UBLife Logo
Спорт

UFC холбоо тулаанчдаа яаж халдаг вэ?

UFC холбоо тулаанчдаа яаж халдаг вэ?

UFC холбооны ростерт тийм тулаанч нэмэгдлээ, тэр хасагдлаа гэсэн мэдээг бид байнга уншиж байдаг. Хамгийн сүүлд ОХУ-ын тулаанч Абубакар Нурмагомедов ростероос хасагдлаа гэсэн мэдээ гарлаа. Абубакар хамгийн сүүлд зургаадугаар сард тулалдаж, ялагдсан. Тэрээр UFC-д нийт 4 тулалдаж, 2 ялж, 2 ялагдаж байв. 

Тэгвэл UFC холбооны ростер гэж юу вэ? Хэдэн тулаанч байдаг юм бол?

Хамгийн хялбар тайлбар бол Roster гэдэг нь тус холбооны бүх тамирчны жагсаалт юм. Хэдэн удаа тулалдсанаас үл хамааран, UFC холбоотой гэрээ байгуулсан бүх тулаанч үүнд багтана. Одоогийн байдлаар UFC холбоо 950 тулаанчтай гэрээтэй бөгөөд жин тус бүрээр нь авч үзвэл:

HEAVYWEIGHT - 74;

LIGHT HEAVYWEIGHT - 68;

MIDDLEWEIGHT - 101;

WELTERWEIGHT - 109;

LIGHTWEIGHT - 140;

FEATHERWEIGHT - 118;

BANTAMWEIGHT - 112;

FLYWEIGHT - 76;

WOMEN'S BANTAMWEIGHT - 37;

WOMEN'S FLYWEIGHT - 47;

WOMEN'S STRAWWEIGHT - 64.

Зарим жинг харахад ялангуяа эмэгтэй жинд тун цөөхөн тулаанчтай нь харагдаж байна. Ростер байнгын хөдөлгөөнтэй байдаг. Холбооноос идэвхтэй хянаж, хэн нэгнийг хасан, нөгөөхийг нь элсүүлж байдаг байна.

UFC холбоонд яаж элсэх вэ?

Хэчнээн сайн тулаанч байсан ч “Би UFC-д тулалдахыг хүсэж байна” гээд ороод ирдэггүй. Нэгдүгээрт, Дана Уайт болон шижээчид тухайн тулаанчийн ямар жинд тулалддаг, тус жин хэр олон тамирчинтай, нэмэх шаардлагатай юу гэдгийг судалж үзнэ. Гэхдээ дүрмээс гадуур зүйл мэдээж гарна. Жишээ нь, Ринат Фахретдинов нэгэн тэмцээнд хүнд цохилтоор ялсан нь Уайтад ихэд таалагдсан тул шууд UFC-д уригдсан. Шара Буллет ч мөн адил, тэд урилгаар орж ирсэн хүмүүс. 

UFC холбоо сонгон шалгаруулалт хийдэг өөрийн хэд хэдэн төсөлтэй. Юуны өмнө Dana White’s Contender Series хэмээх цуврал. Зун, намар явагддаг тус төсөл нь 10 жижиг тэмцээнээс бүрддэг. Тэмцээн болгоны дараа Дана Уайт хэн нэгэн тулаанчийг холбоонд элсүүлэх эсэхээ шийднэ. Заавал ялсантай нь биш үзүүштэй сайхан тулалдаж, үзэгчдийг татсан тамирчныг сонгох нь олонтаа. Мөн од дутагдалтай байгаа жин сонголтод нөлөөлнө. 

The Ultimate Fighter шоу байна. Хоёр жинд Гран При маягийн тэмцээн зохиож, ялагчид нь UFC холбоотой гэрээ байгуулдаг. Гэхдээ ялагдсан тулаанч ч хэн нэгний сэлгээнд гараад холбоонд элсэж болно. Сэлгээнд гарах гэдэг бэртэл гэмтэл ихтэй холимог тулааны ямар ч холбоонд тусад нь авч үзэх том агуулга. UFC-д хэзээ ч хэнтэй ч тулалдахаас татгалздаггүй, хэнийг ч сэлгэхэд бэлэн байдаг тамирчдын жагсаалт бий. Жишээ нь, Вэл Вудбёрн хэдхэн өдрийн өмнө Бо Никалтай тулалдах санал аваад гарч, хэдхэн минутад ялагдсан. Гэхдээ тэр цуцлагдах гэж байсан тулааныг аварсан нь үнэлэгдэж, UFC түүнд тэмцээнд оролцох эрх өгсөн. Арман Царукян цагтаа сэлгээгээр гарч, Ислам Махачевтай тулалдаад ялагдсан ч боломжоо ашиглаж, чадсанаар одоо жингийнхээ шилдэг таван тамичрны нэгт багтаад байна. 

