UBLife Logo
-

Хотуудын хөгжлийн түүх №7: Багдад - соёл иргэншлийн Алтан гадас

Хотуудын хөгжлийн түүх №7: Багдад - соёл иргэншлийн Алтан гадас

“The Guardian” сонин “Хотууд” буландаа дэлхийн соёл иргэншилд онцгой нөлөөтэй хотуудын түүхийг өгүүлдэг билээ. “UB.life” тэдгээрийг цувралаар хөрвүүлэн хүргэж буй. “Багдад: Энх тайвны хот, Цуст хот” номыг бичсэн Жастин Мароцци суут Багдадын талаар хүүрнэжээ.

Өдгөө нэрийг нь сонссон хүний санаанд дотроосоо задарч, үгээр илэрхийлэмгүй хүчирхийлэлд автсан хотыг бодогдуулдаг Багдад 1250 жилийн өмнө анх байгуулагдахдаа хотжилтын түүхийн сор болсон бүтээл байлаа. Хүн төрөлхтөний соёл иргэншилд эргэлт хийсэн Багдад хотуудын хөгжлийн чигийг заагч Алтан гадас болсон юм.

Буурал Багдад олон түмний боддог шиг эртний хот биш. Христийн тооллоос өмнөх 762 онд Аббасидын халифатын хаан “ялагдашгүй” хэмээх Абу Жафар аль-Мансурын шинэ гүрнийхээ төв болгохоор суурийг нь тавьсан уг хот Ниневи, Ур, Вавилон (МЭӨ VII, IV, III мянган) зэрэг Месопотамын эртний хотын дэргэд залуу билээ.

Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Урукийн дэргэд ч мөн “хүүхэд”.  Урук МЭӨ 3200-аад онд оршин тогтнож байхдаа 80 мянга орчим оршин суугчтай соёл иргэншлийн хамгийн том төв байв. Зарим судлаач Вавилоны араб нэр аль-Ирак үүнээс үүдэлтэй гэж үздэг.

Багдадыг бүтээх явцыг өгүүлсэн баримт бичгүүд үлдсэн учир маш нарийн бөгөөд бүтээлч төлөвлөлтийнх нь талаар бид ихийг мэднэ. Тухайлбал, аль-Мансур хот байгуулах газраа хайн Тигр мөрний эрэг даган хөвж явахад нь мусульманчуудаас өмнө энд байр сууриа бэхжүүлсэн Несторын итгэгчид тохиромжтой байршил сонгож өгсөн гэдэг.

IX зуунд амьдарч байсан Арабын газарзүйч, түүхч Якуби “Гүрнүүдийн шастир” номдоо онцолсноор, Тигрийн эрэгт Евфрат мөрнөөс холгүй байршил нь худалдаанд нэн ээлтэй, ирээдүйд “ертөнцийн уулзвар” болох боломж олгожээ. Тэрбээр ийн төсөөлсөн нь мөдхөн биелж, Энх тайвны хот Багдад дэлхий, исламын ертөнцийн төв, эрдэмтэн мэргэд, яруу найрагч, математикч, түүхч, хөгжимчин гээд л салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн соронз болов. Тэр цагт Багдад исламын ертөнцийн хамгийн том бүтээн байгуулалт байлаа.

Барих газраа товлосон учир загвараа гаргах цаг ирэв. Түүхэн сурвалжид бичсэнээр бол загварыг бүхэлд нь халиф өөрөө гаргасан бөгөөд Евклидийн геометрийн судалгааг биширдэг байсан учраас тойрог загвараар босгохоор шийджээ. Түүний хатуу хяналт дор ажилчид тойрог схемийг нь үнсээр тэмдэглэсэн гэдэг. Үнсэн схемийг шалгасныхаа дараа аль-Мансур газрын тосонд дүрсэн хөвөн бөмбөлгүүдийг тойруулан асаахыг тушаасан нь удалгүй босох зузаан хэрмийн байршлыг зурагласан хэрэг байв.

762 оны долдугаар сарын 30-нд хааны зурхайчдын оноосон бэлгэ дэмбэрэлтэй өдөр аль-Мансур Аллахдаа мөргөөд эхний тоосгыг тавьснаар барилгын ажил эхэлсэн түүхтэй. Хааш хаашаагаа зургаан км өргөнтэй хотын аварга тоосгон хананууд Дугариг хотын бэлгэ тэмдэг болсон. “Багдадын түүх” номыг зохиогч, энэ талаар асар их мэдээлэл үлдээсэн XI зууны судлаач Аль-Хатиб аль Багдадигийн бичсэнээр, хотын ханануудын доод хэсэгт 162 мянга, дунд хэсэгт 150 мянга, дээд хэсэгт нь 140 мянган тоосго оржээ. 24 метр өндөртэй гадна хэрэм нь сэртэнтэй хүрээ бүхий хамгаалалтын хана байлаа. Хэрмийг хүрээлэн шуудуу татжээ.

Багдадын гудамж, 1918 он. Зургийг Getty Images

Ажлын хүч нь үнэнхүү нүсэр бүтэцтэй байв. Архитекторч, инженер, хуульч, судлаач, мужаан, барималч, барилгачин, энгийн ажилчин гээд мянга мянган хүн Аббасидын халифатын өнцөг булан бүрээс цуглажээ. Якуби энэ ажилд 100 мянган хүн оролцсон гэж тооцоолсон байдаг. Газрыг судалж, хэмжин, суурийг нь ухан гаргасныхаа дараа чулуу багатай Месопотамын хөндийд түлхүү ашиглаж ирсэн, наранд шарж, зууханд хатаан бэхжүүлсэн тоосгоор цайзан хотыг барьж эхлэв.   

