UBLife Logo
Newsfeed

Завгүй амьдралын дунд хэсэгхэн ч гэсэн амс хийх бидний орон зай

Завгүй амьдралын дунд хэсэгхэн ч гэсэн амс хийх бидний орон зай

Энэ зун бидний амьдралд ямар их үйл явдал тохиож байна аа. Амрах сан гэвч ажилтай завгүй гүйж, хэдий цаг агаар гайхалтай сайхан байсан ч өөртөө гаргах цаггүй явсаар нэг мэдэхэд нар буцжээ. Гэвч үлдсэн мөчүүдийг хэрхэн аз жаргалтай, амар амгалан бас дурсамжтай өнгөрүүлж болох бол?

Улаанбаатар хотын энд тэнд байршаад буй улаан буйдангуудыг та харсан уу? Тэрхүү буйдангуудын утга учир юу вэ гэж та гайхсан л байх даа.

Урсан өнгөрөх өдөр бүрд, завгүй амьдралын хажуугаар амс хийх мөчийг өөртөө олгодог байгаарай гэх санааг "Ulaanbaatar Coffee Culture"- ийн хамт олон бид бүгдэд мэдрүүлэхээр ийм нэгэн сонирхолтой ажлыг эхлүүлсэн аж.

2020 оноос хойш кофе хуурах үйлдвэрлэл, кофе шоп, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн тус компани ОУ-н үнэлгээгээр 80 дээш үнэлгээтэй, Rainforest Alliance Certified буюу ургуулах, боловсруулах түвшиндээ гурван тулгуурт тогтвортой байдлыг дэмжсэн ногоон үрийг импортлон оруулж ирж шинэхэн хуурч савласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг гэдгээрээ онцлог. 

Улаанбаатар хотод буйдхан орших тэдний хаалгаар яваад ороход л амар амгалан бас тайван мэдрэмж төрдөггүй гэж үү?

Өглөөний нар, шинэхэн кофены үнэр, амтаар амьдралын хором мөчийг сэргээх, дурсамжуудад хөтлөх томоохон байр суурийг эзэлж буй тэдний хэрэглэгч, үйлчүүлэгч нартаа хэлэхийг, харуулахыг хүссэн санаа нь яг цагаа олжээ.

Учир нь бид бүгдэд яг одоо багахан ч атугай амс хийж, өөртэйгөө болон хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, асуудлуудаа түр хойш тавих цаг хэрэгтэй байна. Улаан буйдан дээр суугаад ном унших, найзуудтайгаа ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох, өөрийгөө чагнан тэмдэглэл хөтлөх, зүгээр л хайртай хүнийхээ гараас атгах... Тийм ч учраас хэрэв та улаан буйданг олж харах юм бол өөртөө болон чухал хүмүүстээ цаг гаргах ёстойгоо заавал санаарай. Мөн "Ulaanbaatar Coffee Culture"-ийн амтат кофеноос ууж, амс хийх мөчдөө дараах зүйлсийг туршаад үзэхийг санал болгож байна.

I. Хүүхдийн ном унших

Бидний төсөөлдгөөс хэд дахин илүү гайхалтай гүн бодрол бас утга санаа хүүхдийн ном зохиолуудад агуулагдаж байдгийг та мэдэх үү? "Бяцхан ханхүү", "Мангасуудын орон", "Алиса гайхамшгийн оронд", "Винни Пух" гээд сонголт бол маш арвин бий. Кофе эсвэл дуртай уух юмаа барьж суунгаа ном унших багахан цагийг өөртөө гаргаарай.

II. Хүслийн жагсаалтаа гаргах

Гэхдээ зүгээр л авмаар байгаа зүйл, өнөө маргаашдаа хийх нь тодорхой болсон төлөвлөгөөт ажил биш шүү. Харин яг л таны гүнээсээ хүсэн мөрөөдөж, заавал хийхийг хүсэж байгаа зүйл энэ жагсаалтад багтах ёстой. Жишээ нь миний жагсаалтад, "... хамтлагийн тоглолтыг заавал очиж үзэх", "Өөрийн анхны хүүхдийн номоо хэвлүүлэх", "Мотоцикл унаж сураад, мототойгоо Монголоор аялах" гэх мэт хүслүүд байдаг. Зүгээр л бичээд эхлэх биш, хамгийн түрүүнд биелэх боломжтой нь аль болохыг тогтоож хараад, түүнийгээ хийхээр бүр зориг шулуудаад үзвэл ямар вэ?

III. Өмнө нь ярилцаж үзээгүй сэдвүүдээр ярилцах 

Хэрэв танд ярилцахын хүсдэг сэдэв байсан бол, илүү гүнзгий зүйлийн тухай ярилцмаар санагдаж байсан бол хоорондоо тэр тухай зориглон ярилцаад үзэхийг зөвлөж байна. Магадгүй хүүхэд насныхаа тухай, тэр үеийн мэдрэмж, хүсэл, одоогийн өөртөө ямар дүгнэлт хийж буй тухай, хэрхэн өөрчлөгдөх, илүү жаргалтай, амар амгалан амьдрах тухай гээд л. Өөрийг тань ойлгодог хүмүүстэй хамт байж, ярилцахаа битгий мартаарай.

IV. Өөрийнхөө аргаар бясалга

Бясалгал гэхээр бид тусгай орчинд завилан суухыг төсөөлдөг. Гэтэл угтаа бясалгал нь амьдралаас амс хийн бодлоо чөлөөлж амарч тайвшрахыг хэлдэг. Хүн бүрд амсхийх, тайвшрах, бясалгах өөр өөрийн арга барил бий. Жишээ нь би тагтан дээр кофе ууж суухдаа хамгийн амар тайван байдаг агаад энэ нь надад бясалгал болдог. Иймд та ч бас өөрийгөө чагнан амар амгаланг мэдрүүлдэг зүйлээ эрж олоорой. Чингэснээр таны амьдрал илүү утга учиртай болох ба өөрт зарцуулах чанартай цаг бий болон стрессийн түвшин ч буурах юм.  

V. Кофе, бороон дусал, өглөөний нартай зуны өдрүүдийг мэдрэх

Энэ зун та чадахаараа л гадагшаа гарч, байгалийг мэдэрч, өөртөө амс хийж, тайтгарах боломж олгоорой. Хүн багатай гудмаар өглөө алхаж, халуун кофетой цуг бороотой өдрийг угтаж, энэ мэдрэмжээрээ зуныг өөртөө дурсамж болгон үлдээгээрэй. Бас мэдээж хэрэг кофены соёлыг түгээгч, шинэ хайр татам санаануудаар бидэнд амьдралын тухтай мөчөө өөртөө авч үлдэх ёстойг сануулахаар ажиллаж буй “Улаанбаатар Кофе Калчур”-ын кофетой хамт байхаа битгий мартаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.