UFC холбоонд элсэх бас нэгэн боломж бол Cage Fury, LFA зэрэг жижиг холбоонд тулалдаж, тодрох. Энэ холбоодын тэмцээнийг UFC-ийн шинжээчид байнга үздэг. Холбоодын аваргууд, эсвэл хурц сайхан тулаанчид UFC-д уригдана. Cage Warriors лигээс Конор Макгрегор, Том Аспиналл, Пэдди Пимблетт нар ирж байлаа. Зарим тохиолдолд холбоо сүлбээ, эсвэл сайхан түүх хэрэг болно. Түүх гэдэг нь ямар нэг хоёр тамирчны өрсөлдөөний түүх, хувийн амьдралын сөргөлдөөн байж болно. Сонирхогчдын спортод өрсөлдөж байсан хоёр аваргыг холимог тулааны дэвжээнд “алалцуулах” гэх мэт. Кикбоксоор Исраэл Адесаньяг хоёр удаа (нэг удаа хүнд цохилтоор) ялж байсан Алекс Перейраг холимог тулааны торонд Адесаньятай дахин үзэлцүүлэхээр UFC-д уриад үзтэл тэр хоёр жингийн аварга болж чадсан гэж байгаа. Харин Исраэл Адесаньягийн найз гэдгээрээ UFC-д орсон Майк Матета гурав дараалан ялагдаад холбооноос халагдсан. UFC холбоо тамирчдаа халах нь ховор зүйл биш. Яасан тулаанч холбооноос хасагддаг вэ?

Энд тэмдэглэх нэгэн зүйл бол талуудын байгуулдаг гэрээ ёсоор UFC холбоо гэрээний хугацаа дуусаагүй байсан ч ялагдсаных нь дараа хэнийг ч халах эрхтэй. Махачев ялагдахад түүнийг ч халах эрх холбоонд байгаа гэсэн үг. Мэдээж алдартай тулаанчаа халахгүй ч нэг удаа ийм зүйл яг болох шахсан юм. Колби Ковингтон UFC-д 7 ялалт, 1 ялагдалтайгаар дараагийн тулаандаа бэлтгэж байлаа. Харин холбоо түүнийг ялсан ч, ялагдсан ч халах шийдвэр гаргачихаад байв. Учир нь тэр өөрөө уйтгартай, тулаанууд нь ч хүний сонирхлыг татахгүй байв. Халагдах гэж байгаагаа мэдсэн Колби тэр дороо шоучин болж хувирснаар ажилтай үлдсэн. 

Мөн дараалан ялагдсанаар тулаанчийн халагдах эрсдэл нэмэгддэг. 3-4 дараалсан ялагдал ихэнхдээ халагдахад хүргэнэ. Байнга шалтаг тоочоод тэмцээнд ордоггүй тулаанч ажилгүй болох магадлал өндөр. Гэмтэл бэртэл, жин хасах гээд олон зүйл бий ч тулаанаас хэдхэн хоногийн өмнө үргэлж татгалзаад байдаг тамирчинд холбоо дургүй. Жишээ нь, Дураев. UFC холбоонд 2 ялалт, 2 ялагдалтай, таван тулаан нь цуцлагдаж байсны дөрөв нь Дураевын буруугаас болсон. Саяхан бас тулаанаас татгалзаад тэр дороо халагдлаа. Сэлгээнийх нь тамирчныг олох гэж холбоо бас зардал гаргадгийг ойлгох хэрэгтэй. Урт хугацаагаар “алга” болох нь ч халагдалд хүргэнэ. Чансаа дээгүүр байсан ч хамаагүй. Аварга асан Карла Эспарза идэвхгүй байсныхаа төлөө халагдсан бол чансааны шилдэг 10-т бичигдэж байсан Лорен Мёрфи мөн л ажилгүй болсон. Энд мөн ямар нэг тогтсон дүрэм үгүй, холбооны үзэмж шийднэ. Жон Жонс гурван жил тулалдаагүй ч хэн ч түүнийг халах талаар ярихгүй байгаа биз.

Хэрэв тулаанч өөрөө гарахаар шийдвэл (Тайла Сантос) ростероос хасна, мөн зодог тайлж (Малкольм Гордон) жагсаалтаас гардаг. Харин дахин тулалдахаар болбол гэрээг нь сэргээнэ. Гурван жилийн дараа эргэн ирсэн Хенри Сехудо тэр дороо ростерт нэмэгдсэн. Дэлхийн олон тулаанчийн хувьд хамгийн том UFC холбооны ростерт багтах төдийд л мөрөөдөл нь биелэж, ололт амжилт гэсэн үг. Гэхдээ тэр ростертоо тогтож чадах нь орохоосоо хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.