UBLife Logo
Урлаг

Зураач Ц.Соёлмаа: Уран бүтээлчид ямар ч үед үзэгчдээ хүндлэх ёстой

Зураач Ц.Соёлмаа: Уран бүтээлчид ямар ч үед үзэгчдээ хүндлэх ёстой

Анх түүнтэй Н.Энхбаярын орчуулсан “Орчин үеийн хятад яруу найраг” номын хавтасны зураач гэдгээр нь танилцаж байв. Энэ удаад харин “Зүүдний зэрэглээ” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ “Лхам” галлерейд дэлгээд байх үед нь уулзлаа. Уран бүтээлчийн хувьд анхны үзэсгэлэнгээ гаргана гэдэг өөрийгөө хүмүүст танилцуулах чухал үйл явдал. Бид хятад зургийн төрлөөр уран бүтээл туурвидаг цөөн монгол зураачдын нэг Ц.Соёлмаатай ярилцсан юм. Түүнийг соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн охин гэдгээр нь хүмүүс эчнээ таних биз ээ.


-Зураачид залуудаа, магадгүй бүтээн туурвиж буй хамгийн идэвхтэй үедээ анхны үзэсгэлэнгээ гаргах сан гэх бодолд олонтоо ээрэгддэг болов уу. Таны хувьд сургуулиа төгсөөд нэлээд хугацаа өнгөрсөн хойно анхны үзэсгэлэнгээ дэлгэж байна?

-Би анхны бие даасан үзэсгэлэнгээ орой гаргалаа гэж бодохгүй байна. Сургуулиа дөнгөж төгсөөд байх үед үзэсгэлэн гаргая гэсэн залуу насны гэнэн мөрөөдөл бол хатгаж байсан. Гэхдээ цаанаа бол өөрийгөө үргэлж л голдог байлаа. Боловсроогүй, юу ч сураагүй, юу ч чадахгүй байж яах гэж үзэсгэлэн гаргах гээд адгаад байдаг юм гэж. Яах гэж үзэсгэлэн гаргах гээд байгаа юм гэдэг бол чухал асуулт шүү дээ. Түүнчлэн хувь хүнийхээ хувьд ч, уран бүтээлчийн хувиар ч төлөвшинө гэдэг асар том үйл явц бий. Зургаа, долоон жил дагасан багш маань анхны бие даасан үзэсгэлэнгээ 60 гаруй настайдаа гаргасан. Аав болохоор өдгөө нас дал гарсан ч анхны үзэсгэлэнгээ гаргаагүй л байна. Гэсэн ч тэдний мундаг уран бүтээлчид гэдгийг хүмүүс мэднэ. Харин би дөнгөж л сургууль төгсөж ирчхээд өөрийгөө ч тодорхой таньж, мэдэж амжаагүй байгаа учир үзэсгэлэн гаргах болоогүй гэж боддог байлаа. Нөгөө талаар, Монголд хятад зургийн чиглэлээр тууштай бүтээл туурвиж байгаа гэвэл би ганцаархнаа. Тэгэхээр хятад зургийн бүтээлийг ойлгох хүн Монголд цөөхөн. Хятад зураг гэхээр шууд л Хятадын урлагийг авчраад л бидэнд наах гэж байна гэсэн хардалттайгаар хүлээж авах хүн олон байдаг. Тиймээс үзэсгэлэн гаргая гэж яараагүй. Хамгийн гол нь бүтээл шүү дээ. Бүтээл хийх явц хувь хүнийг өөрийг нь хүмүүжүүлж байдаг.

-Өөртөө сэтгэл ханамж дүүрэн байдаг бүтээл бий юу?

-Одоогийн үзэсгэлэнд минь тавигдаад буй “Говь” нэртэй бүтээл бий. Энэ бүтээлдээ би говийн заг модыг шие-и техникээр зурсан. Хувь уран бүтээлчийн мэдрэмж, дотор хүнийг маань илэрхийлж чадсан бүтээл гэж боддог. Санааг нь арваад жил бодсон ч, цаг тохирол нь бүрдэж, бараг ганц сарын дотор л гараас гарсан. Зураачид ганцхан удаа зураад сэтгэл нь ханачихдаггүй хүмүүс, маш олон зурж байж сая сэтгэлдээ нийцсэн бүтээл гараасаа гаргана. 

