Испанийн Ла лигийн 10-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. Энэ тойрогт "Барселона" талбайдаа "Атлетик Бильбао"-г 1:0-ээр хожив.
"Барселона"-гийн төлөөх анхны тоглолтодоо оролцсон 17 настай Марк Гуйу 79 дэх минутад талбайд гарснаасаа ердөө 33 секундын дараа хожлын гоолыг оруулсан юм. Хүүгээ гоол оруулахыг харсан Гуйугийн аав, ээж нь цэнгэлдэх хүрээлэнд уйлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.
Улмаар "Барселона" хүснэгтийн тэргүүнд буй "Реал Мадрид"-ыг гүйцэж, адилхан 25 оноотойгоор Ла лигийг тэргүүлж байна.
"Барселона"-гийн дасгалжуулагч Шави "Би түүнд боломж байгааг хэлсэн. Би эдгээр хүүхдүүдийг харах дуртай. Учир нь тэдэнд ямар ч айдас байдаггүй" гэжээ.
Роберт Левандовски, Френки де Йонг зэрэг хэд хэдэн тоглогч бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон тул Гуйу Барсагийн үндсэн багт дуудагдсан юм.
Гуйу 2013 онд "Ла Масиа" гэгддэг Барселонагийн залуучуудын академид элссэн.
Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигээс гадна Ла Масиагийн бусад алдартай төгсөгчдийн хувьд Шави, Андрес Иньеста, Карлес Пуйол, Жерар Пике, Серхио Бускетс, Жорди Альба нар байдаг.
Цеск Фабрегас 16 настайдаа Ла Масиаг орхин "Арсенал" руу шилжсэн бол "Манчестер Сити"-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола Ла Масиагийн төгсөгчдийн дотроос мөн нэг алдартай гишүүн нь юм.
Гуйу үүнээс өмнө Барселонагийн "В" багийн төлөө ердөө долоохон минут тоглоод буй. Харин Ла лигт гоол оруулснаас хойш инстаграм дахь дагагчдынх нь тоо л гэхэд 40,000-аас 100,000 гаруй болтлоо нэмэгджээ.
