UBLife Logo
-

Монголын нэг өдөр : 2016.06.02

Монголын нэг өдөр : 2016.06.02

Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох гэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог жишгээр манай улсаас 10 бөх уригдлаа. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Т.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцохоор болжээ. Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарчээ.

Night of ballet

Энэ сарын 4-нд болох Дэлхийн сонгодог бүжгийн наадам "Night of Ballet"-д 9 орны шилдэг 17 бүжигчин оролцохоор Монгол улсад ирээд байна. Олон улсын энэхүү наадам 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд Дэлхийн шилдэг бүжигчдийг эгнээндээ нэгтгэдэг АНУ-ын "Бостон" "Орландо", "Синсинати", Япон улсын "Комаки", Канад улсын "Канадын үндэсний балетын театр” болон Монгол Улсын ДБЭТ-ын гоцлол бүжигчид нэгэн тайзнаа бүжнэ. Наадамд Монгол, ОХУ, АНУ, Канад, Япон, Куба, Швед, Гүрж, БНХАУ-ын сонгодог урлагийг дэлхийд өнгөлж яваа гоцлол бүжигчид дэлхийн сор ноён оргил болсон бүтээлийг толилуулах юм. Наадамд энэ цагийн балетын нэрт төлөөлөгчид дэлхийн урлаг шүүмжлэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг "Тэсрэх бөмбөг" хэмээн алдаршсан АНУ-ын Жозеф Майкл Гатти, уран техникийн илэрхийлэл Кубын /Швед/ Родриго Алмаралес,"Гоо үзэсгэлэн сэтгэл татам байдлын гайхамшиг" Гүржийн Лаша Хозашвилий, АНУ-ын Дасти Баттон, МУГЖ, ДБЭТ, Бостон балтеын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг, Бостон балетад 10 гаруй жил гоцлон бүжиглэж буй Б.Батболд зэрэг дэлхий шилдгүүдийн ур чадварыг нэгэн тайзнаа үзэх боломж Монголчууд бидэнд тохиов.  

Тэмцээн

Малайз улсын Пенанг хотод энэ сарын 11-12-нд болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд зургаан орны 98 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн 13 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор болжээ. Дасгалжуулагчаар Б.Баасандорж, тамирчнаар их мастер Б.Шижир-Эрдэнэ, М.Төгөлдөр, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Л.Хулан, Ц.Хулан, З.Зулцэцэг, М.Ганчимэг, Б.Ариунзаяа,О.Ганжигүүр, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар оролцох аж. 

Ном

Хүүхдийн зохиолч Н.Энхтайваны цуврал бүтээлүүдийн нэг болох “Сонирхолтой амьтан, ургамал” хэмээх номыг брайль үсгээр хэвлэжээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны хүүхдийн баярын арга хэмжээг тохиолдуулан 116 дугаар тусгай сургуулийн анхны уншигч 20 сурагчид уг номын дээжийг гардуулсан байна. Монгол улсад нийт 23 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас 7400 нь сургуулийн насныхан аж. Тэдний сургалтын орчныг бүрдүүлэх, ерөнхий боловсрол эзэмшихэд нь брайль үсгээр хэвлэгдсэн ном сурах бичиг дутагдалтай байдаг. Иймээс ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас МХҮХ-ны хүсэлтээр харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын байгаль орчин, биологийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ном, сурах бичиг гаргах төслийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж буй. Энэхүү номыг хараагүй болон сул хараатай хүүхэд багачуудын оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндгөөр тэмтрэн унших товгор үсгэн текст, зурагтай, мөн эцэг эхчүүд багш нарт хүүхдийнхээ уншсан зүйлийг нягтлахад нь зориулж, өнгөт зураг, крилл үсэгтэйгээр тусгай форматаар хэвлэжээ. 

Хамтын ажиллагаа

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж, Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.  Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна. 

Цуур

Цуурын Олон улсын анхдугаар наадам-симпозиум Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү үйл ажиллагаанд зориулан соёлын биет бус өвийн төлөөлөл болох цуурын тухай болон цуурчдын талаарх баримт материалыг СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн “Өргөө” танхимд дэлгэжээ. Уг симпозиумын хүрээнд цуур, цуур төст хөгжмийн Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан нөхөрсөг тоглолт, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад энэ сарын 5-нд буюу ням гарагт 17:00 цагаас болно.    

