Ирэх жилийн олимпын өмнө зохион байгуулагдах хамгийн нөлөө бүхий том тэмцээний нэг учраас дэлхийн шилдгүүд чуулдаг "Токиогийн Их дуулга"-д одоогоор 88 орны 534 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна.
Тус тэмцээн 12-р сарын 2, 3-ний өдрүүдээр болно. Монголын жүдочдын хувьд, 2023 онд барилдах сүүлийн тэмцээн энэ бөгөөд 21 жүдоч зодоглох ажээ.
Тэдний дотор, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц багтжээ. Тэрбээр сагсан бөмбөгөөр хичээллэж байсан агаад 3х3-ийн залуучуудын Үндэсний шигшээ багт ч дуудагдаад амжсан удаатай.
Мөн 2019, 2020 онуудын Үндэсний Их баяр наадмаар зодоглож, 2020 онд нэг давсан билээ. Тэрбээр 2002 онд төрсөн агаад өнөө жил 21 настай.
Харин жүдо бөхийн төрлөөр, 2020 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Өнөө жил Хонг Конгод явагдсан Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль авсан юм.
Энэ удаагийн Токиогийн Их дуулгад Монголоос дэлхийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, Ё.Басхүү, энэ оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд буй Б.Гончигсүрэн, Азийн наадмын хүрэл медальт А.Адъяасүрэн, Л.Сосорбарам нарын тэргүүтэй олимпын наадмын медалийн таамагт гол найдлага гэгдэж буй тамирчид зодоглоно.
Сануулахад, өнгөрсөн оны Токиогийн Их дуулгаас Л.Сосорбарам, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.
