Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байдаг. Ажлын байрны, болон ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе.
Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.
Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг.
Компьютерд дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой.
Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах
Та гар утсаа цэнэглээгүй хэрнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.
Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт бага байдаг.
Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь бүрэн гэссэнийг машиндахаас илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.
Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.
Нийтийн орон сууцнуудын орцны гэрэл үдшийн цагаар хүн явсан, яваагүй байнга асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын цагтай давхцдаг. Ийм гэрэл 60Ватт-ынх байгаад өдөрт 10 цаг асаалттай байхад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлээр сольж хэмнэх нь зүйтэй.
Гэрэл - Албан тасалгаанаас гарахдаа гэрлийг заавал унтраах.
Мэдээлэл холбооны хэрэгслүүд болох цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.
Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.
Шарах шүүгээ - Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа шарах шүүгээндээ хийх хэрэгтэй.
Хэрэв та оффисоос гарч байгаа хамгийн сүүлийн хүн бол дараах зүйлсийг унтрааж тэжээлээс бүрэн салга. Ингэснээр та цахилгаан эрчим хүчийг 5 хүртэл хувиар
Та дээрх аргуудыг хэвшил болгож чадвал эрчим хүчээ хэмнээд зогсохгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах юм.