Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?

Шүтэн бишрэгчдийн хортой соёлын тод жишээ болсон рэппер эмэгтэйчүүдийн маргаан


Хөгжмийн ертөнц ойрдоо хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй байна.   Алдарт рэппер Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд өрнөж буй хэрүүл хөгжмийн ертөнцөөс хальж, хип хоп сонсдоггүй хүмүүсийн сонирхлыг хүртэл татсан гэхэд хилсдэхгүй. 

Гал дээр тос гэгчээр Меган Ди Сталлион хэдхэн хоногийн өмнө Hiss нэртэй сингл гаргасан нь нөхцөл байдлыг улам дордуулав. Тэрбээр энэхүү дуундаа Дрейк, экс найз залуу, рэппер Пардисон Фонтейн зэрэг хэд хэдэн артистыг сэм "онилсон" байв. Гэвч үүнээс илүүтэйгээр дууны өөр нэг мөр нь рэпийн хатан хаан Ники Минажийг ихэд хилэгнүүлжээ. 

"Меганы амжилтад атаархахын оронд Меганы хуульд анхаарал хандуулцгаа" гэх утга бүхий мөр нь жинхэнэ утгаараа Минажийн эмзэг цэгийг онилж, дуэльд дуудсан хэрэг болов. 

Рэпперүүдийн маргаан юунаас эхлэв?

Тэд Hot Girl Summer хэмээх дуу гаргаж, инстаграм дээр хамтдаа лайв хийж байсан цаг саяхан. Хамгийн хоржоонтой нь, хамтын уран бүтээлдээ хэчнээн их сэтгэл догдолж буйгаа илэрхийлсэн Сталлионы жиргээний дор нэгэн фэн нь "Меган, би чамд хайртай. Гэхдээ энэ энх тайван удаан үргэлжлэхгүй" хэмээн бичиж байжээ. Эл явдал 2019 оных билээ. 

Хүссэн юм хүзүүгээр татаж, удаа ч үгүй энэ хоёрын харилцаанд ан цав үүссэн. Дайсагналцал яг хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй ч Сталлион Карди Битэй хамтрах болсон нь Минажийг дургүйг хүргэсэн гэж олон хүн таамагладаг. Сталлион Карди Б нар 2020 онд хит болсон WAP, 2023 онд Bongos нэртэй дуунуудыг хамтран гаргасан билээ. 

Карди Бигийн тухайд Минажтай эртнээс асуудалтай байсан. 2017 онд MotorSport дуун дээр хоёр реппэр хамтарч байсан ч дараа жил нь зодоон цохиондоо тултал муудалцаж байсан удаатай. 

Тэгвэл Сталлион саяхныг хүртэл төвийг сахиж, 2020 оны арваннэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа Карди Битэй хамтарсан ч Минажтай хэвийн харилцаатай байгаа хэмээж байв. Харин Минаж 2021 оны нэгдүгээр сард Сталлионыг инстаграм дээр дагахаа больж, дараахан нь гаргасан Seeing Green дуундаа "архичин" гэх үг хавчуулсан нь Сталлионыг хэлсэн хэрэг хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байсан. Учир нь, Сталлион үдэшлэгийн үеэр эмэгтэйчүүдийг архиар шахаж, аманд нь цутгадгаараа зартай нэгэн. 

Үүгээр зогсохгүй Минажийг жирэмсэн байхад согтууруулах ундаагаар шахаж, хүүхдээ авхуулахыг зөвлөж байсан хүний талаар Queen Radio нэвтрүүлгийнхээ үеэр ам алджээ. Мэдээж Сталлионыг хэлсэн гэдгийг нь хэн хүнгүй мэдэж байсан ч Сталлион үүнийг "худал" хэмээн твиттертээ няцаасан. 

Минаж 2023 онд гаргасан Ruby Red Da Sleaze, FTCU дуунууд дээрээ мөн л Сталлионыг "дисс" хийсэн. Харин нэгдүгээр сарын 26-нд Сталлион Hiss дуугаа цацсанаар хоёр дуучны маргаан нэгэнт хэрээс хэтрээд байна. Тэгвэл "Меганы амжилтад атаархахын оронд Меганы хуульд анхаарал хандуулцгаа" гэх утга бүхий мөртүүд ямар учиртай вэ? 

