Дэлхийн хамгийн анхны хоёр нутагтан жаран хөлтийг нээжээ. Уг жаран хөлт 20 см урт аж. Шавж судлаач Жорж Беккалони Тайландад бал сарын аяллалаа хийж явахдаа үүнийг нээжээ.
Тэрбээр “Би дэлхийн эргэн тойрноор аялахдаа горхины хажуугийн чулуунуудыг сөхөж үздэг. Жаран хөлтийг тэндээс л олдог юм. Харин энэ жаран хөлтийг олоод их цочирдсон шүү. Тийм том, урт хөлтэй, хар өнгөтэй жаран хөлт урьд нь харж байсангүй” гэж “National Geographic”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Жаран хөлтүүд уснаас хол байх гэж хичээдэг ч Беккалони түүнийг том савтай усанд тавих үед могой загас шиг дадамгай сэлсэн байна. Беккалони жаран хөлтийг Лондонгийн байгалийн түүхийн музейд авчиржээ. Энэ төрлийн жаран хөлт ердөө дөрвөн ширхэг олдсон байдаг. 1928 онд үүнтэй төстэй нэгийг олж байсан ч сэлж чаддаггүй байсан аж.
Жорж Беккалони “Би энэ төрлийн жаран хөлт шөнийн цагаар усанд шумбаж, усны болон хоёр нутагтан жижиг амьтдыг барьж иддэг гэж таамаглаж байна” гэв.
Жаран хөлтүүд бусад төрлийн сээр нуруугүй амьтдыг иддэг. Мөн могой, хулгана барих нь ч бий. Тэдний хурц шүд хүний арьсыг ч цоолж чадна. Үхлийн хортой биш ч маш их өвтгөдөг байна. Эл шинэ нээлтийн тухай “ZooKeys” шинжлэх ухааны онлайн сэтгүүлд гарчээ.