Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Парис-2024" зуны олимпод оролцох эрхээ аваад буй монгол тамирчид


Дөрвөн сарын дараа Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний их баяр цэнгэл гэгддэг олимпын наадам хөшгөө нээх билээ. "Парис-2024" нь брэйк бүжгийн төрлийг оролцуулсан анхны олимп гэдгээрээ онцлог юм. Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын эрин үед зохион байгуулагдаж буй сүүлчийн олимп. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тэнцүү тоотой оролцуулахаар тогтоосон нь анхны тохиолдол болж түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Ингээд та бүхэнд 7-р сарын 26-наас 8-р сарын 11-ний өдрүүдээр явагдах "Парис-2024" олимпын наадамд оролцохоор эрхээ аваад буй монгол тамирчдыг танилцуулж байна. Гэвч эдгээр нэрс нь эцсийн байдлаарх жагсаалт биш агаад удахгүй явагдах эрхийн тэмцээнүүд болон цуврал тэмцээнүүдийн үр дүнгээс хамаарч чансааны оноогоо цаашид ахиулан олимпын эрхээ авах олон тамирчин үүнд нэмэгдэх юм.


Бокс

Бокс бол монголчуудын найдвар тээн хардаг, спортын гол төрлүүдийн нэг. Зуны олимпын боксын тэмцээн 7-р сарын 27-ноос 8-р сарын 10-ний өдрүүдээр явагдана.

"Парис-2024" олимпын наадмын боксын төрөлд хүч сорих 188 тамирчны эрх хэдийн баталгаажжээ. Тайландын Бангкок хотноо 5-р сарын 25-наас 6-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдах тэмцээн нь монголын боксчдын эрх авах эцсийн найдлага билээ. Учир нь боксын холбооны зарим мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас үүдэн Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрх олгох энэ оны эхний тэмцээнийг өнжсөн юм.

Одоогоор Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэний олимпод тулалдах эрх баталгаажаад байна. Харин ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзориг Азийн наадамд түрүүлснийхээ дараахан допингийн асуудалд ороогдсоноор өнөө жил олимпын рингэнд гарах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 

Түүнчлэн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар саяхан боксын рингэнээ эргэн ирж, Бангкок хотноо сорилго тэмцээнд тулалдахаар болсон билээ. 


Чөлөөт бөх

Одоогоор чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар “Парис-2024” олимпын наадамд зодоглох эрхээ аваад байна. Дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдээр Кыргызистаны Бишкек хотноо Азийн бүсийн эрх олгох тэмцээн болно. 

Эл тэмцээнд өнөө жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчид оролцох юм. Харин 5-р сарын 9-12-ний өдрүүдээр Туркийн Истанбул хотноо явагдах олимпын эрхийн тэмцээнд Азийн бүсээс эрх авч чадаагүй жингүүдэд УАШТ-ий мөнгөн медальт бөхчүүд өрсөлдөх учиртай.


Жүдо

Жүдо бөхийн төрлөөр хамгийн олон тамирчнаа бид олимп руу илгээдэг. Эцсийн шийдвэрийг Монголын жүдо бөхийн холбоо гаргах ч, цөөн тамирчдын хувьд жиндээ өрсөлдөгчгүйгээр Парисыг зорих юм. 

Одоогийн байдлаар, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд 10-р байрт, залуу тамирчин Э.Сумьяабазар 27-р байрт эрэмблэгдэн, олимпын эрхийн байруудад багтаад байна. Гэвч жин тус бүрээс зөвхөн нэг л тамирчин Парисыг зорих юм.

Харин 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү дэлхийн чансаагаар 2-р байрт, Их дуулга ангиллын нэг алт, хошой мөнгө, гурван хүрэл медальт Б.Эрхэмбаяр тавдугаар байрт эрэмблэгдэж байна.

73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар эх орноо төлөөлөн Парисын татамид зодоглох биз ээ.

