Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Охидын яриа: Хосын харилцаагаа "гүнзгийрүүлэх" гэж буй бол чиний мэдэх ёстой 8 зүйл


Өсвөр насны болоод залуухан охид бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч, хань болох үүднээс шинэхэн булангаа эхлүүлж байна. Хэрэв та бүхэнд авахыг хүсэж буй мэдээлэл байгаа бол ([email protected]) мэйлээр өөрийн асууж тодруулахын хүссэн зүйл болоод санал сэтгэгдлээ хуваалцах боломжтой юм шүү. Хамгийн гол нь танд хамгийн найдвартай эх сурвалжаас мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

Үерхэл нөхөрлөл бидний амьдралд санаанд оромгүй догдлол, мэдрэмжийг авчирдаг. Заримдаа бид уртд хожид хэзээ ч мэдэрч байгаагүй хачин содон мэдрэмжтэй нүүр тулж, түүндээ бүрэн хөтлөгдөж, бодлогогүй алхам хийх нь ч бий. Тэрхүү үйлдлээсээ болж дараа нь харамсах, эсвэл ямар нэг байдлаар санаа зовж, сэтгэлийн шаналанд унах нь ч бий. Тиймээс хэрэв чи харилцаагаа дараагийн шатанд гаргахад бэлэн, тэр мөч дэндүү ойрхон иржээ гэж бодож байвал дараах зүйлсийг анхаараарай гэж хэлэх гэсэн юм. Тэгвэл чи аюулгүй, айх айдасгүй байхын дээр өөрөө өөртөө үнэнч байж, чухал шийдвэрийг өөрийн хүсэлд нийцүүлэн гаргах боломжтой болох юм. 

1. Бэлэн гэж бодсон цагтаа л хий.

Дотно харилцаа буюу секс нь аль аль тал хамтдаа зөвшилцөж, зөвшөөрсөн цагт л болох ёстой зүйл бөгөөд үүнээс таашаал эсвэл баяр хөөр, таатай мэдрэмжийг авах ёстой. "Хэзээ" гэдэг дээр стресстэх хэрэггүй. Эсвэл нөгөө хүн чинь хүсэж байлаа гээд өөрөө дургүй байсан ч урмыг хугалахгүй гэсэндээ зөвшөөрч болохгүй. Чи биеэ өөрөө хамгийн сайн мэднэ. Хэзээ зөвшөөрөх, хийхээ чи ч бас өөрөө мэдэх эрхтэй гэсэн үг юм. Энэ бол амьдралын нэгэн томоохон шат учраас бие болоод сэтгэлийн хувьд бэлэн байх хэрэгтэй. Эргэлзээ байгаа л бол дараа нь харамсахгүйн тулд дотоод дуу хоолой буюу зөн совин, мэдрэмжээ дагаарай.

2. Аюулгүй байх нь хамгийн чухал.

Анх удаа дотно харилцаанд орох гэж буй бол тэр тусмаа аюулгүй байдал хамгийн чухал. Жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг ч хамгийн энгийн бөгөөд сонгодог арга бол бэлгэвч хэрэглэх юм. Зөвхөн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй олон төрлийн бэлгийн замын халдварт өвчнөөс ч мөн сэргийлэх болно. Тиймээс хамгаалалт хэрэглэх нь ЗААВАЛ байх ёстой зүйл гэдгийг мартаж болохгүй. Мөн зөвхөн эрэгтэй нь бэлгэвч худалдаж авах ёстой гэсэн зүйл байхгүй учир өөрийнхөө төлөө, бас аюулгүй байдлынхаа төлөө авч явахад огтхон ч буруудах зүйлгүй шүү. Магадгүй нөгөө хүн нь мартчихсан ч байх юм бил үү, юмыг яаж мэдэх вэ дээ. Удирдлагыг гартаа ав, охин минь. Чи л өөрийн аюулгүй байдлыг хамгийн сайн бүрдүүлэх хүн нь.

Мөн бэлгийн замын өвчин зөвхөн бэлэг эрхтнээс бус өөр олон төрлөөр дамжих боломжтойг ойлгодог байх нь чухал. Энэ тухай дэлгэрэнгүй уншиж, мэдээлэлтэй болсноор чи илүү аюулгүй, өөртөө итгэлтэй санагдах болно.

3. Дотно харилцаанд орсны дараа...

