Олон улсын боксын холбоо IВА ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдаж, олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхгүй болоод байгаа билээ. Гэвч тус холбоо Парис-2024 олимпын наадамд амжилттай оролцсон боксчдоо урамшуулан шагнана гэж мэдээллээ.
IBA холбооны тэргүүн Умар Кремлев “Бид олимпын наадамд оролцож байгаа боксын гэр бүлийн гишүүдээ дэмжиж байгаа. Манай холбоо Парист алтан медаль хүртсэн бүх боксчныг 100 мянган ам.доллароор мялаах болсноо мэдэгдэхэд бахархалтай байна. Энэ мөнгөнөөс тамирчин 50 мянгыг, дасгалжуулагч нь 25 мянга, Үндэсний холбоо нь 25 мянган ам.доллар авах юм. Харин мөнгөн медальт тамирчинд 50 мянган ам.доллар олгохоос 25-ыг нь тамирчин, үлдсэнийг дасгалжуулагч холбоо хоёр нь тэнцүү хувааж авна. Хүрэл медальт боксчинд 25 мянган ам.доллар шагнахаас 12,5 мянгыг нь тамирчин авч, үлдсэнийг мөн адил хуваана. Шигшээ наймд ялагдсан болон 5-р байр эзэлсэн тамирчдад тус бүр 10 мянган ам.доллар өгнө. Манай холбоо Парисын олимпын боксын тэмцээний шагналын санд 3,1 сая ам.доллар төсөвлөөд байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.