(Зургийн тайлбар: Зураач Ц.Соёлмаагийн "Говь" бүтээл)


-Таны зурах арга барил төлөвшихөд нөлөө үзүүлсэн уран бүтээлч байдаг уу?

-Надтай хамгийн ойр байсан нь багш л юм даа. Гэхдээ би багаасаа л “аль болох хүн дуурайхгүй юм сан” гэж боддог байсан. Хятадад шавь нар нь багшийнхаа арга барилыг хуулж төгсөх нь түгээмэл үзэгдэл л дээ. Тэндээс өөрийн өнгө аястай уран бүтээлч төрөх нь ховор. Төгсөлтийн үзэсгэлэнгүүдийг харахад оюутнуудын бүтээл багшийнхтайгаа яг адилхан. Би тэр байдлаас аль болох зугтаахыг хичээсэн. Мөн монгол хүний онцлогийг нээж, бүтээлдээ тусгахыг зорилгүй л яах вэ. Тэгэхдээ миний эхэн үеийн бүтээлүүдэд ч юмуу, зарим гүнби зурагт маань багшийн хэв маяг туссан байхыг үгүйсгэхгүй. Би тэр хүнээс суралцаж, бүтээлүүдийг нь ойроос харж байсан учраас өөрөө ч анзааралгүйгээр автчихсан зүйл ажиглагдаж магадгүй. Түүнчлэн миний бүтээлүүдээс уран зохиол юмуу, зарим киноны уур амьсгал мэдрэгдэж болох юм. Яагаад гэвэл би ном унших, кино үзэх дуртай. Гэхдээ бүтээл хийж байх хугацаандаа элдэв уран бүтээлээс хол байдаг. 

-Уран бүтээлчдэд өөрийн гэсэн арга барил, бүтээл туурвих хэлээ олох, нээх явдал нь эргэлтийн цэг байдаг болов уу. Таны хувьд, бусдаас ялгарах онцлог арга барилаа хэрхэн нээж, төлөвшүүлсэн бэ?

-Уран бүтээлчийн онцлог гээд нэг зүйлийг тогтоогоод барина гэдэг өрөөсгөл ойлголт. Уран бүтээлч хүн эрэл хайгуулаа зогсоовол тэр чигтээ гацаж байгаагийн л шинж байдаг. Арга барил гэдэг уйгагүй бүтээл туурвих явцад уран бүтээлч өөрөө ч анзаараагүй байхад нь тогтчихдог зүйл юм байна. Миний 2014-2023 он хүртэлх хугацаанд туурвисан бүтээлүүдийн ихэнх нь академик шинж чанартай байсан. Долоон жил суралцсан академийн хэв загвараас гарна гэдэг хэцүү юм билээ. Ер нь би ямар нэгэн суучихсан хэв загварыг шууд эвдэх боломжгүй гэж боддог. Дээрх хугацаанд би зогсоо зайгүй бүтээл туурвисан л даа. Яах вэ, дунд нь хоёр жил завсарласныг эс тооцвол шүү дээ. Одоогийн бүтээлээ хэдэн жилийн өмнөх бүтээлүүдтэйгээ харьцуулахад илүү чөлөөтэй, өөрийн үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлэхдээ зоригтой, итгэлтэй болж байгаа санагддаг. Энэ өөрчлөлт маань ч надад таалагддаг. Академид сурч байх хугацаандаа олон жилийн туршид төлөвшсөн хатуу дэг журамд захирагддаг байлаа. Гэхдээ тийм хүчтэй хэвэнд дарагдаж байгаад гэнэт эрх чөлөөтэй болчихоор юу хийхээ мэдэхгүй төөрчихдөг юм билээ. 

