, давтамжтай ажлуудыг боловсон хүчнүүдэд хувааж өгснөөр компаний ажил үүргийн чиг ч багагүй өөрчлөгдөнө. Өндөр зохион байгуулалт энгийн төлөвлөлтөөс эхэлнэ гэдгийг тэд мэддэг .
4. Тэд өндөр мэдрэмжтэй
Өндөр зохион байгуулалттай ажиллахын тулд тэд бүх талын мэдрэмжээ хөгжүүлдэг. Урлаг, спортын аль нэг төрлөөр хичээллэхэд цаг гаргаж, үүндээ ч дуртай байдаг. Бие эрүүл байхад оюун санаа ч эрүүл сэргэг байна.
5. Тэд өдрийн хоолоо өөрөө хийдэг
Тэд ердөө 30 минутыг зарцуулж, өдрийн хоолоо хийснээр олон талын үр ашигтайг мэддэг. Ингэснээр эрүүл мэнд, санхүүгээ ч анхаарч байдаг.
6. Өдрийн төгсгөлийг ч үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Үр бүтээл гэдэгт сайхан амралт ч орохыг тэд мэддэг.
Өндөр бүтээмжтэй мэргэжилтэн хүнд өдрийн орой гар утсаа бариад суудаггүй. Тэд ойр дотны хүмүүстээ цаг гаргаж, гэрээ цэвэрлэж, дуртай номоо уншин, сайхан амрах, мэйлээ ангилах зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Ингэснээр 10 минутын дотор маргаашдаа бэлтгэж, болзошгүй стрэссээс өөрийгөө хамгаалж чаддаг.
7. Тэд “мэлхий" иддэг
“Мэлхий" идэх нь хамгийн хүнд бэрх айдсаа даван туулна гэсэн үг. Өндөр зохион байгуулалттай хүмүүст хийхийг хүсдэг ч чаддаггүй зүйл гэж үгүй. Тиймээс ч шинэ зүйл туршиж, айдаг ажлаа хийхээс татгалздаггүй.
8. Тэд орой нь төлөвлөдөг
Өглөө босоод “Өнөөдөр юу хийх вэ”, "Юу өмсөх вэ?" гэж бодохоос илүү өмнөх орой нь төлөвлөх нь үр дүнтэй байдаг. Учир нь өглөө босмогц юу хийх нь тодорхой үед хүний тархи илүү сэргэг ажилладаг аж.
9. Тэд шинэ технологид дуртай
Техник технологи хөгжихийн хэрээр хүний амьдралын олон зүйл хялбар болж байна. Өндөр зохион байгуулалттай хүн хэзээ ч сайн чанарын тоос сорогч гарчихсан байхад шүүр бариад зогсохгүй.
10. Тэд өдөр бүр хийдэг
Үр бүтээмжтэй, амжилттай яваа хүмүүс нэг л өдөр энэ бүхэнд хүрчихдэггүй. Тэд дээрх шаардлагыг өөрийн өдөр тутмын нэг хэсэг болгосон байдаг. Тиймээс ч өдөр бүр өглөө босч, тогтмол ажиллах нь нэг л өглөө эрт босоод бүх хүчээ шавхахаас үр бүтээмжтэйг сайн мэддэг.
Эх сурвалж: Buzzfeed
Зургууд: Redcheeks