Меганы хууль ба Кеннет Петтигийн хэрэг

Сталлион дуундаа Ники Минажийн нөхөр Кеннет Петтигийн хэргийг сөхсөн нь рэпперүүдийн дундах маргааныг дэвэргээд зогсохгүй, шүтэн бишрэгчдийн хооронд ширүүн тэмцэл өрнүүлэхэд хүргээд байна. 

Тодруулбал, АНУ-д 1994 онд Меганы хууль батлагдсанаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож эхэлсэн юм. Энэ нь бэлгийн хүчирхийлэгч этгээдэд хулгайлагдан хүчирхийлүүлж, амиа алдсан долоон настай Меган Канка охины нэрээр нэрлэгджээ. 

Тэгвэл Кеннет Петти 1995 онд хүчингийн хэргээр ял сонсож байсан юмсанж. Тухайн үед Петти болон хохирогч охин хоёул 16 настай байсан бөгөөд шүүхээс түүнд 18-54 сар хоригдох ял оноосон боловч Петти дөрвөн жил хүрэхгүй хугацаанд хоригдоод судлагджээ. 

Петти Минажтай гэрлэхээс хэдхэн сарын өмнө буюу 2019 оны долоодугаар сард Лон Анжелес руу нүүсэн ба тэгэхдээ хуульд заасны дагуу бэлгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шилжиж очсон муждаа бүртгүүлээгүй байжээ. Үүний улмаас тэрбээр 2022 онд шүүхээс гурван жилийн тэнсэн харгалзах, нэг жилийн гэрийн хорио, 55 мянган долларын торгууль төлөх шийтгэл хүлээсэн юм. 

Сталлион эл хэргийг сөхсөнөөс улбаалан Минаж хатуухан хариу барьж эхлээд байна. Үүндээ 2019 онд тархины хорт хавдраар нас барсан Сталлионы ээж, 2020 онд Сталлионыг буудсан хэргээр 10 жилийн ял сонсоод буй Тори Ланез нарыг хүртэл оролцуулсан. Мөн хэд хоногийн өмнө цацсан Big Foot нэртэй дуу нь ч Сталлион, Ланез нарын шүүх хурал, түүнийг тойрсон сошиалын сөрөг сэтгэгдлүүд, Сталлионы ээжийн талаар ил цагаан дурдсан байв. 

Шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээсэн "үзвэр"

Рэп урлаг хүчээ авахын хэрээр артистуудын хувийн амьдрал, хоорондын маргаан шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээдэг "үзвэр" болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Энэ нь репперүүдийн хувьд домог гэх статуст хүрэх, хүч чадлаа бататгах боломж, нөгөөтээгүүр шүтэн бишрэгчдийн хоорондох эцэс төгсгөлгүй сөргөлдөөн болон хувирдаг. 

Минаж, Сталлион нарын шүтэн бишрэгчид ч үүнийг тойрсонгүй дайрлаа. Hiss цацагдсан даруйдаа Apple Music-ийн шилдэг 100 чартыг тэргүүлж, iTunes-ийн шилдэг 10-т багтаад байна. Үүнд "Hotties" гэгддэг Сталлионы шүтэн бишрэгчдийн хувь нэмэр их бий. Тэд Сталлионы шинэ синглийн дэмжээд зогсохгүй Минажийн Big Foot дууны стриминг хандалтыг сааруулахын тулд дууг Х (твиттер) дээр тэр чигээр нь байршуулжээ. 

Харин Barbz буюу Минажийн шүтэн бишрэгчид тэс өөр тактикаар ажиллаж байна. Тэд Техас дахь Сталлионы ээжийн шарил хадгалагдаж буй оршуулгын газрын хаягийг нийтийн сүлжээнд ил болгожээ. Үүнээс улбаалан орон нутгийн цагдаагийн газраас оршуулгын газрын хамгаалалтыг нэмэгдүүлээд байгаа аж. 

Ийнхүү рэпперүүдийн дунд үүссэн маргаан нь хэн нэгний гэмт хэргийн түүхээс эхлээд эцэг эхээ алдсан гашуудал, галт зэвсгийн халдлагад өртсөн траумаг хүртэл сөхөж, шүтэн бишрэгчдийн хортой соёлын өөгшүүлсэн явдал болоод байна. 

Эх сурвалж: Vox

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
2
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
3
2023.02.09
Грэмми ёслолын хобо жибэ, Сэм Смитийн гал гал стиль
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.