UBLife Logo
Newsfeed

Яг одоо эрчим хүчээ хэмнэх 9 энгийн дадал + Бид юу хийж чадах вэ?

Г.Сүрэн
Г.Сүрэн
Яг одоо эрчим хүчээ хэмнэх 9 энгийн дадал + Бид юу хийж чадах вэ?

Нэг цаг тог тасрахад л бид эрчим хүч ямар үнэ цэнтэй, өдөр тутмын амьдралд чухал шаардлагатайг шууд мэдэрдэг. Дэлхийн дулаарлын сөрөг нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхий нийтээр эрчим хүчээ хэмнэх шаардлагатай тулгараад буйг бид мэддэг ч өдөр тутам ямар хувь нэмэр оруулж чадахаа төдийлөн мэддэггүй. 

Өглөө босоод усаа буцалгах, гэрлээ асаах, гараа угаах гээд л жижиг үйлдлүүдээрээ бид эрчим хүчээ хэрхэн хэмнэж чадах вэ? Олон улсад эрчим хүч хэмнэх нь хамгийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Эрчим хүчээ хэмнэх нь тогны мөнгө хэмнэн, ачааллыг буруулахаас гадна НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн дэмжих өндөр ач холбогдолтой. Иймээс бид эрчим хүчээ зохистой хэрэглэж, хэмнэж чадвал ирээдүйд агаарын бохирдлыг бууруулж, байгаль дэлхийдээ эерэг нөлөө үзүүлж чадна. 

Яг одоо ч та бидний хэрэгжүүлж чадах энгийн хэрнээ ашиг тустай дадлууд, эрчим хүчээ хэмнэснээр гарах бодит тоон баримтуудыг харцгаая.

Яг одоо эрчим хүчээ хэмнэснээр гарах 5 ид шид

 Оргил цагийн эрчим хүчний ачааллыг бууруулж чадна

Улаанбаатарчуудын эрчим хүчний ачааллын үе 17-22 цаг байдаг бол олон улсын хотуудын өвлийн оргил цаг дунджаар 18-21 цаг байдаг аж. Энэ үеэр эрчим хүчээ хэмнэж чадвал бусад цагуудад хэмнэснээс илүү хувь нэмрийг эрчим хүчний системд оруулж, эрчим хүчний ачааллыг бууруулахаас гадна хэт ачааллаас улбаатай аливаа эрсдэлээс хамгаалж чадна. 

325 сая хүний амьдралд эрсдэл үүсэхээс хамгаална

Дэлхий даяар жил бүр цаг уурын өөрчлөлтөөс улбаатай өлсгөлөн, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж 315 мянга гаруй хүн амиа алдаж, 2030 он гэхэд энэ тоо хагас саяд хүрэх төлөвтэй буйг Женевт төвтэй Дэлхийн хүмүүнлэгийн форумаас мэдээлсэн. Уур амьсгалын өөрчлөлт 325 сая хүний амьдралд шууд ноцтойгоор нөлөөлж байна. 

Хэрвээ АНУ-ын хүн бүр эрчим хүчний хэрэглээгээ нэг жилийн дотор 15 хувиар бууруулбал 2000 гаруй хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зардлыг хэмнэж чадах судалгаа бий. Улаанбаатарчууд ч адилхан үр нөлөөг үзүүлж чадна даа? 

Амьтдын амь нас, тоо толгойд шууд нөлөөлж чадна.

Манай гараг дээр хүнээс өөр 9.2 сая төрлийн организм байдаг бөгөөд алтан бах, цагаан баавгай, адели оцон шувуу, Хойд Атлантын сагамхай зэрэг олон зүйлийн амьтан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бүр мөсөн устжээ. Дэлхийн дулаарлын улмаас оцон шувуудын тоо толгой цөөрч, 2100 он гэхэд бүр мөсөн устан үгүй болоход хүрээд байгаа бол та бид жижигхэн ээлтэй дадлуудаараа энэ он жилийг багахан ч болов уртасгаж, хамгаалж чадна. 

Их хэмжээний мөнгө хэмнэнэ

Улаанбаатар хотын иргэдийн цахилгааны төлбөр гар утасны төлбөрөөс 3 дахин бага гэдгийг та анзаарч байсан уу? Нэг хүний сарын дундаж гар утасны төлбөр 60-70 мянган төгрөг байгаа бол ус дулааны төлбөр 20 мянга гаруй төгрөг байна. Гэрэл цахилгаанаа хоёр дахин хэмнэж чадвал та төсөөлснөөсөө их мөнгө хэмнэж чадна. 

Илүү ногоон, илүү аз жаргалтай дэлхийг хамтдаа бүтээнэ 

Хүн төрөлхтөн нэг жилд 50 тэрбум тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулж байна. Монгол Улсын хүлэмжийн хий ялгаруулалтын хэмжээ 1990 онтой харьцуулахад 2020 онд 75 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлтөөс даруй гурав дахин их үзүүлэлт  юм. Харин Европын холбооны улсууд, Япон, Казакстан зэрэг улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 1990 оны түвшнээс буурсан аж.

