Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Бид төдийлөн сайн мэдэхгүй зүйлсээ тааварлан бодож, ташаа буруу ойлгох нь олон талаар хор хөнөөлтэй байдгийг сайн анзаардаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй болон тэдний ойр дотны хүмүүсийн зүгээс дараах ташаа ойлголтуудыг уншигч танд уламжилж байна. Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг "этгээд" бус "энгийн" нүдээр харж, яг л өөр шигээ "хүн" болохыг анзаарахын тулд дараах ташаа ойлголтуудыг таньж байх хэрэгтэй. Ингэснээр бид ойлгож, үр дүнтэй алхмууд хийж, хүрээлэн буй орчноо уриалж, хамтдаа бодит өөрчлөлт хийж чадна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, илүү тэгш хүртээмжтэй нийгэм бий болгохыг уриалсан “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэв.
#1 Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн тэргэнцэртэй байдаг
Хөгжлийн бэрхшээлийн талаар хүмүүсийн дундах түгээмэл ташаа ойлголт бол зөвхөн тэргэнцэртэй хүмүүсээр төсөөлөх юм. Нүдэнд үл харагдах хөгжлийн бэрхшээл цөөнгүй. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд харааны, сонсголын, оюун ухааны, ярианы, хавсарсан, хөдөлгөөний болон бусад бэрхшээл гэх долоон төрлийн түгээмэл хөгжлийн бэрхшээл бий.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8 хувь нь л тэргэнцэртэй байдаг бөгөөд тэргэнцэртэй хүмүүс ч өөр өөр шалтгаанаар тэргэнцэр хэрэглэдэг болохыг та санаарай.
#2 Тэд хайрлаж, нөхөрлөхийг хүсдэггүй / эсвэл чадахгүй
Олон хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдыг хайрлах, хайрлуулах хүсэлгүй эсвэл чадваргүй гэж төсөөлдөг нь харамсалтай. Тэд яг л тан шиг зүрх сэтгэлтэй учраас хайрлуулах, хайрлах хүсэл чадвартай бас Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн бүх төрлийн харилцаанд оролцох бүрэн эрхтэй юм шүү.
#3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аялахыг хүсдэггүй, гэртээ байхыг илүүд үздэг
Чи ч бас аялах дуртай байх даа? Тэгвэл бусдыг яг л өөр шигээ нүдээр харж байгаарай. Бэрхшээлтэй байлаа гээд хүсэл мөрөөдөлгүй, аялах, хорвоо ертөнцийг танин мэдэх хүсэлгүй хэн ч үгүй ээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд АНУ-ын 25 сая хөгжлийн бэрхшээлтэй хүн аялал, бизнесийн зорилгоор дэлхийгээр аялжээ. Харин Их Британид аялсан хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын найм нь аялалд "ээлгүй" буюу стандарт бус зам талбайгаар зорчих хүндрэлтэй тулгарсан хэмээжээ. Ингэхээр ээлтэй орчин үнэхээр чухал байгаа биз?
#4 Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдаас хамааралтай байдаг
Хөгжлийн бэрхшээлтэй л бол цаг үргэлж асран хамгаалагч, харгалзагч хамт байх ёстой, гудамж талбайгаар ганцаараа явж, бие даан үйлчлүүлж чадахгүй гэж та боддог юм биш биз? Ийм бодол л ээлгүй орчны суурь юм. Хүн бүрд ээлтэй орчин нөхцөл, үйлчилгээний газруудыг бүтээж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах бүрэн боломжтой байдаг юм шүү.
#5 Хөгжлийн бэрхшээлтэй хүн Монголд тийм ч их байдаггүй
Таны эргэн тойронд л хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй болохоор Монголд бараг байдаггүй гэж бодож байгаа юм биш биз? Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 21639, хөдөлгөөний бэрхшээлтэй 21064, харааны хөгжлийн бэрхшээлтэй 12696, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 4220, сонсголын бэрхшээлтэй 8780, хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 7580 хүн бүртгэгдсэн байна. Тийм ч бага тоо биш байгаа биз?
#6 Сонсголын бэрхшээлтэй бүх хүн амны хайрцаг уншиж чаддаг. Харааны бэрхшээлтэй бүх хүнд "зургаа дахь мэдрэхүй" байдаг
Аутизмтай хүүхэд бүр гоц ухаантай байдаг гэх ташаа ойлголт ч бий. Хөгжлийн бэрхшээлийг бусдаас "дутуу" эсвэл "илүү" гэж харахуйн аль аль нь буруу. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөр хоорондоо ялгаатай бөгөөд онцгой ой санамж, урлаг эсвэл хөгжмийн гоц ур чадвартай байх нь тийм ч нийтлэг тохиолдол биш юм. Тэднийг зүгээр л байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй.
#7 Тэд бэрхшээлийнхээ талаар ярилцах дургүй, асуулт асуух нь эмзэглүүлдэг учраас асуугаагүй нь дээр
Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй болохоор дөлж, зай барьдаг уу? Тэгвэл тэд яг л тан шиг хүн болохыг санан, нөхөрсөг хандахад л болох юм. "Та яагаад ийм болчихов?", "Хэзээнээс хөлгүй/ гаргүй болов?" гэж асуух бүдүүлэг нь мэдээж! Харин оронд нь нөхөрсөг яриа өрнүүлж, "Та хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон уу, хэдэн хувиар?" зэргээр эелдэг зөөлнөөр асуухад л болно. Асууж ярилцсанаар л тэднийг илүү ойлгож, хамт байхдаа илүү тухтай байж, ямар үед хэрхэн харилцахаа мэдэж авна.
#8 Хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцах хүсэлгүй, боловсрол эзэмших ч боломжгүй
Боломж бололцоо нь байвал суралцаж, хөгжихийг хүсдэггүй хүн үгүй. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэж, 1057 иргэн мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад суралцаж байна. Илүү хүртээмжтэй сургалтын орчин, заах арга зүйг нэвтрүүлснээр энэ тоог бид өсгөж чадна!
#9 Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө "би" юу ч хийж чадахгүй
Манай гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй л юм чинь би тэдний төлөө бодит өөрчлөлт хийж чадахгүй, хийх албагүй гэж та боддог уу? Гэвч хүн бүрд ээлтэй орчин, нийгэм иргэн бүрийн оролцоонд тулгуурлан бүтдэг. Та яг одооноос ойлголтоо нэмэгдүүлж, хандлагаа багахан өөрчлөхөд л дараах үйлдлүүдийг хийж чадна.
- Зам, гудамж талбайгаар явахдаа зам талбай хэр "ээлгүй" байгааг анзаарч, боломжтой бол тухайн газарт нь сануулж хэлэх;
- Өөрийн мэдлийн хүрээнд аль болох хүртээмжтэй орчныг бүрдүүлэх;
- Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, суралцах;
- Хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг уриалах;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхэлдэг бизнес, үйл ажиллагааг дэмжиж, хөрөнгө оруулалт хийх, ур чадварыг нь зохих ёсоор үнэлэн хүндэтгэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөртэйгөө адилхан хэрэгцээ, мэдрэмжтэй хувь хүн хэмээн хүлээн авах;
- Чадварлаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах, хамтран ажиллах гэх мэт.
Gifs by: Carlotta Notaro