UBLife Logo
-

1000 сувилагчийн баярыг тэмдэглэж байна

UBLife
UBLife
1000  сувилагчийн баярыг тэмдэглэж байна

“Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд мөнхөрсөн Английн сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс тогтоосон байдаг. Манай улсын хувьд энэ өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Хэрэглэгчдэд ээлтэй –сувилахуйн тусламж, үйлчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Сувилагчийн нэг өдөр аян”-ны тэргүүн байр шалгаруулах ёслол, Монгол улсын сувилахуйн боловсролын тулгамдсан асуудал, түүнд авах арга хэмжээ сэдэвт лекц, 2017-2022 онд Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэлэлцүүлэг зэрэг онцлох арга хэмжээнүүд зохиогдлоо.

Д.Батжаргал

Эмээ нь 73 нас хүрч байна. Хуучин 3-р төрхөд мэс заслын сувилагчаар тасралтгүй 32 жил 8 сар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо шинэ төрөх эмнэлэг нээгдсэн. Олон жил  эмнэлгийн газар сувилагч хийгээд өнөөдөр энэ баярын өдөр Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан цолоор шагнуулсандаа их баяртай байнаа.  Мэргэжлээрээ сайн ажилласан гээд Эрүүлийг хамгаалах яамнаас 1974 онд Чехословак улсад 45 хоног амрах “жуух бичиг”-ээр шагнуулж байсан.

Г.Буянжаргал

Би одоо сувилагчаар 34 жил ажиллаж байна. Хөдөө орон нутагт Дунд говь аймгийн Цагаан дэлгэр сумын эрүүл мэндийн төвд ахлах сувилагч, дархлаажуулалтын сувилагч хавсарч хийдэг. Ахлах сувилагчаар 10-аад жил дархлаажуулалтын сувилагчаар 20-иод жил хийж байна. Хөдөө орон нутагт бид нар чинь ээлжийн сувилагч гээд 2 3н ажил хавсарч хийдэг. Өдий жил ажиллахдаа олон олон шагнал хүртсэн түүгээрээ их бахархаж явдаг. Хойч ирээдүй залуу боловсон хүчиний маань боловсролыг сайн дээшлүүлж өгч мэргэжил чиглэлээр нь тусад нь ажилуулж ёс зүйн харилцаа хандлагийг маш сайн сайжруулж баймаар байна.

Б.Болорцэцэг

Улсын 1-р төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажилладаг. Мэргэжлээрээ жил орчим ажиллаж байна. Анх намайг мэргэжлээ сонгоход аав маань их нөлөөлсөн намайг эмнэлгийн хүн болоорой эмч хүн болоорой гэдэг байсан болхоор энэ салбарт орсон. Тухайн үедээ анагаахын их сургуульд орж чадаагүй учир сувилагчийн сургуульд элсэн суралцаж, эрчимт эмчилгээгээр нарийсч мэргэшсэн. Сувилагч хүн бол бусдын эрүүл мэндийг төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах ёстой.

Жил бүр бүх аймаг сумдын төлөөлөл 1000 сувилагчийн уулзалт болж, бусдад үлгэро дуурайлал болгох, ард түмэндээ сувилагчдын ажил мэргэжлийн талаар таниулах үүднээс ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч сувилагчдыг шалгаруулан урамшуулдаг. Энэхүү баярын үйл ажиллагаатай зэрэгцээд сувилагч нар маш хүнд нөхцөлд ачаалал их өндөртэй ажилладаг ч бидний ажлын хажууд авч байгаа цалин бол харьцангуй бага гэдгийг хэлмээр байна. Төр засаг, шийдвэр гаргах түвшиний хүмүүст хэлэхэд нийгмийн асуудал, цалин, урамшууллын асуудал дээр анхаарч, захын дүүргүүд, сум орон нутгийн эмнэлгийн сувилахуй талын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байдгийг онцолмоор байна.

Ц.Болор-Эрдэнэ

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Хүнийг эмчилж эдгээх нь их сайхан үйл тул өөрийн сонирхол, тэмүүллээр энэ сургуульд орсон. Миний бодлоор сувилагч хүн мэдлэгтэй, ур чадвартайн дээр хүнийг хайрлаж, ойлгож чаддаг хүнлэг хүн байх ёстой гэж боддог.

Д.Дуламсүрэн

ХСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга, Монголын сувилагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Жил бүрийн  5дугаар сарын 12-нд “Дэлхийн сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг. Манай улсын хувьд 1995 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрөөр сувилагчийн мэргэжлийг сурталчилж, сургалт сурталчилгаа зохион явуулах, нийгмийн болон өөрсдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо төр засагтаа хүргэх зэрэг олон үйл ажлыг хийдэг. Энэ жилийн сувилагчдын өдөр “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” гэсэн уриан дор улс орон даяар зохион байгуулагдаж байна.Эрүүл болон өвчтэй хүмүүсийг сувилах, энэрэх, асрах, халамжлах үйл ажиллагааг хийдгээрээ бидний мэргэжил онцлог. 

Тулгамдаад байгаа гол асуудал бол нэг сувилагчид ногдох өвчтөний тоо олон байна. Монгол улсад өдөртөө 20-30 оронд, шөнөдөө 30-40 оронд нэг сувилагч ажиллаж байна. Сувилагч хоногийн 18 цаг орчим эмнэлэг дээр ажиллаж байна. Үүнээс үүдээд гэр бүл, үүр хүүхэддээ хандах хайр халамж, зориулах цаг, нийгэмд эзлэх байр суурь зэрэг эрхийн ауудал хөндөгдөж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
24
9
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.