Анх 1877 онд Большой театрын тайзнаа тавигдсанаас хойш дэлхийн сонгодог урлагийн сод бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон Хунт нуур бол УДБЭТ-т хамгийн олон удаа тоглодог балет. Дуурийн театрын босгоор давж ч үзээгүй хүмүүс хүртэл “Хунт нуур”-ын тухай мэддэг. Нэн ялангуяа дөрвөн “хун” гар гараасаа барилцан бүжиглэдэг хэсгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ирэх бямба гарагт ДБЭТ-ын тайзнаа дахин тоглох “Хунт нуур” бүжгэн жүжгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Анхны тоглолтын II үзэгдэлд зориулан Ф.Гаанены зурсан зураг
1877 оны гуравдугаар сарын 4-нд Большой театрт нээлтэд нь ирсэн үзэгч, шүүмжлэгчид балетыг тун ч хүйтнээр хүлээж авсан байдаг. Олонх нь П.И.Чайковскийн хөгжим хэтэрхий хүнд, уйтгартай гэж байв. Шүүмжлэгчид “Вагнерын өнгө аяс хэтэрхий их, хэтэрхий симфонилог” хэмээн бичиж байжээ.
П.И.Чайковский “Хунт нуур”-ын хөгжмийг жил орчимд бичиж дуусгажээ. Тэр үеэр мөн III симфонио бичиж байж.
П.И.Чайковский “Хунт нуур” балетынхаа хөгжмийг бичих сацуу бүжиг дэглээч мөн балетын дэглэлтийг хийж байв. П.И.Чайковский бүжгийг анхлан дэглэсэн Вацлав Рейзингертэй харилцаа муутай байв. В.Рейзингерт түүний хөгжим таалагдаагүй бөгөөд зарим хэсгийнх нь аяыг өөр хөгжмийн зохиолчоор бичүүлэхээр хүртэл ярьж байжээ. Үүнийг нь П.И.Чайковский эсэргүүцсэний эцэст аяыг хэвээр үлдээсэн түүхтэй. Анхны тоглолт амжилт муутай болсон нь В.Рейзингерийн буруу гэж шүүмжлэгчид үздэг. Тэрбээр Оросын эзэн хааны ивээл дор 1873-1878 онд ерөнхий дэглээчээр ажиллаж байв.
“Хунт нуур”-ыг агуу амжилтад нь хүргэсэн хүмүүс бол франц дэглээч Мариус Петипа, орос дэглээч Лев Иванов (М.Петипагийн шавь) юм. П.И.Чайковскийтой “Нойрсож буй гоо бүсгүй”, “Цөмөөхэй” бүтээлүүд дээр нягт хамтран ажилласан тэд хөгжмийн зохиолчийн суу билэгт итгэдэг байв. М.Петипа нэгэнтээ “Чайковскийн хөгжим муу байна, түүнээс болж балет амжилтгүй болсон гэдэгт би итгэхгүй. Асуудал хөгжимд бус балетын найруулга, дэглэлтэд л байсан байж таарна” хэмээж байжээ.
Лев Иванов шинэчлэн дэглэхдээ балетын бүжигчдийн гарыг чөлөөтэй хөдөлгөхийн тулд хувцасны далавчийг авчээ. Тэрбээр “Бяцхан хунгуудын бүжиг” нэрээр танигдсан дөрвөн хунгийн бүжгийг дэглэсэн аж.
Монголчууд бяцхан хунгуудын бүжгийг "Ну, погоди!" хүүхэлдэйн кинонд гардгаар нь сайн мэднэ.
Италийн нэрт бүжигчин Пьерина Леньяни 1893 онд Мариинский театрт анх алдарт 32 эргэлтийг хийсэн түүхтэй. Бүжигчин нэг хөлөө урагш нь шулуун өргөөд эргэх явцдаа өвдгөө нугалан нөгөө хөлийнхөө өвдөгт хүргээд дахин давтдаг “фуэте” (fouette) эргэлтийг тийм олон удаа хийхийг нь харсан М.Петипа түүнд зориулан “Хунт нуур”-т уг эргэлтийг оруулжээ. Уг эргэлт Одетта, Одиллиягийн дүрийн ялгааг сайтар гаргаж өгдгөөрөө асар их үүрэгтэй хэсэг юм. П.Леньянигийн техникийн гайхалтай чадвар дараа дараагийн олон балетчдыг хурцалж, жишиг тогтоосон гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Оросын алдарт балетчин, хоёр жилийн өмнө таалал төгссөн Майя Плисецкая Большой театрт 30 жилийн турш уг балетын гол дүрд тоглосон.
Гэхдээ 1985 оны шинэчилсэн ба анхны тавилтад Одиллия хар хун байгаагүй. П.Леньяни уг балетад бүжиглэхдээ алтлаг эмжээртэй улаан хувцас өмсөж байжээ. Дараа дараагийн цөөнгүй Одиллия олон өнгө хосолсон өмсгөл өмссөн байдаг.
Метрополитан театрт уг балетыг 1941 онд тавихдаа Одиллиягийн дүрд хүч оруулж, тодруулахын тулд гол дүрийн бүжигчин Тамара Тумановад хар өнгийн хувцас өмсгөжээ.
Зохиолыг хорон санаат шидтэний гарт орж хунгийн дүрд хувирсан Одетта гүнжийн тухай герман домгоос сэдэвлэсэн гэж үздэг. Ид шидийн гэмээр зохиол нь уг балетын статуст онцгой нөлөөтэй билээ.
Зохиолоо нуурын эрэгтэй холбох сэдэл Альпийн нурууны ойролцоох Фюссен хотын нуурын эрэгт төрсөн гэж германчууд үздэг. Харин Каменка хот дахь П.И.Чайковскийн музейд хөгжмийн зохиолч дүүгийндээ зочлохоор очихдоо эдлэн газарт нь элбэг байсан хунгуудыг ажиглаж нэрт зохиолоо бичсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэрбээр олон жилийн турш дүү охиныхоо эдлэнд зуншсан. Түүнд зориулан дүүгийнх нь гаргаж өгсөн гурван өрөөтэй ногоон байшинд “Евгений Онегин” дуурь, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Хунт нуур” зэрэг алдарт бүтээлээ бичсэн юм.
Тухайн үед хөгжмийн шилдэг зохиолчид балетын хөгжим огт бичдэггүй байв. Харин тусгай захиалга авсан П.И.Чайковский тун ч хянамгай ханджээ. Эхний тоглолтыг удирдсан удирдаач нь хүртэл хөгжмийг нь “хэтэрхий түвэгтэй” хэмээн бодлоо илэрхийлж байж.
1995 онд Английн бүжиг дэглээч Мэтью Борн уг балетын дүрүүдэд эрэгтэй бүжигчдийг тоглуулж, Садлерс Уэллс театрт тавьсан нь асар амжилттай болж, ОХУ, Итали, Япон тэргүүтэй олон оронд тавигдаж, олон улсын 30 гаруй шагнал хүртсэн.
1991 онд “наймдугаар сарын төрийн эргэлт” хэмээн нэрлэгдсэн төрийн эргэлт хийх оролдлогын үеэр (Михаил Горбачёваас төрийн эрх булаах зорилготой бослого) ЗХУ-ын телевизийн бүх сувгаар уг балет гарч байв.
1968 онд цагаан сарнайны нэг сортыг “Хунт нуур” гэж нэрлэсэн байдаг.