Авьяас гэдэг бол бусад хүмүүсээс илүү мэдрэмтгий, улмаар тэр мэдрэмжээ илэрхийлж гаргаж байгаагийн л нэг хэлбэр. Харин сургуульд сурах явц бол зөвхөн техник талаасаа биш хүнийхээ хувьд боловсорч байгаа үе шат байдаг. Жишээлбэл, миний хувийн характер адгуу, сандруу, ажлаа хурдан хугацаанд дуусгаж, үр дүнг нь гялс харахыг хүсдэг төрлийнх байсан юм. Академик сургалтаар долоон жил явахдаа тууштай сууж сурсан байна. Хятад зургийн техник бол удаан суухаас өөр аргагүй хатуу тэвчээр шаарддаг. Харин би энэ зуурт амьдралд хандахдаа ч тэвчээртэй, бусдыг сонсдог болж төлөвшсөн байна.

-Хятад зураг аль шинжээрээ дэлхийн урлагт хүчтэй байр суурийг эзэлдэг юм бол?

-Би өөрөө хятад зургаар суралцсан болохоор мэдээж магтаж ярина шүү дээ. Хятад зургийн үндсэн хоёр техник бий. Нэг нь ордны ихэс дээдэс, хаад ноёдыг даган хөгжиж ирсэн гүнби зураг. Нөгөөх нь, будааны боловсруулаагүй цаасан дээр бичилтэд техникээр буулгадаг шие-и зураг. Шие-и техникийг бичгийн хүмүүс түлхүү хөгжүүлсэн учраас гүн ухаан төвтэй урсгал гэгддэг. Монголын түүхтэй холбож яривал Юань гүрний үед Хятадын бэхэн зураг эрс хөгжсөн гэж үздэг. Нүүдэлчдэд эзлэгдсэний дараах хямралаас үүдэн, шие-и урсгал сэтгэлгээ, сэдвийн хувьд өөрчлөгдөж, энэ төрлийн уран бүтээлчид илүү хүчтэй бүтээл туурвих болсон. Дэлхийн дүрслэх урлагийн салбарт хятад зураг, цаашилбал Азийн урлагийн нөлөө их бий. Өөрөө өөрийгөө дотроосоо хайсан Азийн соёл зөвхөн дүрслэх урлагт ч биш урлагийн бүх төрөлд нөлөөлж байгаа. Сүн гүрний үед хөгжсөн жижиг хэмжээст ордны зургууд гэхэд л тэр чигээрээ хайку гэсэн үг. Учир нь гүн ухаан, шүлэг, техник гурав нийлж байж хятад зургийн цогц бүтээл болдог. Хятад зургийг мэдрэмжээрээ шууд зурчих боломжгүй, харин удаан хугацааны туршид бодож, нарийн төлөвлөж, дам бэлгэдэлт утгуудыг шингээн бүтээдгээрээ онцлог. Хятад зургийн гол философи нь бэлгэдэл юм. Тэгэхээр миний бүтээлийг гүйцэд ойлгохын тулд Хятадын болоод Монголын бэлгэдлийн талаар судлах ёстой болно. Миний бүтээлүүдэд олон төрлийн бэлгэдэлт утга нуугдаж байгаа. Тэр бэлгэдлүүдийг анзаарч харах юм бол зургийн маань дотогш, илүү гүнд нь орох боломжтой. Би оюутан байхаасаа л зүүдээ манах дуртай. Кино үзэж байгаа юм шиг зүүднээсээ санаа олоод түүнийгээ зурах юм сан гэж боддог байлаа. Ид шидэнд итгэдэг гэх үү дээ.

-Монголчуудын байлдан дагууллын нөлөөгөөр шие-и урсгалын бүтээлд илүү гунигтай өнгө аяс давамгайлах болсон гэж үү?

-Гуниг гэдэг уран бүтээлч хүмүүсийн салшгүй анд нөхөр. Гуниг мэдрэхгүйгээр бүтээл хийх боломжгүй юм шиг санагддаг. Ганцаардал, гуниг гэхчлэн мэдрэмжүүдийн туйлыг мэдэрч байж бодит үнэнд дөхөхүйц бүтээл туурвидаг болов уу. 