Өдөр тутам эрчим хүч хэмнэх 9 энгийн дадал + Сонирхолтой баримтууд 

#1 17-22 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэх

Улаанбаатарчуудын оргил эрчим хүч хэрэглэдэг 17-22 цагийн үеэр эрчим хүчээ хэмнэн, системийн ачааллыг хөнгөлбөл та эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хувь нэмэр оруулж чадна. Цагаа тохируулахад л болохоор амархан дадал байгаа биз? 

#2 Хөргөгчөө бага нээх

Ээжүүд хөргөгчөө байн байна нээлээ гэж загнадаг нь үнэний ортой байх нь ээ. Та хөргөгчөө нээх бүртээ хөргөгчийн 30 хувийн хүйтэн агаарыг алдуулж байдгаа мэдэх үү? Алдагдсан хүйтнийг нөхөхөөр хөргөгч хаагдмагцаа дахин ачааллаж ажиллаж эхэлнэ. Ингээд л эрчим хүч алдагдана шүү дээ. 

#3 Цэнэглэж дуусаад л цэнэглэгчээ салгах

Утасны цэнэглэгчийн зарцуулсан эрчим хүчний ердөө 5 хувь нь утсаа цэнэглэхэд зарцуулагддаг тул дуусаад унтраахаа бүү мартаарай. Зурагт интернэт төхөөрөмжөө унтахдаа унтрааж хэвшвэл тархины эрүүл мэндэд ч тустай шүү. 

#4 Ганцаардахгүй байх

Гайхаж байна уу? Тэгвэл ганцаардах нь эрүүл мэнд төдийгүй эрчим хүчинд хамгийн сөрөг нөлөөтэй мэдрэмж юм байна. Учир нь ганцаараа амьдарч, ганцаараа хооллож, ганцаараа эрчим хүчээ хэрэглэснээр нэгж хүний зарцуулах эрчим хүч нэмэгдэх болно. Эрчим хүч, ус дулаанаа хэмнэн хамтдаа дулаахан байцгаая. 

#5 Чийдэнгээ LED чийдэнгээр солих 

LED чийдэн нь хамгийн үр ашигтай гэрлийн чийдэн бөгөөд бусад чийдэнгээс 95 хувь бага эрчим хүч зарцуулдаг. Та чийдэнгийн ашиглалтын хугацаанд 100 гаруй доллар хэмнэх боломжтой. Мөн мэдрэгчтэй гэрэл ашиглавал гэрэлтүүлгийн зардлыг 30 хувь хэмнэж чадна. 

#6 Хамгийн чухал нь сэтгэл! 

Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтраах, унтахдаа зурагтаа бүрэн унтраах, шүдээ угаахдаа усаа хаах, угаалгын машиндаа хувцсаа нэг нэгээр нь биш өнгө дагуугаар нь бөөнд нь угаах, гээд л... Хэрвээ өрөө тасалгаа хүйтэн байвал яаран дулаанаа нэмэхээс урьтан цонх, хаалгаар дулаан алдагдаж буйг шалгаарай. Өрхийн дундаж эрчим хүчний төлбөрийн 30 орчим хувийг дэмий зарцуулсан эрчим хүч бүрдүүлдэг. Цонх, хаалга, пийшинг зохих ёсоор битүүмжлэхгүй байх нь хагарлаар дамжин дулааныг гадагшлуулдаг. 

#7 Эрчим хүч шимэгчдийг тогтоож авах

Доорх цахилгаан хэрэгслүүд эрчим хүч хамгийн ихээр шимэгчид буюу үргүй зардал гаргагчид юм. Тиймээс эдгээрийг хэрэглэж дуусмагцаа залгуураар нь салгаж байгаарай. Зөөврийн компьютер нь суурин компьютероос 85% бага цахилгаан зарцуулдаг гэнэ шүү.

#8 Ажлын орчинд, эргэн тойрондоо үлгэрлэх 

Цахилгаан шатанд дараагийн хүнээ хүлээгээд хамтдаа суух, ажлын орчиндоо уртасгагчаа унтрааж хэвшиж, дундын ус буцалгагчаа хэмнэлттэй хэрэглэх гээд л энгийн зүйлсийг бид төвөггүй амархан хийж чадна. 

#9 Эрчим хүчний шошгыг уншиж сурах

Цахилгаан хэрэгсэл худалдаж авах бол А үнэлгээтэй хэрэгсэл сонгон цахилгааны зардлаа 30 хувь бууруулаарай. Хэрэв хүн бүр ус буцалгагч ашиглах бүртээ өөрт хэрэгтэй усаа л буцалгадаг бол бид нэг жилийн дотор Их Британийн гудамжны гэрлийг 7 сар орчим ажиллуулах хэмжээний цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой.


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр “Тог-оо тохируулъя 17-22 цаг” аяныг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо манлайлан эрчим хүчний салбараас хэрэгжүүлж байна. Нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын 17-22 цагт цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулахад та бид бодит хувь нэмэр оруулж чадна. Өөрөөсөө эхэлцгээе! 

Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлсэн агуулга нь хувь сэтгүүлчийн үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хөтөлбөрийн албан ёсны байр суурь биш болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.