Зүүн Азийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 11-р сарын 30-наас 12-р сарын 07-ны өдрүүдэд Хятадын Жухай хотноо явагдаж байна.
Монголын шигшээ өнөөдөр эхний тоглолтоо Хойд Марианы Арлуудын багтай хийж, 4:3-аар хожигдлоо. Хоёр баг үүнээс өмнө 2018 онд тус тэмцээний урьдчилсан шатнаа тоглоход Монголын баг эхэлж хоёр гоол алдсан ч, хоёрдугаар хагаст хариу гурван гоол оруулж, 3:2-оор хожиж байсан.
Харин өнөөдрийн тоглолтод Монголын багаас Б.Энхзул, О.Цасан-Охин, Б.Намуун нар гоолдсон ч, хариу дөрвөн гоол хаалгандаа алдсанаар ийн хожигдсон юм.
Монголын шигшээ дараагийн тоглолтуудаа 12-р сарын 2-нд Хойд Солонгостой, 12-р сарын 4-нд Хонгконгтой хийх хуваарьтай байна.
Зүүн Азийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн АШТ 2005 оноос эхлэлтэй бөгөөд эл тэмцээнд Японы шигшээ дөрвөн удаа, Хойд Солонгосын баг гурав, Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд нэг удаа түрүүлсэн байдаг.