Польшийн Люблин хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насныхны ДАШТ зохион байгуулагдаж байна.
Монголын эрэгтэй шигшээ тус тэмцээний "А" хэсэгт Чех, Чили, Нидерланд, Хятадын багуудын хамтаар багтсан юм. Монголын баг Б.Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ, С.Дугар-Эрдэнэ, Х.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д тоглож байна.
Тэд Чехийн багийг 19:18-аар, Хятадын шигшээг 21:9-өөр хожлоо. Хоёр тойргийн дараагаар Х.Мөнхтөр 15 оноотой нийт тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж байгаа аж. Харин Б.Энхсайхан арав, С.Дугар-Эрдэнэ ес, Б.Бат-Эрдэнэ зургаан оноог эхний хоёр тоглолтод аваад байна.
Улмаар маргааш Нидерланд, Чилийн багуудын аль нэгийг хожиход л Монголын шигшээ ДАШТ-ий шигшээ наймд шалгарах учиртай.
Харин Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд, Чилийн багт 22:8-аар, Японы шигшээд 22:7-оор хожигдоод байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Чех, Румыний багуудтай хийх юм.