Үндэсний их баяр наадам эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өдийд бөх сонирхогч хэн бүхний цээжинд нутгийн бөх маань яах бол, өнөө жил хэн цол нэмэх бол гэсэн бодол төрдөг болов уу. Бид өнөө жилийн наадмаар цолоо ахиулах НАЙМАН бөхийг онцолж байна. Од нь гийж, аз түвшэл тэд гарцаагүй өндөр даваанд хүрч барилдах учиртай.
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий

Ховдын бөхчүүд өнгөрсөн наадмаас өдийг хүртэлх хугацаанд бөхийн өргөөнөө явагдсан барилдаануудад ирц өндөр оролцож, төдий хэрээрээ барилдаан нь ч улам чамбайран бусдаасаа бараг л хол илүү өнгөлөөд эхэлжээ. Тиймээс өнөө жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Ховдын Их дөрвөлөөс тодрох нь гарцаагүй биз ээ.
Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг.
Өнгөрсөн зунаас хойш явагдсан барилдаануудынх нь амжилтыг жагсаавал унаснаасаа түрүүлсэн тохиолдол нь хавьгүй илүү гарах биз ээ. Тэгээд ч сар шинийн барилдаанд хоёр удаа түрүүлсэн гэдэг бол гарцаагүй баавар амжилт юм.
Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан

Тэрбээр 20 насандаа аймгийн заан, 21 насандаа аймгийн арслан, 23 настайдаа улсын начин, 25 насандаа улсын харцага, 27 насандаа улсын заан цолонд хүрч, 31 насандаа мөн долоо давж, заан цолоо батлаад байна. Өдгөө бол түүнд эрэмбэ байна, барилдааны ур, туршлага, бяр ч байна. Гагц тухайн өдрийн аз, од л мэдэх биз ээ.
Улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар

Энэ зун Батцэнгэл сумынхаа 100 жилийн ойгоор Улсын арслан цолтой барилдана гэж бүтэн жилийн өмнө мэдэгдсэн түүний цээжинд Төрийн наадмын түрүү элбэг багтдаг. Үнэхээр ч биеэр жижиг гээд бярдуулдаггүй, халгамаар барилдаантай бөх гэвэл түүнийг л нэрлэх биз. Үзэгчид шуугиад эхэлбэл улам л бие нь хөнгөрч, иртэй, уртай барилддаг бөх өө. Түүний барилдаан удах нь тун ч ховор. Б.Зоригтбаатар сар шинийн барилдаанаас хойш бөхийн өргөөнд зодоглосон дараалсан зургаан наадмынхаа хоёрт нь түрүүлж, дөрөв үзүүрлэсэн бахдам сайхан амжилтын эзэн билээ. Мөн "Алтан цом"-ын шигшээ барилдааны үеэр энэ цаг үеийг манлайлан барилдаж буй Ховдын хүчтэнүүдийг ташраар нь давснаар том мэдэгдэл хийгээд байна.
Улсын начин Энхтүвшиний Батмагнай

Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр бэртлээсээ эргэн ирж, чөлөөт бөхийн 23 хүртэлх насны УАШТ-д түүртэлгүй түрүүлсэн. Уг нь тэр бэртээгүй байсан бол чөлөөт бөхийн 125 кг-д М.Лхагвагэрэлийг ялах магадлалтай гэгдэж байсан ганц бөх юм.
2001 онд төрсөн Э.Батмагнай өнөө жил бөхийн өргөөнөө улс аймгийн цолтнуудын барилдаанд анх удаагаа түрүүлсэн. Тэрбээр 2022 онд Улсын наадмын дэвжээнээ анх удаа зодоглосон бөгөөд тухайн жилээ дөрвийн даваанд улсын гарди М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунаж барилдаад цэл залуудаа улсын начин цол хүртсэн билээ.
Н.Батсуурь аваргын хэлснээр, үеийнхнээ манлайлан барилдаж тэднээс хол илүү амжилтад хүрсэн, цаашид ч улсын өндөр цолонд хүрэх том найдлага тээсэн бөх гэдэг нь гарцаагүй. Багаасаа тодорсон Э.Батмагнайг ирээдүйд их амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж байна. Үүнээс илүү хүч үгүй билээ.
Тэрбээр мөн 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв.
Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр

Гурван жилийн хугацааг бэртэл гэмтэлд алдаагүй бол улсын цолонд өлхөн хүрчихээр бөх юм. Н.Өсөхбаяр 1998 онд төрсөн агаад Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурав дараалж түрүүлсэн төдийгүй залуучуудын УАШТ-ээс мөн нэг түрүүтэй.
2014 оны улсын наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байв. Тэрбээр өнөө жил явагдсан бөхийн өргөөний барилдаануудад тун чиг өнгөлөг барилдсан билээ.
Аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан

Баян-Өлгийн хүчтэй, бяртай арслан М.Еркебуланг улсын цолонд ойр бөхчүүдийн тэргүүн эгнээнд нэрлэх хүн цөөнгүй. Жудаг төгөлдөр байдал нь ч олны хүндлэл, хайрыг татахад нь нөлөөлдөг биз. Өнөө жилийн хавар тэрбээр бөхийн өргөөнд анхны түрүүгээ хүртсэн юм.
Улсын баяр наадамд өнөө жил 11 дэхиэ зодоглох түүнд эрэмбэ байна, бяр байна. Гэнэ алдалгүй барилдваас таван давааг гэтлэх тийм ч хол биш ээ.
Аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

Э.Мөнхжаргал аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлснээр өндөр цолонд хүрнэ гэж хүмүүсийн хүлээдэг бөх болсон. Өнгөрсөн жилийн наадмаар дөрвийн давааны оноолт хатуухан таарч, Б.Бат-Өлзий заанд өвдөг шороодсон юм.
Харин энэ наадмаар түүнийг улсын цолтны эгнээнд багтлаа гэхэд гайхах хүн ховор биз ээ. Э.Мөнхжаргал арслангийн хувьд, бие хаагаар хэнээс ч дутахгүй, хэнтэй ч таарсан зоригтой, санасан мэхээ гүйцэд хийж, урагш давшиж барилддаг тул ямар ч бөхийг барьц алдуулж бас магад.
Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь

Хоёр жилийн өмнө бүх цэргийн наадмаар М.Лхагвагэрэлд өвдөг шороодон үзүүрлэж, 2019 онд сумын цолтнуудын барилдаанд саяхан цол нэмээд буй Д.Цэрэннямыг хаяснаар түрүүлж байсан гэх даруухан амжилттай айсуй цагийн идэрхэн хүчтэн билээ, тэр.
Ө.Батсуурь өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр “Уран барилдааны шагнал”-ыг гардаж, улс, аймгийн цолтнуудын барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодон үзүүрлэж, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд нэг түрүүлж, мөн нэг үзүүрлэн ирэх цагийн өнгөнд барилдах бөх гэдгээ батлаад байна.
Түүнийг ямар ч том наадмаар цахиур хагалж мэдэх бөх гэдгийг хэн бүгд харсан биз ээ. Ирэх цаг гэдэг тэр л гэлтэй... Ямартаа ч өнөө жил Ө.Батсуурийг арслан цолонд элбэг хүрнэ гэж олон хүн итгэж, бас хүлээж байна.

