UBLife Logo
Спорт

Биатлон: 2023/2024 улиралд хэн түрүүлэх вэ?

Биатлон: 2023/2024 улиралд хэн түрүүлэх вэ?

Биатлоны шинэ улирлын өрсөлдөөн эхэллээ. Жулия Симон өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадах уу, эсвэл хэн нэгэн шинэ од төрөн гарах уу? Өнөө цагийн эмэгтэй биатлонд хэн Болор бөмбөрцгийн эзэн болохыг таамаглахад тун хэцүү. Сүүлийн арван жилд найман өөр тамирчин шагналын тавцны дээд талд зогссон бөгөөд хоёр нь л цолоо хамгаалж чадсан юм. Зодог тайлсан Кайсе Мякяряйнен, уралдсаар байгаа Доротея Вирер хоёр. Ингээд 2023/2024 улиралд хамгийн түрүүлэх магадлалтай эмэгтэй тамирчдын чансааг танилцуулья. Чансааг цахим сүлжээнд спорт сонирхогчдын санал асуулгаар тодруулжээ.

1, Лиза Виттоцци (Итали)

Лиза Виттоцци нутагтаа зохион байгуулах олимпын наадмын италичуудын гол найдвар. 28 настай Лиза өнгөрсөн улирлыг Доротея Вирер, Жулия Симон хоёрын ард гуравт дуусгасан. 2018/2019 оны улиралд хоёрт орж байсан нь түүний дээд амжилт. Оберхофын ДАШТ-д Лиза буухиа уралдаанд алт, холимог буухиад мөнгө, хүрэл медаль авсан юм. Түүний гол дутагдал нь тогтвортой биш. Зарим улриалд гялалздаг ч заримдаа алга болчихдог. Энэ улирал түүний хувьд тодрон товойх улирал нь байх магадлал тун өндөр байгаа юм.

2, Доротея Вирер (Итали)

Энэ цагийн хамгийн их фэнтэй биатлонч бол яах аргагүй Вирер. Энэ чансааны хамгийн ахмад нь ч тэр. Замналынхаа турш Вирер олимпын гурван медаль хүртэж, 2019, 2020 онд Дэлхийн Цомд нийлбэр дүнгээр тэргүүлж байв. Өнгөрсөн улирал ч тэр Болор бөмбөрцөгт тун ойрхон байсан ч Симонд ялагдсан. Вирерийн хувьд энэ улирал хамгийн сүүлийн байж болох тул замналаа цом, цолтой өндөрлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. 

3, Эльвира Эберг (Швед)

Эгч дүү Эбергүүд энэ улирлын гол фаворитуудын нэг. Эрэгтэй биатлоны лидер Йоханнес Бёгийн хэлснээр Эльвира энэ улиралд том Болор бөмбөрцгийг авах хамгийн боломжтой тамирчин. 24 настай Эльвира олимпын гурван медальтай. Өнгөрсөн улирлыг тэр тавдугаар байрт дуусгасан бол эгч нь долоод орсон. Шинэ улиралд эгч дүүсийн хэн нь дээгүүр байр эзлэх бол? 

4, Ханна Эберг (Швед)

27 настай Ханна дүүтэйгээ адилхан маш хурдтай. Гэхдээ туршлага илүү. 2018/2019 оны улирлаас эхлээд тэр эхний долоон байрнаас буухгүй байгаа. Энэ жил Болор бөмбөрцөг авахад ойрхон байгаа бүсгүй.

5, Жулия Симон (Франц)

Өнгөрсөн жил битүү морь байхдаа түрүүлсэн Симон энэ улиралд хэрхэн уралдах бол? Харин Жулия энэ улиралд Том Болор Бөмбөрцгийг авах зорилго тавиагүй ч эхний гуравт багтахаар зүтгэх болно. Гол нь түүнд хоёр саад байна. Нэгт, шигшээ багтайгаа бэлтгэл хийж чадаагүй. Хоёрдугаарт, залилангийн хэргээр байн байн Цагдаагийн газарт дуудагдаад байгаа.

6, Ингрид Тандреволд (Норвег)

2020-2022 онд Дэлхийн Цомыг авсан Норвегийн Тириль Экхофф, Марте Рёйселанд хоёр зодог тайлсны дараа Норвегийн шигшээгийн удирдагч нь Ингрид Тандреволд болсон. Өнгөрсөн улирлыг зургаад өндөрлүүлсэн ч шинэ улиралд багаа хөтлөх тул улам хичээх нь гарцаагүй. Хамгийн гол нь гэмтэл бэртэл, өвчин хууч түүнээс хол байх болтугай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.