Нэн түрүүнд, хүмүүсийн дунд хамгийн өргөн тархсан нэгэн буруу ойлголт байдаг нь анх удаа бэлгийн харилцаанд орсон охидоос цус гарах ёстой гэх ойлголт. Гэхдээ хүн бүхэн адилхан биш гэдгийг ойлгох нь чухал юм. Бүх охидоос цус гардаггүй шүү гэдгийг ойлгож, хэрэв гарахгүй бол энэ нь зүгээр гэдгийг мэдэх хэрэгтэй. Онгон хальс гэх зүйл бол маш нарийхан агаад эмзэг зүйл байдаг. Зүгээр л гүйх, үсрэх, дугуй унах, усанд сэлэх, дасгал хийх гэх мэт маш энгийн зүйлд ч салж болдог. Цус гарахгүй байлаа гээд ямар ч буруу зүйл байхгүй гэдгийг ойлгох нь чухал.

4. Сэтгэл санааны байдал

Мөн дараагийн нэг зүйл нь, чиний сэтгэл санаа яаж ч өөрчлөгдөж, хөдөлж болно. Чи маш их гуниглаж эсвэл янз бүрийн мэдрэмж төрж болох тул үүнийг хэвийн бус зүйл гэж санаа зовох хэрэггүй. Мөн хамтрагчтайгаа дараа нь нэгэнтэйгээ уулзахад эвгүй санагдаж, ичиж, санаа зовж, ч мэдэх бөгөөд нэгнээсээ түр хугацаанд дөлж ч мэдэх юм. Энэ болгон нь зүгээр бөгөөд хоорондоо ярьж, ойлголцох хэрэгтэй юм. 

5. Өвдөлт

Тухайн үед өвдөлт мэдрэгдэх нь хэвийн зүйл. Өвдөлт мэдрэгдлээ ч тун удалгүй алга болох учир үүнд хэт их санаа зовж, хямрах шаардлагагүй шүү. Мэдээж чи хамтрагчаасаа илүү зөөлөн байхыг хүсэж, юмс яаж явбал чамд аятайхан байгааг тайлбарлаж болно. Эцсийн эцэст, секс бол хамтын шийдвэр шүү дээ. 

Чамд эхний удаа тааламжтай мэдрэмж төрөөгүй байж болно. Үүнд мөн санаа зовох зүйлгүй. Тэглээ гээд цаашид байнга онцгүй, тааламжгүй байна гэсэн үг биш гэдгийг санах хэрэгтэй. Маш олон хүчин зүйлээс шалтгаалан анхны удаагийнх дээрээ хүмүүс таатай мэдрэмж авч чадалгүй өнгөрөх нь байдаг. Магадгүй хэт их санаа зовнилоос үүдээд, хэт их зүйл бодсоноос болоод ч юм уу өөр шинэ мэдрэмжүүд танд мэдрэгдээгүй байж болох юм. Үүний араас таагүй мэдрэмжтэй хоцорч болохгүй шүү. 

6. Дур тавихгүй байх нь хэвийн зүйл.

АНУ-ын нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 11-41 хувь нь дур тавихад бэрхшээлтэй байдаг хэмээн гарсан байна. Тэр тусмаа анхны удаагийнх дээр ийм төрлийн мэдрэмж авахгүй байх магадлалтай бөгөөд энэ нь хэвийн зүйл юм шүү. 

7. Чи хэдийд ч бодлоо өөрчилж болно.

Бүх зүйл өрнөхөд бэлэн болж, оршил хэсэг дээрээ явж байлаа ч, ер нь аль ч үед чи таагүй мэдрэмж авч, хүсэхгүй байвал түүнийгээ хэлэх эрхтэй бөгөөд татгалзах нь огт буруу биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн ч өөрийг чинь хүчлэх эрхгүй, мөн ямар ч үед чи гэмшил мэдэрсэндээ хүсээгүй зүйлээ хийх ёсгүй. "Зөв цаг" гэдэг ямагт таатай, өөрөө хүсэж буйгаа бүрэн ойлгосон мөчийг хэлдэг бөгөөд хэн нэгэнд харилцаагаа, хайртайгаа батлах гэсэндээ үүнийг хийх ёсгүй юм шүү.

8. Анхны удаагийнхаар бүү дүгнээрэй.

Дотно харилцаа гэдэг ямагт өөр өөр байж болно. Кинон дээр гардаг шиг биш байж болно, чиний төсөөлж байснаас хэд дахин онцгүй байж ч болно. Хамтрагч агаад орчин, мэдрэмж, туршлага болгоноосоо өөр өөр байж болох тул үүнд нээлттэй хандаж, анхны сэтгэгдлээрээ бүх зүлйлийг бүү дүгнээрэй. Мөн дотно харилцаанд орлоо гээд энэ нь хайрын үүрдийн баталгаа биш гэдгийг ойлгож, ийм мөчийн дараа ч хүмүүс ямар нэгэн шалтгаанаар салж, холдож болдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.