“Star Academy” нэвтрүүлгээс төрөн гарсан охидын The Wasabies хамтлаг Наран оронд уран бүтээлээ хийх болжээ. Тус хамтлаг энэ сарын 5-нд Японд анхны бүтээлээ цацлаа.
Энэхүү бүтээл нь “YAHKADAGAN” хэмээх монгол хэл дээрх дуугаа япон хэл дээр орчуулан, “De.Nani?” нэртэйгээр гаргасан дуу юм.
Энэ дууг продюсер Б.Наранзун зохиосон бөгөөд япон хэл дээрх дууг SHINGIIIIII хариуцан ажиллажээ. Цаашдаа The Wasabies хамтлаг Японд M-POP стилийн дуугаа танилцуулна. Япон орныг тойрон аялан тоглолт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Хамтлагийн гишүүдийн сэтгэгдэл:
Buika “Yahkadagan дууныхаа япон хувилбарыг танилцуулсандаа их баяртай байна. Монгол дуу, монголчуудын сэтгэл, бодол санааг япон хэлэнд буулган дуулсан тул япончуудад ямар санагдахыг сайн мэдэхгүй байгаа ч таалагдвал их баярлах болно. Японд уран бүтээлээ хийх анхны монгол поп дуучид болж байгаа тул та бүхэн дэмжээрэй. Бид дуугаа васабигийн хэзээ ч мартагдахгүй амттайгаар хийхийг зорихын тулд хичээх болно”
Windy “Бидний эртнээс тэсэн ядан хүлээж байсан өдөр ирлээ. Япончуудад De.Nani? дуугаа өргөн барьсандаа туйлын баяртай байна. Энэ дуугаараа дамжуулан та бүхэнд “Монголын поп хөгжим сонирхолтой, гоё” гэдгийг танилцуулж чадвал их баярлах болно. Цаашдаа Японд Монголын анхны айдол хамтлагын хувьд уран бүтээл хийх болохоор биднийг дэмжээрэй”
Jasmine “Цаашдаа монгол поп хөгжмийг Японы олон хот, мужийн тайзан дээр танилцуулах болно. De.Nani? дуу маань та бүхний сэтгэлд хэрхэн буух бол гэдэг их сонирхол татаж байна. Ямар ч гэсэн хамдаа бүжиглэх хүсэл төрүүлсэн байх гэж бодож байна”
Anuka “Дууны маань нэр маргалдах гэж байгаа мэт ч эхнээсээ эцэс хүртэл хөгжилтэй сайхан дуу тул заавал сонсоорой. Японд амьдарч, албан ёсоор уран бүтээл хийх анхны монгол айдол хамтлаг нь манайх боллоо. The Wasabies хамтлаг цаашдаа Японд ажиллах болно”