UBLife Logo
Спорт

Эрлинг Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 40 гоол орууллаа

Эрлинг Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 40 гоол орууллаа

Европт нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Аваргын цомыг хамгаалж буй "Манчестер Сити" клуб энэ тойрогт талбайдаа Германы "РБ Лейпциг"-тэй тоглов.

Лоис Опенда эхний хагаст хоёр гоолыг оруулснаар талбайн эздийг хүнд байдалд шахсан юм. Гэвч эцэст нь Пеп Гуардиола тоглогчдынхоо няцашгүй тэмцлээр бахархахаас өөр аргагүй байлаа. 

Хоёрдугаар хагасын эхэнд Жулиан Алварес, Жереми Доку нарыг талбайд гаргаснаар тоглолтын хувь заяаг бүхэлд нь эргүүлсэн юм. Алварес хожлын гоолыг оруулж, Жереми Доку эргэн ирэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тоглолтын 54 дэх минутад Эрлинг Хааланд гоолдож, тооны харьцааг ойртуулав. Тэрбээр "Лейпциг"-ийн эсрэг 12 дахь удаагаа гоолдсон нь энэ.

Улмаар Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа (23 нас, 130 хоногтойдоо), хамгийн цөөн тоглолтод (35 тоглолтод) 40 гоол оруулсан тоглогчоор тодров. Тэрбээр үүнээс өмнө Аваргуудын лиг дэх 20, 30 дахь гоолуудаа мөн хамгийн цөөн тоглолтоор оруулж байсан билээ.

Харин Хааландад гоолын дамжуулалт өгсөн Фил Фоден 70 дахь минутад тоог тэнцүүлж, сэлгээгээр талбайд оруулсан Жулиан Алваресийн гоол 87 дахь минутад ялагчийн хувь заяаг бүрэн шийдсэн юм.

Гуардиолагийн шаардлагад дасан зохицоход тодорхой цаг хугацаа хэрэгтэй байдаг ч Доку "Сити"-гийн тоглолтын хэв мягт маш хурдан нэгдэж, ойлголцож байгаагийн бас нэг гэрч нь энэ тоглолт байлаа. Түүний хурданд суурилсан тоглолтын хэв маяг довтолгоонд ашигтай орон зайг нээж өгдөг. Харин Алварес өнгөрсөн улиралд ихэвчлэн Хааландад туслах үүрэгтэйгээр тоглож байсан ч өдгөө довтлогч болон хагас хамгаалагчийн хосолмол байрлалд аль алинд нь чухал оролцоотойгоор тоглож байна.

"Манчестер Сити" клуб 2018 оноос хойш Этихад цэнгэлдэхдээ хийсэн Аваргуудын лигийн тоглолтод ялагдал гээчийг мэдрээгүй яваа бөгөөд мөн Европ дахь сүүлийн 19 тоглолтодоо хожигдоогүй.

Эл хожлын дараагаар "Сити"  Аваргуудын лигт хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.