UBLife Logo
Спорт

В.Скворцов: Б.Нармандахыг огт ялдаггүй байхад нь АНЭУ-д авсан

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
В.Скворцов: Б.Нармандахыг огт ялдаггүй байхад нь АНЭУ-д авсан

АНЭУ-ын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Скворцовын нэгэн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна. Молдавын уугуул тэрээр 2013 оноос АНЭУ-ын шигшээд барилдаж, 2014 онд ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, Арабын Нэгдсэн Эмират Улсын түүхэн дэх анхны дэлхийн медальт жүдоч болж байв. 2021 оноос Эмиратын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. 2012 оны Лондоны олимпод Молдавын шигшээ багт багтаж чадаагүй тул улсын хангамжаас хасагдаж, гэр бүлээ тэжээхийн тулд АНЭУ-ын шигшээд шилжиж байсан юм.  

АНЭУ-ын жүдо бөхийн шигшээ баг энэ олимпын циклийн нээлт болсон баг байлаа. Б.Нармандах, Арам Григорян, Жафар Костоев зэрэг эх орондоо боломж олж чадаагүй тамирчдыг иргэншил өгөн, эгнээндээ нэгтгэж, амжилт олоод байгаа баг. 

-Абу-Дабид болсон ДАШТ-д АНЭУ-ын баг хэрхэн оролцов?

-Амжилтгүй гэж хэлнэ. Би эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэй 66 кг-д Б.Нармандах медаль авна гэж тооцоолж байсан. Манай шигшээд Исламын шашинт тамирчид бий. Тэд Рамадан сарын дэглэм барьж, бэлтгэл сайн хийж чадаагүй тул амжилт хүлээгээгүй. Хоёр монголдоо илүү найдаж байсан ч тэд сэтгэл зүйгээр шатаад маш муу барилдсан. 

- Рамаданы үед бэлтгэл яаж өөрчлөгддөг юм бэ?

-Өнгөрсөн жил бид Японд цугларалтад гарахад залуус маань өдөрт нэг бэлтгэл хийж байлаа. Би урьд өмнө Исламын шашинт тамирчидтай ажиллаж байгаагүй болохоор миний хувьд шинэ зүйл байсан. Энэ жил би арга барилаа өөрчлөөд залуусаа нутагт нь явуулсан. Хоол унд сайн байхгүй бол бэлтгэл хийлгэхэд хэцүү. Би тэдний хувийн дасгалжуулагч нартай байнга холбоо барьж, хянаж байсан. Манайхан Дагестан, Ингушетид Рамаданд тохирсон бэлтгэл хийж байлаа. Бэлтгэл нь орой 21.00 цагаас эхлэдэг.

-Тамирчдаа өөрөө удирдаагүйдээ харамсаж байна уу?

-Би өөрийн тамирчин байсан үеэ бодоод шийдвэр гаргасан. Би 10 жил шигшээ багийн тамирчин байсан. 2-3 жил бэлтгэл хийсний дараа байнга гадаад дотоод яваад байхаар их ядардаг. Гэр бүлээсээ хол байхаар санаад эхэлнэ. Хэрэв би тэдэнд гэр бүлтэйгээ хамт байх боломж олгоогүй бол Парисын олимпод тэд шахчихсан жимс шиг л болчих байсан. Бидний зорилго бол Олимпын наадам болохоос ДАШТ биш.

- Арам Григоряны барилдааны талаар юу хэлэх вэ?

-Маш авьяастай залуу. Хэрэв тэр 100 хувь бэлтгэл хийдэг сэн бол илүү сайн барилдаж, олимпын эрхийг тивийн эрхээр биш чансаагаараа авах байлаа. Арам маш мэдрэмжтэй, яг зөв мөчид хэрэгтэй мэхээ хийдэг. Олимп бол онцгой тэмцээн. Бүх томчууд шатдаг тэмцээн. Гол нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй. 

-Арам бэлтгэл сайн хийдэггүй гэсэн хэрэг үү?

-Тиймээ, энэ тал дээр асуудалтай. Сүүлийн гурван жилд Япон, Гүржид хоёр удаа л бүрэн хэмжээний цугларалтад хамрагдлаа. Бусад үед нь заавал нэг асуудалтай, жижиг гэмтэл гээд л. Сахилга бат асуудалгүй ч бэлтгэлээс зайлсхийгээд байдгийг нь би ажигласан. Ихэнхдээ ямар ч ядралгүй бэлтгэл дуусгадаг. Ингэж болохгүй.

-Тэгээд та тэсээд байлгаад байгаа хэрэг үү?

-Шигшээ баг бүрдүүлэх тун хүнд ажил. Тамирчин олох хэцүү байна. Нэг бол тэр тамирчин олон улсын тэмцээнд 3 жил оролцоогүй байх ёстой. Үгүй бол үндэсний холбоо нь зөвшөөрөх ёстой байдаг. Хэн ч хүчтэй тамирчнаа гадаадад явуулахгүй. Би Денис Виеруг авмаар байгаа ч түүнийг өгөхгүй л дээ. Оросоос Мирзо Шукориев гээд ОХУ-ын аварга ч Их Дуулга, Гран Прид оролцдоггүй бөхийг авах гэж үзсэн. Оросын жүдо бөхийн холбоо өгөөгүй. 