-Харин танд гуниглах завдал хэр элбэг олддог вэ?

-Хүн байнгын гунигтай, бодолд автсан байдалтайгаар оршино гэж байхгүй л дээ. Заримдаа бид өөрөө ч анзаараагүй атлаа ахуйн асуудлуудад ядарчихсан байдаг. Өөрийгөө сонсохгүй удчихаар яалт ч үгүй цаанаасаа л гунигтай мэдрэмж төрдөг дөө. Тэгэхээр би ганцаараа байх хугацаандаа өөртөө цаг гаргаж гунигладаг юм.

-Дүрслэх урлагийн чиглэлээр бүтээл туурвихад академик боловсрол хэр чухал суурь болдог вэ, зөвхөн заяагдмал авьяас, мэдрэмжид тулгуурлан бүтээл туурвих боломж байдаггүй гэж үү?

-Би академик боловсрол маш чухал гэж боддог. Хүн байгалиасаа авьяастай, өвөрмөц төрж болно л доо. Авьяас гэдэг бол бусад хүмүүсээс илүү мэдрэмтгий, улмаар тэр мэдрэмжээ илэрхийлж гаргаж байгаагийн л нэг хэлбэр. Харин сургуульд сурах явц бол зөвхөн техник талаасаа биш хүнийхээ хувьд боловсорч байгаа үе шат байдаг. Жишээлбэл, миний хувийн характер адгуу, сандруу, ажлаа хурдан хугацаанд дуусгаж, үр дүнг нь гялс харахыг хүсдэг төрлийнх байсан юм. Академик сургалтаар долоон жил явахдаа тууштай сууж сурсан байна. Хятад зургийн техник бол удаан суухаас өөр аргагүй хатуу тэвчээр шаарддаг. Харин би энэ зуурт амьдралд хандахдаа ч тэвчээртэй, бусдыг сонсдог болж төлөвшсөн байна. Бас хэт амар хялбар зүйлд хөнгөн автдаггүй болсон. Тэгэхээр эдгээр өөрчлөлт бол сургуулийн маань л нөлөө шүү дээ. 

-Бүтээн туурвиж буй үйл явцдаа эргэлзэх үе хэр олон тохиолддог вэ?

-2017-2018 оны үе миний хувьд маш том эргэлзэх цэг байсан. Юу сурсан, юу хийгээд байгаа юм бэ гэдэгтээ төвлөрч, өөртэйгөө ярилцахад хүрсэн. Түрүүн дурдсанаар, хоёр жил уран бүтээлээс завсарласан гэдэг бол хүүхэд төрүүлсэнтэй холбоотой. Хүүхэд төрүүлсний дараах сэтгэл гутралтай холбоотой байсан ч байж магадгүй, ямартаа ч тэр үеэс өөрийн бүтээлдээ эргэлзэж эхэлсэн. Цаашдаа хятад зургаар дагнаад явах уу, эсвэл дэлхийн жишгийг дагаад контемпорари урлагийн бүтээл хийх үү гэж бодсон маань ч тэрхүү гацалтаас гарах гэсэн л эрмэлзэл. Зогсолтгүй бүтээлээ хийж байж л тэр гацалтаас гарсан. 

-Зарим бүтээлийг зурж байх явцад үргэлжлүүлмээргүй санагдах үе гардаг уу. Тийм нөхцөлд хэрхдэг вэ?

-Бид нэг бүтээл эхлүүлээд “Энэ маань болохгүй болчихлоо. Ахиад шинээр эхлүүлье” гэхээр багш “Эхлүүлсэн л бол заавал дуусга. Аймшгийн муухай болсон ч хамаагүй, зүгээр л дуусга. Харин дуусгасныхаа дараа хаях уу, үлдээх үү гэдгээ шийд” гэж шахдаг байсан. Багшийн энэ үг амьдралд маань ч тусаа өгсөн сургамж гэж боддог юм. Надад юмыг дутуу орхино гэдэг асуудлаас зугтааж байгаа юм шиг санагддаг. Заримдаа хийж байгаа бүтээлээсээ уйдчихвал түр хугацаанд хойш тавьж, дундуур нь өөр нэг бүтээл хийчхээд өнөөхөө үргэлжлүүлбэл илүү урам зоригтой байдаг. 

