ОУОХ-ноос гурван орос тамирчныг иргэншлээ сольж, өөр улсын нэрийн өмнөөс олимпод оролцохыг зөвшөөрлөө. Урьд өмнө тамирчид иргэншлээ солих явдал олон гардаг, жирийн үзэгдэл ч энэ удаагийнх өөр байлаа. Учир нь тамирчин гадаад улс оронд шилжихэд Үндэсний олимпын хорооноосоо зөвшөөрөл авдаг. Мөн тухайн тамирчныг авсан улсаас ҮОХ-нд нь тодорхой мөнгө төлдөг. Харин ҮОХ нь тухайн тамирчныг гадаад улсын нэрийн өмнөөс оролцохыг зөвшөөрөөгүй тохиолдолд гурван жил олон улсын тэмцээнд оролцохгүй хүлээдэг ёстой.
Энэ удаад дээрх гурван тамирчин гадаад улс оронд шилжихдээ ОХУ-ын ҮОХ-ноос зөвшөөрөл аваагүй байна. ОУОХ тэднийг 3 жилийн хоригт оролгүй Парисын олимпод оролцож болно гэж шийдвэрлэсэн. Мөн ямар нэг төлбөр ОХУ-ын ҮОХ-нд төлөх тухай ч яригдаагүй байна. Дугуйн спортын Михаил Яковлев Израилд, мөн дугуйчин Валерия Любимова Францад, сонгомол барилдааны Георгий Тибилов Сербийн шигшээд орсон. ОУОХ-ны энэ шийдвэрийн дараа Оросын олон тамирчин ПАРИС-2024 наадамд оролцохын тулд иргэншлээ сольж эхлэнэ гэж ОХУ-ын ҮОХ эмээж байгаа юм.
ОУОХ-ноос энэ шийдвэрээ “ОХУ-ын ҮОХ-ны үйл ажиллагааг бид 2023 оны аравдугаар сарын 12-ны шийдвэрээр зогсоосон байгаа. Тиймээс тус ҮОХ тамирчидтай ажиилах эрх зүйн үндэс байхгүй” гэж тайлбарлажээ.