-Б.Нармандахыг яаж авав?

-Би түүнийг их эрт анзаарсан. Б.Нармандах сайн бөх ч тэр үед дандаа ялагдаж байлаа. Түүнийг цугларалтад уриад үзлээ. Ингээд дэглэм, сахилга батад асуудал байгааг ойлгосон. Тэр найзуудтайгаа зугаалж, цэнгэж, клуб ордог байсан. Энэ асуудлыг шийдчихэд л Б.Нармандах сайн барилдаж эхэлсэн. Жафар Костоев над дээр ирэхдээ техник сайтай ч биеийн бэлтгэл тааруу байлаа. Тэр бүтэн барилдаж чадахгүй, өвдөг дээрээ суугаад л цуцдаг байсан. Гэхдээ эхний 2-3 минутад хэнийг ч иппон ялж чадна. Сайн бэлтгээд өгөхөд бүгдийг нь ялж чадах юм байна гэж би ойлгосон. 

-Монголын жүдо бөхийн холбооноос зөвшөөрөл авахад илүү хялбар байсан уу?

-Тиймээ, гэхдээ би хагас жил Монголын жүдо бөхийн холбоонд хүсэлт гаргасан. Б.Нармандах үргэлж ялагдаж байсан ч залуу, ирээдүйтэй. Виерутэй барилдсаных нь дараа түүнийг авах хэрэгтэй гэж шийдсэн. Монголын жүдо бөхийн холбоо бүтэн 6 сар татгалзаж, дараагийн тэмцээнд түүнийг оролцуулна гээд байлаа. Ингээд Б.Нармандах зургаан тэмцээн дараалан ялагдаж, бараг Эмиратын шигшээд авахад ч инээд хүрэхээр болоод байсан юм. Ер нь энд баг бүрдүүлэхэд хэцүү. Байнга тодорхой үр дүн шаардана. Боссууд жүдо мэдэхгүй ч ялалт хүснэ. Тэд бүх санхүүг гаргаж, бэлтгэл хийх нөхцлийг бүрдүүлдэг. Баг ялагдахаар “Бид хүмүүс аваад байгаа биз дээ? Тэд яагаад ялагдаад байна” гэж асууна. Ийм үед тайлбарлахад тун хэцүү. 

- Гадаад тамирчинд иргэншил олгох үйл явцын талаар тайлбарлаач?

-Оршин суух эрхтэй бол 18 нас хүртлээ АНЭУ-ын шигшээд барилдаж болно. Харин цаашдаа Эмиратын төлөө барилдахын тулд иргэншил шаардлагатай болно. Манай шигшээгийнхэн бүгд иргэншилтэй. Хэрэв олимпын аварга болбол иргэншлийг үүрд үлдээнэ. Үгүй бол таван жилийн дараа дахин гэрээ байгуулж, иргэншлээ сунгах, эсвэл эх орондоо харихаас өөр аргагүй болдог. Одоо дандаа таван жилийн хугацаатай түр иргэншил олгож байгаа. 

-Бусад тамирчдаа яаж авав?

-Хэрэв тухайн тамирчин IJF, EJU-гийн олон улсын тэмцээнд гурван жил оролцоогүй бол иргэншлээ сольж болно. IJF холбоонд “Ийм тамирчин одооноос эхлэн АНЭУ-ын шигшээд барилдана” гээд л захиа бичихэд л болно.

- Костоев, Григорян хоёрыг авахад ОХУ-ын жүдо бөхийн холбоо эсэргүүцээгүй юу,

-Хууль зүйн үүднээс тэдэнд ямар ч эсэргүүцэх боломж байхгүй. Тэд өөрсдөө энэ тамирчдыг гурван жил олон улсын тэмцээнд явуулаагүй. Энэ чинь маш урт хугацаа. АНЭУ-д паспортын тоонд хязгаарлалт бий. Би хүн болгонд өгөөд байж чадахгүй. Паспорт олгох үйл явц хагас жил үргэлжилдэг. Бас нэг тамирчныг авчихаад дараа нь түүнээс татгалзаж чадахгүй.

-Азийн АШТ-ий дараа танд итгэх итгэл нэмэгдсэн байх?

-АНЭУ-ын жүдо бөхийн холбоо анхнаасаа надад итгэдэг байсан. Бэлтгэл цугларалт, байрны зардал, хоол унд, замын зардал гээд миний зөвшөөрөлгүй юу ч болдоггүй. Би бүхнийг хариуцдаг, тийм болохоор надаас үр дүн шаарддаг. Дарга нар Азийн АШТ-ий амжилтад их баяртай байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.