Леван Китоевич Тедиашвили бол ЗХУ-ын Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпын хошой аварга (1972, 1976), дэлхийн 4 удаагийн аварга (1971, 1973-75), самбо бөхийн дэлхийн аварга (1973) хүн. Тэрээр их зантай хөлбөмбөгчийг хэрхэн хашрааснаа алс тэртээ 1998 онд “Спортивная жизнь России” сэтгүүлийн ярилцлагадаа өгүүлж байжээ.
Хэрэг 1976 оны Монреалийн олимпын үеэр болжээ. Тедиашвили тэр үед Мюнхен олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга болчихсон байв. Монреальд Леван чөлөөт бөхийн 90 кг-ын жинд түрүүлсэн. Гэхдээ тэр олимпод оролцож чадахгүй болох шахжээ. Учир нь Леваныг шигшээ багаас сахилга бат алдсан хэргээр хасах гэж байсан гэдэг. Чөлөөт бөхийн шигшээ багт ямар ч асуудал байсангүй, Леван хамт олныхоо зүрх сэтгэл нь болсон тамирчин. Шалтгаан нь тэр үеийн хамгийн алдартай тоглогч, 1975 оны “Алтан бөмбөг” шагналын эзэн, ЗХУ-ын шилдэг хөлбөмбөгч Олег Блохинтой гар зөрүүлсэн явдал байжээ.

Леван Тедиашвили тэр явдлын талаар “Алексеев, Турищева бид гурав байрандаа зурагт үзээд сууж байлаа. Гэнэт Блохин орж ирээд юу ч хэлэлгүй, суваг сольдог юм байна. “Буцаагаад тавь” гэж хэллээ. Харин тэр намайг хүйтэн гэгч нь хялайн харснаа хөдөлдөггүй. Од гэж өөрийгөө бодсон нь илт. Тэсвэр алдаад түүнийг бариад авлаа. Захнаас нь атгаад шатны уруу шидлээ. Гай болж дороос Лобановский өгсөж таараад багш, шавь хоёр пижигнээд унав. Ингээд хэрэг эхэллээ. Шигшээ багийн хурал болж, намайг олимпод барилдуулалгүй, нутаг буцаах болов. Эцсийн үгээ хэлье гэж гуйгаад “Эх орныхоо төлөө олимпын алтан медаль авах боломж олгооч. Энэ 11 царайлаг хөлбөмбөгч хэчнээн хичээгээд ганцыг ч авч чадахгүй медаль шүү” гэж хэллээ” гэж ярьж байна.

Үнэхээр хөлбөмбөгчид хагас шигшээд БНАГУ-ын багт ялагдаж, хүрэл медальтай буцсан бол Тедиашвили финалд Бен Петерсоныг шүүгчидтэй цуг ялаад алтан медаль авсан юм.

“Ингээд намайг барилдуулах боллоо. Финалын барилдааны өмнө америк бөхийн талд шүүгчид орно гэдгийг мэдэж байлаа. Цагийн хуваариа өөрчлөөд бидний барилдааныг хүнд жингийн дараа болгожээ. Зохион байгуулагчид чөлөөт бөхийн тэмцээний хамгийн сүүлд АНУ-ын сүлд дуулал эгшиглүүлэхээр бэлтгэсэн нь мэдээж. Дэвжээн дээр гараад Павловыг дуудаад “Намайг Шахмурадов авч гарахыг хүсэхгүй байна” (Юрий Шахмурадов тэр үед ЗХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч) гэж хэлтэл их гайхаж байна. “Хэнтэй хамт гарахыг хүсээд байгаа юм” гэж асуухад нь “Тэнд боксын дасгалжуулагч зогсож байна. Тэр бөхийн талаар юу ч мэдэхгүй. Буланд гарч ирээд сууж байг” гэлээ. Хэрэв Юрий намайг авч гарсан бол чанга дуугаар зааж хашгараад шүүгч нарт намайг торгох боломж олгох гээд байсан юм. Харин боксчин надад юу зөвлөх билээ? Завсарлагаанаар “Давай, давай...” гээд л сууж байсан. Намайг гурав торгосон тохиолдолд л америк бөх ялах байлаа. Гэхдээ дүрэм ёсоор нэг үед хоёроос илүү торгож болохгүй. Тиймээс би эхлээд санаатайгаар бага зэрэг ялагдаж өгөв. Харин сүүлийн үед довтолж, оноо аван, тэргүүлж эхэллээ. Шүүгч нар сандран, намайг торгож эхлэв. Уучлаарай, шүүгчдээ нэг үед хоёроос илүү торгож болохгүй. Дүрэм бол дүрэм. Ингэж би бүгдийг нь зальдаж, олимпод түрүүлж байлаа. Би чинь Леван шүү дээ” гэж дурссан юм.
Тедиашвили одоо 75 настай, Гүрждээ амьдарч байна. Цус харваад нөхөн сэргээх эмчилгээнд ороод байгаа юм.