Тойрог загвар нь гайхалтай шинэлэг байлаа. Хотын хэрмэнд өөр хоорондоо ижил зайтай дөрвөн хаалга байсан нь шулуун замаар хотын төвтэй холбогдоно. Баруун урд, зүүн урд зүгийн хоёр хаалга Евфрат мөрний усыг Тигрт цутгадаг хотын усан хангамжийн сүлжээний амин судас болсон Сарат сувгийг чигт онгойдог байв. Шам хэмээх баруун хойд хаалга нь Анбар хотод хүргэх гол замд хөтлөх бол зүүн хойд хаалга нь Тигр мөрөнтэй ойр учир эрэг дээрх завиуд дээр аваачна.

Голын нэг эргээс нөгөөд нь завь эгнүүлэн бэхэлсэн гүүрнүүд Багдадын түүхийн дийлэнх хугацаанд хотын хамгийн сэтгэлд хоногшсон хэсгүүдийн нэг байв. XX зуунд британичууд ирж, тэдгээрийг төмөр гүүрээр сольсон байдаг.

Хаалга бүрийн дээр харуулын цамхаг байв. Тэндээс олон миль үргэлжлэх далдуу модны төгөл, Тигрийн ногоон эргийг тольдож болно. Аль-Мансур үдийн нарнаас нуугдан Хорасан (зүүн хойд) хаалганы дээд талын цамхагт сэрүүцэх дуртай байжээ.    

Хотын хаалгадад хүргэдэг дөрвөн замыг хүрээлэх аркт гудамжинд дэлгүүр, захууд байж. Төв замуудаас салаалсан жижгэвтэр гудам тус бүр хэд хэдэн талбай, хороололд аваачна. Гадна хэрэм дотор хананы хоорондох зайг хавчиг хийсэн нь төвд дээдсүүдэд зориулсан тансаг талбай үлдээх гэсэнтэй нь холбоотой аж.

Багдадыг хүрээлж байсан хананаас үлдсэн багахан хэсэг. Зургийг Мохаммед Жалил/EPA

Багдадын төвд байх хаалттай талбайн голд хааны эдлэн оршино. Аварга талбайн захаар хааны хүүхэд, хаанд үйлчилдэг хүмүүс байрлах бөгөөд халифын гал тогоо, захиргааны төвүүд байна. Харин хотын яг төвд халифын Алтан хаалгатай ордон, Агуу сүмээс өөр ямар ч барилга байсангүй. Энэ нь тэнгэрийн болон газрын удирдагчдын холбоог дээдлэх исламын шашны ёсод нийцэж байв. Аль-Мансур өөрийн хэсэгтээ тулай өвчинд нэрвэгдэн шаналж байсан авга ахаа хүртэл оруулаагүй гэдэг.  

Аль-Мансурын 300 гаруй ам метр талбайтай харц булаам ордон 40 м өндөртэй ногоон бөмбөгөр оройгоороо алдартай байв. Доороо гартаа сэлэм барьсан морьтой хүний аварга хөшөөтэй уг орой ойрын олон км-ээс харагдана. Морьтой баатрын хөшөө сэлмээ салхины чиг заагч шиг дайсны ирэх зүгийг заан эргэлддэг байсан хэмээн Аль-Хатиб бичсэн нь бий. 165 ам метр талбайтай Их сүм аббасидууд Аллахын хамгийн хүчирхэг, үнэнч итгэгчид болохыг илтгэж байв.   

2005 онд бөмбөгдөлтөд өртсөнийх нь дараа Аль-Мансурын хөшөөг нүүлгэж буй нь.             Зургийг Карим Сахиб/AFP

766 онд Дугариг хотын барилгын ажил дуусчээ. Хотын сайхныг бүгд л магтаж байв. IX зуунд нийтлэлч Абу аль-Жахиз “Би олон жил барьснаараа гайхагдсан агуу хотуудыг харж байлаа. Византын эзэнт гүрэн, Сирид тийм хотуудад очиж үзсэн ч Абу Жафар аль-Мансурынхаас өндөр, илүү төгс хэлбэр, хамгаалалт, том хаалгатай хотыг харж байсангүй” хэмээн харамгүй магтсан байдаг. Түүнд Багдадын хэлбэр гойд таалагддаж байж. “Яг л хэвэнд хийгээд цутгачихсан юм шиг” хэмээн дүрсэлжээ.

1870-аад онд Оттаманы эзэнт гүрний түшмэл Ахмед Мидхат хотыг шинэчлэх гэхдээ ханыг суут ханануудыг буулгаснаар Дугариг хот ул мөргүй болсон түүхтэй. Аль-Мансур VIII зуунд хотын төвийг “лацадсан”-тай адилаар 12 зууны дараа багдадчууд Садам Хуссейнээр удирдуулсан хотынхоо төвд нэвтрэх эрхгүй байв. Хуучин нийслэлээс арай урагшаа байрлах Карадат Марямын дүүрэг шинэ засаглалын штаб, тусгай албадынхаа тусламжтайгаар айдас төрүүлж, хянан барьж, хөнөөх үүрэгтэй аварга машины хөдөлгүүр болсон юм. 2003 онд америкууд эзэлсний дараа Ногоон бүс нэрээр танигдсан хатуу хяналттай газар болж иракчуудын орох эрхгүй 10 км-ийн аюулын тойрог болов.

12 жил хаалттай байсан Ногоон бүс багдадчуудад нээлттэй болоод жил болжээ. Гэвч цусаар будагдсан түүхийнхээ хүчирхийлэл дүүрэн бас үетэй нүүр тулсан иракчуудыг энэ үйл явдал баярлуулаагүй. Багдад оршин тогтносоор, иргэдийнх нь зовлон зүдгүүр ч төгсөхгүй хэвээр.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
38
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.