 Дүрслэх урлагийн бүтээлийг харах нь ном уншиж байгаатай адилхан. Жишээлбэл, “Анна Каренина”-г чи бид хоёр өөр өөр өнцгөөр ойлгож уншина. Тухайн хүний туулсан амьдрал, үзсэн, харсан зүйлс, мэдэрсэн, мэдрээгүй мэдрэмжүүд гээд тэр болгоныг ойлгож уншина гэдэг тухайн уншигчаас дадлага шаарддаг.

-Уран бүтээлч болох шийдвэрт аавын тань нөлөө байсан уу?

-Миний уран бүтээлч болохоор шийдсэн нь цэвэр аавын нөлөө байлгүй яах вэ. Манайх дөрвөн охинтой айл. Аав гэртээ зураг зурахаас гадна гэрээрээ дүүрэн дүрслэх урлагийн сэтгүүл, уран бүтээлчдийн каталог байлгадаг болохоор үзэх зүйл арвинтай өссөн. Би дөрөв, таван настайгаасаа л зураач болно гэж боддог байлаа. Аав бид хоёр төдийлөн олон удаа уран бүтээлийн яриа дэлгэж байгаагүй ээ. Аав миний бүтээлд ерөөсөө шүүмж хэлдэггүй. Ялангуяа бид бүтээл хийж байх явцдаа бол ерөөсөө тэр бүтээлд төвлөрч ярилцдаггүй, дуусгасан хойно нь л ярилцдаг. 

-Уран бүтээлчдийн номын сан гэдэг сонирхолтой зүйлсийн нэг. Таны хувьд, амьдралынхаа аль үед хамгийн идэвхтэйгээр ном уншсан бэ? 

-Сүүлийн үед тухтай ном уншиж чадахгүй байгаа. Хэд хэдэн ном зэрэг эхлүүлээд хаа нэгтээ завдал гарахаар л үргэлжлүүлэн уншдаг болж. Хамгийн их уншсан минь гэвэл оюутан нас. Тэр үед зав чөлөө ч их гардаг байсан учир ялангуяа амралтын өдрүүдийг ном уншиж л өнгөрүүлдэг байлаа. Ихэнхдээ яруу найрагт дурлана. Одоо унших завдал тэр болгон олддоггүй ч дуртай зохиолчдынхоо шүлгийг хааяа уншилгүй л яах вэ. 

-Таныхаар ном уншихын ач холбогдол, шалтгаан нь юу байдаг юм бол?

-Би ном уншихдаа өөрийнхтэйгөө ижил төстэй мэдрэмжүүдийг л тэндээс хайдаг. Амьдралын нөхцөл, цаг хугацаанаас шалтгаалаад хүний бодож, эргэцүүлж байгаа асуудлын хүрээ өөр өөр болон хувирч байдаг шүү дээ. Тэр болгонд асуултынхаа хариултыг номоос олж авдаг. Би ганцаараа байх дуртай. Тийм болохоор ном унших, кино үзэх нь надад хань болдог юм. 

-Харин дүрслэх урлагийн бүтээлийг хэрхэн уншдаг вэ?

