Өчигдөр буюу 10 сарын 19-нд Улаанбаатар Олон Улсын Кино Наадмаар найруулагч П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох "Баавгай болохсон" Монгол дахь үзвэрээ олонд хүргэлээ.
Каннын кино наадмын "Un Certain Regards" төрөлд өрсөлдөн, "Debussy Theatre"-т нээлтээ хийсэн үзвэрийн дараа үзэгчид суудлаасаа босон таван минутын турш алга ташсан тухай бид дуулж, маш ихээр бахархаж, кино урлагт маш том дуулиан тариад байсан билээ.
Харин өчигдөр бид тус киноны анхны үзэгчид болж, нулимстай, бас мэдрэмжээр дүүрэн танхимыг орхин гарлаа. Тэр дундаас хамгийн сэтгэл хөдлөм зүйл нь кино дууссаны дараа титр урсаж дуусах хүртэл үзэгчид зогсолтгүй алга ташсан явдал байлаа.

Тус бүтээл ирэх нэгдүгээр сарын 12-нд Монголын кино театруудаар гарах болсон мэдээг мөн хүргэсэн юм. Тиймээс бидэнд зөвхөн хүлээх л үлдлээ.
