UBLife Logo
Урлаг

УДБЭТ түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” үдшийн сонгодог цэнгүүнээр эхлэнэ

Г.Сүрэн
Г.Сүрэн
УДБЭТ түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” үдшийн сонгодог цэнгүүнээр эхлэнэ

Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойтоогоо золгож байна.

Тухайн үеийн Хөгжимт драмын театрыг нарийн мэргэжлийн дуурь балетын театрт байвал зохих мэргэжилтэй боловсон хүчин, уран бүтээлчдийг бэлтгэж, байшин барилга, материал техникийн бааз сууриа бүрдүүлэн хангасан тул МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10 өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг Улсын Дуурь бүжгийн театр, Улсын Драмын театр гэсэн бие даасан хоёр театр болгох шийдвэр гарснаар одоогийн УДБЭТ үүссэн түүхтэй.

УДБЭТ 1963 оны 5 дугаар сарын 15-ны  П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хөшгөө нээж бие даасан театрынхаа нээлтийг хийж  жаран түүхээ бичих замналаа нээсэн юм. 

 БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 7 өдрийн 215-р зарлигаар тус театрт “Академик театр” цолыг олгосон бөгөөд 2022 онд  Монгол улсын Засгийн газрын 166 дугаар тогтоолоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болгон батламжилжээ. 

Театрын түүхэнд Хөдөлмөрийн баатар 5, Ардын жүжигчин 29, Гавьяат цолтон 93, Чингисийн одонт 1, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан 4, Төрийн хошой шагналтан 2, төрийн шагналтан 18 төрөн гарчээ. Түүнчлэн манай театрын хөгжимчин, дуучин, балетын жүжигчдээс олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцож, олон шагналуудыг хүртжээ.

Театрын хамт олон нэгэн жарны түүхийг агуулсан “Сонгодог жаран” хүндэтгэлийн тоглолтууд, түүхэн баримтат кино, сэтгүүл зэрэг томоохон арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

УДБЭТ нь ойн арга хэмжээгээ ”Сонгодог Жаран”  гала концертоор эхүүлэх гэж байна. Тоглолт 2023 оны  09-р сарын 09-ны 20.00 цагт Сүхбаатарын нэрэмжит талбайд нээлттэй болох юм. 

 “Сонгодог жаран” тоглолтоороо театрын сор болсон томоохон уран бүтээлүүдийн дээжсээс үзэгчдэдээ нээлттэйгээр сонордуулах болно. Тоглолтод театрын дунд болон залуу үеийн уран бүтээлчид  оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна. 

Эрхэм  үзэгчид та бүхнийг 60-н жилийн түүхтэй УДБЭТ-ын хамт олонтой нэгэн оройг хамт өнгөрүүлэхийг урьж байна. 

 Ийнхүү 60 жилийн түүхтэй сонгодог театрын ойн арга хэмжээ эхлэж байгаа бөгөөд 10-р сарын 15-ныг  хүртэл та  бүхэнтэйгээ сонгодог урлагийн нэгэн жарныг илэрхийлсэн олон сайхан арга хэмжээгээр уулзах болно. 10-р сарын  арга хэмжээнүүдэд  театрын үе үеийн уран бүтээлчид оролцон та  бүхэндээ  шилдэг уран  бүтээлийн дээжээ толилуулна гэдгийг дуулгахад таатай байна. 

Сонгодог урлагийг дэмжин хамтран ажилладаг, үнэнч  хамтрагч,  үзэгчиддээ УДБЭТ-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс жаран жилийн ойн баярын мэнд хүргэе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.