-Сүүлийн үед тийм ч олон үзэсгэлэнгээр зочилсонгүй. Гэхдээ үзэсгэлэн үзэхдээ хамгийн түрүүнд техник ажиллагааг нь хардаг. Тэгээд зургийн зохиомж, хэлэхийг хүссэн утга санаа, хэлийг нь ойлгож харахыг хүснэ. Харин өөрөө бол би энэ зургийг ингэж бодоод зурсан, миний бодсоныг л үзэгчид олж хараасай гэж хэзээ ч боддоггүй. Дүрслэх урлагийн бүтээлийг харах нь ном уншиж байгаатай адилхан. Жишээлбэл, “Анна Каренина”-г чи бид хоёр өөр өөр өнцгөөр ойлгож уншина. Тухайн хүний туулсан амьдрал, үзсэн, харсан зүйлс, мэдэрсэн, мэдрээгүй мэдрэмжүүд гээд тэр болгоныг ойлгож уншина гэдэг тухайн уншигчаас дадлага шаарддаг. Би хувьдаа, урлагт гоо зүй байх ёстой гэж боддог юм. Заавал бүдүүлгээр, эсвэл нийгмийн шүүмжит төрхийг байгаагаар нь бүтээлдээ наачихдаг байдал надад гоо зүйгүй санагддаг. Уран бүтээлчид ямар ч үед үзэгчдээ хүндлэх ёстой. Би ингэж бодож л өөрийнхөө бүтээлүүдийг хийдэг. Харин үзэгчид юу харах нь тэдний асуудал учраас уран бүтээлч хүн тэрний төлөө санаа зовох шаардлагагүй. Гэхдээ миний бодож, хүсэж хийсэн бүтээлийг ойролцоо мэдрэмжээр мэдэрч байвал тааламжтай байдаг.  

-Та ямар төрлийн өнгийг илүү таашааж, бүтээлүүддээ аль өнгийг түлхүү ашигладаг вэ?

-Би нэг төрлийн өнгөнд дуртай биш. Гэхдээ саяхан зургуудаа харж байхад цэнхэр өнгө давамгайлсан юм уу даа гэж санагдсан. Багадаа цэнхэр өнгөнд дуртай байсан ч, цэнхэр өнгөтэй зураг зурчихъя гэж хэзээ ч зорьж байгаагүй. Цагийн аяс, бас хүний төлөвшлөөс хамаараад өнгөний сонголт ч гэсэн өөрчлөгддөг юм байна гэдгийг анзаарсан. Жишээлбэл, бакалаврын зэрэг хамгаалсан зураг маань манай сургуулийн оюутнуудынхаас хамгийн хурц өнгөтэй нь байсан. Миний зургийг хятад уран бүтээлчдийн зурагтай харьцуулбал өнгөний сонголтоороо эрс ялгарна.

-Монголын зураачдаас бүтээл болоод үзэсгэлэнгүүдийг нь анхааралтай ажигладаг хүн бий?

-Б.Чогсом гуайн зургуудад дуртай. Нас ахих тусмаа бүтээлүүд нь ч илүү чамбай болж байгаа мэт санагддаг байлаа. Нас барах хүртлээ зургаа зурсаар л байсныг нь ч гэсэн ойлгож хүндэлдэг. Мөн тэр хүний замнал, уран бүтээлдээ хэрхэн ханддаг байснаас нь суралцдаг юм. Аавынхаа бүтээлүүдэд бас дуртай. Аав маань болохоор л бүтээлд нь дуртай гэсэн үг биш л дээ. Аавын бүтээлүүдийг ажиглахад өнгө, зохиомж, зургийн илэрхийлэмжүүдээс нь нэн орчин үеийн сэтгэлгээ, уур амьсгал мэдрэгддэг. 

-Таны сэтгэлд тод дурсамж үлдээсэн үзэсгэлэн байдаг уу?

-Хүүхдээ төрүүлчхээд бүтээлдээ маш шамдангуй орохынхоо өмнө үзсэн үзэсгэлэн л ой тойнд маань бууж байна. Тухайн үед Бээжин, Шанхай, Шэньжэн хотуудаар тойрон аялж, хятад зургийн үзэсгэлэнг өртөөчлөн үзсэн маань надад маш том үр өгөөж болж билээ. Хятад зургийн үзэсгэлэнг Монголд үзэж чадахгүй шүү дээ. Тиймээс хятад зургаар дагнасан уран бүтээлчид ямар байдалтай байгааг, юу бүтээж буйг, хятад зургийн хөгжил хаана явааг судалгаатайгаар үзэх нь надад чухал байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.