Монголын шигшээ баг энэ сард Камбожтой хоёр нөхөрсөг тоглолт хийх бөгөөд эхний тоглолт өнөөдөр буюу 6-р сарын 7-нд 19:00 цагаас Камбожийн Пномпень хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдана.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч тоглолтодоо хожоогүй байна. Тэд хамгийн сүүлд 2022 оны 6-р сард явагдсан Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Йемений багийг 2:0-ээр ялсан.
Энэхүү хожил нь Ичиро Оцука дасгалжуулагчаар удирдуулсан Монголын шигшээ багийн цорын ганц ялалт байсан юм. Монголын шигшээ баг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн найман тоглолтодоо хожоогүй төдийгүй сүүлийн долоо тоглолтодоо гоол оруулсангүй.
Тиймээс өнөөдөр Камбожтой хийх нөхөрсөг тоглолтод гоолгүй цувралаа зогсоож, хожил байгуулахын төлөө довтолгоо зонхилсон хөлбөмбөг тоглох уу, эсвэл өмнөх тоглолтууд шигээ хамгаалалтад анхаарсан тоглолтыг үзүүлэх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Ичиро Оцука энэ тоглолтын өмнө “Камбожийн шигшээ маш хүчтэй, сайн баг. Тэдний довтолгоо аюултайгаас гадна зохион байгуулалт маш сайтай хөлбөмбөг тоглодог. Тэгэхээр энэ тоглолт маш хүнд болох нь гарцаагүй” гэв.