Нийслэл

Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” компанийн хөрөнгө оруулалтаар барихаар болсон ба өнөөдрөөс барилгын ажил албан ёсоор эхэлж байна. Энэхүү цогцолор нь гурван блокоос бүрдэх ба Нийслэлийн засаг даргын тамгийн газар байрлах А блок нь 20 давхар байх аж. Мөн иргэдэд үйлчлэх төвийн Б блок нь хоёр давхар, иргэдийн төлөөлөгчдийн байрлах В блок нь зургаан давхар байхаар тус тус төлөвлөгджээ. Барилгын зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байх ба төсөл хэрэгжүүлэгч нь барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Улмаар барилга ашиглалтад орж, захиалагч түлхүүр гардаж авснаас хойш гурван жилийн хугацаанд төлж барагдуулах журмаар уг төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх юм. Энэхүү шинэ цогцолбор нь гурван жилийн хугацаанд баригдаж, 2019 онд бүрэн ашиглалтад орох ажээ. 

Олимп

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпийн наадамд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа.  

МАХН

МАХН-ынхан хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нарыг ялгүйд тооцсон, эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар ялгүй болох хугацаа дуусаагүй гэснийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэртэй холбогдуулан Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон байна. Сонгуулийн ерөнхий хороо МАНАН-гийн гар хөл болжээ. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол зөвхөн МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болох нь батлагдаж байна" гэлээ.

Сонгуулийн ерөнхий хороо

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлсэн дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Улмаар хэд хэдэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Үүнд, ТТЭНН-аас 35 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Туяабадрах, АН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Даваабаяр, 33 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Сүрэнжав, БНН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва, МАХН-аас 6 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг, 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаатар, 39 дүгээр тойрогт нэр дэвшсэн С.Саранхүү, 65-р тойрогт нэр дэвшсэн Э.Эрдэнэжамъян, 75-р тойрогт нэр дэвшсэн Н.Энхбаяр нар тус тус багтжээ. Тэднээс Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан байна. Бусад нь баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй байна. 

АСЕМ-11

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хурлын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нийт 40 зочид буудал түнш зочид буудлаар сонгогдсон байна. Үүний гурав нь төвийн зочид буудал буюу “Шангри-Ла”, “Туушин”, “Блю Скай” юм. Тодруулбал, “Шангри-Ла” зочид буудалд 24 орны 280 зочин “Туушин”-д 16 орны 180 зочин, “Блю Скай” зочид буудалд 7 орны 180 гаруй зочин байрших аж. Мөн төрийн дээд хэмжээний зочдыг байрлуулах “АСЕМ Вилла” хотхонд 40 орчим улсын зочид хүсэлтээ ирүүлсэн байна. Тухайлбал, төвийн гурван зочид буудалд, “Шангри-Ла”, “Туушин”, “Блю Скай”, Хэвлэлийн долоон зочид буудлаар “Пума Империал”, “Улаанбаатар”, “Баянгол”, “Зүчи”, “Гранд Хилл”, “Цэцэг”, “Премиум”, Бусад түнш 30 зочид буудлаар, “Альфа”, “Бишрэлт”, “Вайт Хаус”, “Декор”, “Кайзер”, “Кемпински”, “Континентал”, “Корпорейт конвейшн центр”, “Корпорейт”, “Лион таувер”, “Мика”, “Наранбулаг”, “Нарантуул”, “Өргөө”, “Парк”, “Платинум”, “Рамада”, “Рояал Хаус”, “Сити Таувер”, “Сүнжин Гранд”, “Спрингс”, “Чингис хаан”, “Шератон”, “Эдельвайс”, “Холидей Инн”, “Хотел Найн”, “ЮуБи Сити”, “Сант-Асар”, “Дрийм”, “Рояал Маунтейн” сонгогджээ.  

