Түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, санхүүгийн хямралтай, хүүхдийн цэцэрлэг хомс, тоглоомын талбай ховор гээд дурдаад байвал сөрөг зүйл бидний орчинд дэндүү олон юм. Хонгилын үзүүр дэх гэрэл гэдэг шиг энэ бүх хар, барааны хажуугаар сайн, сайхан зүйл байж л таараа. Тийм учраас бид "Миний хотын сайхан" булан тусгайлан гаргаж байна. Энд Улаанбаатар хотын маань сайхан нь, гэгээ гэрэл нь багтах учиртай.
Их хотын гудмаар яаруухан алхах бүсгүй, дэггүйтэн гүйх сургуулийн жаалууд, салхилан алхах залуу гэр бүл, хаа нэг таарах замын хажуугийн сандал дээр хөлөө амраан нарлах буурлууд. Тэд бүгд л өөр өөрсдийн нүдээр сайн сайхныг харж буй.
"1.Амьдрах орчин, аюулгүй байдлын хувьд харьцангуй амгалан тайван. 2. Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах ардчилсан"
Өглөө айх аюулгүй сэрж, амар амгалан амьдарч байгаа минь миний хотын хамгийн сайхан нь гээд даруухан мишээх энэ бүсгүй Хил хамгаалах байгууллагад алба хашдаг гэнэ. Эрх чөлөөтэй тайван амгалан амьдралын үнэ цэнийг бид сайн мэдэхгүй. Магадгүй мэдэхгүй байгаагийн гавьяа нь өнөөдрийн бидний тунгалаг өглөөг тааваараа угтаж, танд зориулагдсан мэт өдрүүдийг зоргоороо л өнгөрөөдгөөс харагдана буй за.
"Сайхан агаартай. Хичээлдээ явах сайхан"
II сургуулийн зургаадугаар ангийн хүү И.Бэлгүдэй. Ижил дасал болсон эрдмийн өргөө нь түүнд энэ хотын хамгийн сайхан орчин. Сурах хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн дэврүүн насны нөхөдтэйгээ хөөцөлдөн тоглож, сурагчийн ширээнээ зэрэгцэн суралцах нь сайхан гэж ичингүйрэн өгүүлэх ч цааш найзтайгаа хөөцөлдсөөр одох хүү минь, чи ч бас энэ хотын САЙХАН.
“Өглөө бүр нарны сайхныг харж, Өдөр бүр хүний сайхантай учрах сайхан”
Шинэ үзэсгэлэн нээгджээ. “Хүн бичиг”. Өнөө бидний умартан буй хичээнгүй бичгийн гоо сайхан, олон зуун жилийн өв уламжлалыг сэргээн сануулж, дэлгэрүүлэхэд чиглэсэн “Сүлд” үзэсгэлэнгээр зочлохуйд “Blue Moon” арт галерейн гишүүн, уран бүтээлч, Монгол улсын Эх бичиг судлалын докторант Б.Алтантуяатай тааралдав. Таны хувьд энэ хотын хамгийн сайхан зүйл юу вэ? гэсэн асуултын минь хариуд “Өглөө бүр нарны сайхныг харж, Өдөр бүр хүний сайхантай учрах сайхан” гэж бичсэн. Энэ үг магадгүй бид л хичээх юм бол бидний хот сайхан байна гэсэн үг биз. Уулзсан нэгэндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, учраад өнгөрсөн тэр хормыг гайхамшиг гэж итгүүлэх тэр найрсаг дулаан бүхнээс илүү сайхныг цогцлооно байх.
"Сургуулийн номын сан (МУИС). Автобусны шинэ систем"
МУИС-ийн оюутан Г.Хулангийн хувьд бусад номын сангаас илүү тохьтой, судлах чиглэлийн номын олдоц арвинаараа сургуулийнх нь номын сан сайхан зүйлсийн нэг. Аниргүй орчинд, уншсан номондоо хөтлүүлэн суух сургуулийн номын сангаас олон ч оюутан эрдмийн богцоо дүүргэн гардаг биз ээ. Автобусны үйлчилгээний шинэ тогтолцоо, үйлчилгээ түүнд бас сайхан санагджээ. Номын сан, номонд шимтэх залуусаар өнгөө нэмж улам л сайхан болоосой ИХ ХОТ минь.