Саед Моллай Азербайжаны төлөө барилдах болсноор 81 кг-д Г.Болор-Очирыг олон улсад өрсөлдүүлэх болсон. Гэвч тэдний хэн хэн нь энэ удаагийн олимпыг өнжих төлөвтэй байна. 90 кг-ын жинг монголчууд мөн өнжих бололтой.

-100 кг-ын жинд Б.Гончигсүрэн чансааны долдугаар байрт бичигдэж, олимпод зодоглох болзлоо хангажээ.

+100 кг-д Их дуулга ангиллын гурван түрүүтэй улсын начин О.Цэцэнцэнгэл эх орноо төлөөлж, олимпод өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү дэлхийн чансаагаар 11-р байрт, Г.Наранцэцэг 17-р байрт эрэмблэгдэж байна. Хэн нь ч Францыг зорих магадлалтай.

52 кг-д залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам олимпын татамид зодоглоно.

57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эрхээ авч, оролцох боломжтой ч, тэрбээр сүүлийн үед жингийн асуудалтай байгаа. Үүнээс улбаалан Азийн наадам тэргүүтэй хэд хэдэн томоохон тэмцээнээс хасагдсан агаад өнгөрсөн долоо хоногт Тбилисийн Их дуулгад зодоглохдоо жин өгсөж барилдсан юм.

63, 70, 78 кг-ын жингүүдэд одоогоор олимпын эрхийн оноотой тамирчин алга. Харин +78 кг-д Азийн наадмын хүрэл медальт А.Адъяасүрэн эрхийн байрт бичигдэж байна. 

Түүнчлэн Монголын жүдо бөхийн шигшээ баг олимпын наадмын багийн төрөлд өрсөлдөх эрхээ аль хэдийн авчээ.


Буудлага

ОУХМ О.Есүгэн 50м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпод оролцох нормативыг биелүүлж, Монголын багаас анхлан олимпын эрх авсан билээ. Мөн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд Н.Баяраа, 10м-ийн хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү нар олимпын эрхээ бататгаад байна.

Буудлагын төрлөөр олимпын эрх олгох сүүлчийн өрсөлдөөн дөрөвдүгээр сарын 11-19-ний өдрүүдээр Бразилын Рио Де Жанеро хотод болох Дэлхийн цомын тэмцээн байх болно.


Байт харваа

Баатархуягийн Отгонболд Азийн наадмын байт харвааны төрөлд монголын тамирчдаас анхлан алтан медаль хүртэж, Парис хүрэх замаа нээсэн юм. Тэрбээр Азийн наадмын үеэр олимпын медальт Такахару Фүрүкава, Тан Чи Чун нарыг дараалан ялсан билээ. Б.Отгонболдын хувьд, үүнээс өмнө Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин.


Марафон

"Парис-2024" олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар эх орноо төлөөлж уралдана. Монгол Улсын 20 удаагийн үнэмлэхүй аварга Б.Мөнхзаяа тамирчин бүрийн "мөрөөдлийн оргил" гэгддэг олимпод гурав дахиа хурд сорих нь ээ.

Нэр хүнд, цар хүрээгээрээ Монголын хамгийн том тэмцээн болох “Улаанбаатар марафон” долоон удаа зохиогдоход зургаад нь түрүүлсэн амжилт ч мөн л түүнийх. Үүгээр ч барамгүй, тэрбээр 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафоны төрөлд Монгол улсын дээд амжилтыг эзэмшдэг.

Харин Г.Хишигсайханы хувьд, марафон гүйлтийн Ази тивийн аваргад түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин юм.


Дугуйн спорт

Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн С.Жамбалжамц олимпын эрх авсан Монголын анхны дугуйчин юм. Үүнээс өмнө “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад монголын дугуйчид цагаан хуудсаар оролцож байсан. Тэрбээр Азид чансаагаараа хоёрдугаар байрт бичигдэж байгаа агаад өнгөрсөн онд Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.