Аян

Энэ сарын 3-наас сарын хугацаанд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэлгүй хотод стрессгүй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Унадаг дугуй ба эрүүл мэнд” аяныг зохион байгуулахаар боллоо. Тус аяныг Зам, тээврийн яамнаас санаачилсан бөгөөд Эрүүл мэнд, спортын яам, БОНХАЖЯ хамтран ажиллана. Аяны хүрээнд унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө боловруулж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж, унадаг дугуйн замын ногоон сүлжээг бий болгохын тулд нийслэлийн төсөвт тусгах, дугуйн зогсоол талбайг байгуулах зэрэг ажлуудыг хийж эхлэх юм. 

ОБЕГ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Онцгой байдлын газрын анги, байгууллагуудын 310 алба хаагч, 64 автомашин, техник хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Баярын арга хэмжээ болсон Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг, Найрамдал зуслан зэрэг газарт учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам, Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газарт аялж, амарч байгаа иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.

12.20 цагт

Энэ сарын 4-нд буюу бямба гарагт “Корпорэйт конвеншн төв”-д болох "Night of ballet" тоглолтын талаар МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг хэвлэлийн бага хурал хийж байна. Дэлгэрэнгүйг эргээд мэдээлнэ.

12.05 цагт

Хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн VI хороо буюу Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих аж. Барилгын ажлын нээлт яг одоо болж байна.  

Сонгууль

Дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн сарын 31-ний 00:00 цагт тус намыг албан ёсоор бүртгэсэн. Харин өнөөдөр СЕХ-ноос ИЗНН-д сонгуульд оролцох батламжийг нь гардуулна.

Орон нутаг

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын замд  байрлах Тэрхийн голын төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг бид мэдээлсэн. Тэгвэл уг гүүрийг завсарлаж дуусах хугацаанд хөвдөг гүүр ашиглахаар болсон байна. Мөн гүүрийг засварлах дөрвөн сарын хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахад 205.7 сая, хөвдөг гүүрийн хоёр талд 4.9 метр түр замын далан барихад шаардагдах 71.6 сая буюу нийт 277.3 сая  төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалт хийсэн юм.

11.00 цагт

"Хааны эрэлд-2016" олон улсын сургуулийн хүрээнд дэлхийн орнуудын цэрэг эрс Төв аймагт 40 хүүхдийн дотуур байрны барилга барьжээ. Шинэ барилгыг хүлээн авах ёслол Төв аймагт болж байна. 

Татвар

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг Замын цагдаагийн албанаас өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна. 

Айлчлал

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсад хийх айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Тэрбээр Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

10.30 цагт

ХХАА-н сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хуралдаж байна. ХХААЯ-нд болж буй тус хурлын үеэр ХХАА-н салбарын судалгааны шилдэг бүтээлд ХХАА-н сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн “Грант” шагнал олгох ёслолын ажиллагаа болно.  

Нийслэл

“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа “Хотын дэд төв” төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн. Энэхүү төслийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо  Хангардь орчим, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Улсын Циркийн хойд талын цэцэрлэгт талбай/-д хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулна. Эдгээр гудамжид долоо хоногийн бямба, ням гарагт автомашин зорчихгүй байх юм. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамж гаргаж,   сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг батлав. Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 ам метр, худалдаа үйлчилгээний нийт талбай нь 6640 ам метр, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 ам метр байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжид  нийтдээ 9 гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гаргажээ.

Тохижилт

Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 2000 ам метр талбайд ханын зурган чимэглэл хийхээр төлөвлөсөн байна.  Одоогоор 9364.73 ам метр явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593 ам метр хавтанг нөхөн сэргээж будах, 12400 ам метр талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 ам метр газарт сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийжээ. Мөн зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг засварлан, шаардлага хангахгүй хэсгийг буулгаж, барилгын гадна фасадны 8300 ам метр талбайг засварлав.  

Энэ өдрийн лавлах

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 27-29, шөнөдөө 13 градус дулаан байна. Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 

Зуны тэргүүн харагчин могой сарын долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Билгийн тооллын 27.Үс засуулбал: Өлзийтэй сайнНаран ургах, шингэх: 05.08-20.39Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: ХийАргын тооллын зургаадугаар сарын 2, бархасвадь гараг. Билгийн тооллын 27, шийдэм одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
22
7
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.