Хүн бүрийн амьдралыг харах, мэдрэх өнцөг өөр. Тиймээс ч хүн бүрийн амьдралаас хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйл өөр өөр. Бид өөрсдийн хувийн үнэт зүйлээ тодорхойлон танин мэдсэнээр өөртэйгөө ижил үнэт зүйлтэй хүмүүсээр хүрээлүүлэн нөхөрлөж, амьдралын хамтрагчаа ч ижилхэн үнэт зүйлтэй хүнээр сонгосноор урт хугацааны эрүүл харилцааг бүтээж чадна.
АНУ-ын "National Association of Charter School Authorizers" байгууллагаас тодорхойлсноор хувь хүний голлох үнэт зүйлийн 230 төрөл байдаг бөгөөд хүн бүр өөрийгөө танин мэдсэнээр хамгийн чухал үнэт зүйлсээ олж мэдэх хэрэгтэй юм.

Хувь хүний үнэт зүйл нь гэр бүлийн харилцаа, бага нас, найз нөхөд, шашин шүтлэг, нийгэм цаг үе, хувь хүний төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамааран бүрэлдэн тогтдог боловч цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөх боломжтой.
Дэлхий нийтийн хамгийн түгээмэл 10 үнэт зүйл:
Альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл
Найдвартай байдал
Шударга байдал
Өгөөмөр байдал
Эр зориг
Талархал
Сайн сайхан байдал
Тогтвортой байдал
Гэр бүл
Өөрийгөө хүндлэхүй
Та ч бас өөрийн үнэт зүйлийг тодорхойлохын тулд дараах 6 зааврыг даган жагсаалт гаргаарай.

#1 Амьдралынхаа хамгийн утга учиртай, үнэ цэнтэй зүйлийг бодох. Хайртай гэр бүл, үнэ цэнтэй ажил, сайхан нөхөрлөл, гал халуун хайр дурлал, хүсэл мөрөөдөл гээд л эхний ээлжид санаанд орсон бүх зүйлээ эрэмбэлэлгүй биччих.
#2 Ямар үед, ямар орчин нөхцөлд өөрийгөө хамгийн хэрэггүй хүнээр мэдэрдэг талаараа бодох. Бодоход муухай санагдах ч утга учиргүй зүйлст ахин цаг зарцуулах шаардлагагүй болно гэдгээ санаарай.
#3 Ямар түүх танд урам зориг өгдөг болохыг анзаарах. Танд юу, ямар салбар, хэний ямар түүх хамгийн гайхалтай санагддаг вэ?
#4 Юу таныг хамгийн ихээр бухимдуулдаг талаар бодох. Бид өөрсдийн хувьд чухал гэж үзсэн зүйлстээ хамгийн ихээр бухимдаж сэтгэл хөдлөл мэдэрдэг. Бусадтай сайхан нөхөрлөхийг хүсдэг ч харилцааны чадваргүйдээ гутардаг бол таны үнэ цэн нөхөрлөл болох нь үүнээс харагдаж байгаа биз?
#5 Өөрийн "мөрөөдлийн" орчныг төсөөлөх. Тэнд та юу хийж, ямар хүмүүсээр хүрээлүүлж, өдөр бүрийг ямар үнэ цэнтэй зүйлээр дүүрэн өнгөрөөж байгаа бол?
#6 Өөрөөрөө хамгийн их бахархсан амжилтаа эргэн санах. Чухам яагаад танд үнэ цэнтэй санагдаж буйг дэлгэрүүлэн өөрөөсөө асуугаарай.
Та өөрийн үнэт зүйлийг сонжоо байдлаар ЭНЭ сайтаар бөглөн үзэх боломжтой шүү. Үнэт зүйлээ эрхэмлэн яваарай.
Эх сурвалж Personalvalu.es