UBLife Logo
-

Импортолсон үрийн улаан буудай ОХУ-ын стандартад нийцэж байгаа учраас Монголд тарьж болно

Э.Хулан
Э.Хулан
Импортолсон үрийн улаан буудай ОХУ-ын стандартад нийцэж байгаа учраас Монголд тарьж болно

“Манайх олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн байдаг. Тиймээс ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаан буудай нь тус улсын шаардлагад бүрэн нийцэж байгаа” гэж Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын байцаагч П.Болормаа хэлэв. Тэрбээр газар тариалангийн салбарт ээлжит маргааныг дагуулаад буй “Алтайская жница” үрийн улаан буудайд шинжилгээ хийсэн хоёр байцаагчийн нэг нь юм. Нөгөөх байцаагчийг Д.Цэрэндулам гэдэг ба Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилладаг.

Дээрх үрийн улаан буудайд хийсэн хоёр байцаагчийн дүгнэлт зөржээ. Д.Цэрэндуламын дүгнэлт энэхүү үрийг гуравдугаар зэргийнх гэдгийг баталж буй бол, ОХУ-ын стандартыг барьж буй П.Болормаагийн дүгнэлт хоёрдугаар зэрэг болохыг баталсан байна. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа импортын үрийн улаан буудайг маш сайн чанартай байна гэдгийг өнгөрсөн гуравдугаар сард онцолж байсан юм. Р.Бурмаа сайдын хэлснээр маш сайн чанартай үр нь хоёр, эсвэл гуравдугаар зэргийнх аль нь болохыг тогтоож чадалгүй, маргаж байгаа нь энэ.

“Газар тариалангийн холбоо”-ноос хэл ам хийж, нөхцөл байдал нэлээд хурцдаж буй учраас чухам аль байцаагчийн дүгнэлт үнэн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж өөрийн биеэр тайлбарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр  П.Болормаа  байцаагчийн дүгнэлт үнэн гээд мөнөөх үрийг импортолж буй “Нямбайгаль даваа” компанийн захирал түүний хүргэн биш гэдгийг албан ёсоор зарлалаа. Хүнс, хөдөө аж ахуйн яам болон “Газар тариалангийн холбоо”-ны ээлжит маргаанаас болж тавдугаар сарын 9 болчихоод байхад газар тариалангийн ажил эрчимжээгүй, хугацаа алдсан хэвээр байна.  

"Үрийн буудайгаа цэвэрлээд тариагаа тарь"

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын байцаагч П.Болормаа

Хүнс, хөдөө аж ахуйн яамны тогтоосон квотын дагуу “Нямбайгаль даваа” компани ОХУ-ын  “Алтайская жница” сортын дөрвөн мянган тонн үрийн буудайг импортлон оруулж иржээ. Салбарын сайд Р.Бурмаагийн хэлснээр дээрх импортын үр маш сайн чанартай байх учиртай байв. Тэгтэл бодит амьдрал дээр импортолсон үр нь гуравдугаар зэргийнх болохыг тариаланчид хэлж байна.

Улаан буудайн үрийн чанарыг Стандартчилал, хэмжил зүйн газрын үрийн буудайн MNS – 02462010 (энд дарж үзнэ үү) стандартын дагуу сайн, мууг нь хэмждэг юм байна. Тэгвэл энэхүү стандартын дагуу П.Болормаа болон Д.Цэрэндулам гэх хоёр байцаагчийн дүгнэлт нэг л зүйл дээр адил байгаа гэдгийг “Газар тариалангийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат дээрх хурлын үеэр онцолсон. Тэрбээр нэг килограмм улаан буудайн үрд агуулагдах хог ургамлын хэмжээ 30 ширхэгээс илүү гарч, гуравдугаар зэрэглэлийнх гэдэг нь хоёр байцаагчийн дүгнэлтээр батлагдаж байгаа гэсэн юм. Түүнчлэн чанар муутай үрийг цэвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг хэлээд “Цэвэрлэгээний зардлыг яах юм бэ” гэж асуув. Энэ асуултад П.Болормаа байцаагч “Улаан буудайн үрээ цэвэрлээд, тариагаа тарихгүй юу” гэж хариулсан юм.

Үрийн улаан буудай нэг, хоёр, гурав гэсэн зэрэгтэй байдгаас гадна дээрх “Алтайская жница” сортын үрийг өмнө нь Монголд тарьж байгаагүй талаар тариаланчид гомдол гаргасаар байна. Улаан буудай нутагшаагүй гэсэн үг. Тиймээс  өмнө нь тарьж байгаагүй үрээр тариалалт хийгээд, намар тариалан  алдаж магадгүй байгаа гэнэ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх үрийг "Алтайская" бүлэг сортынх учраас Монголд нутагшсан гэж үзэж болно гэж тайлбарласан юм.

“Газар тариалангийн холбоо”-ны тариаланчид болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны ээлжит маргааны үр дүнд монголчууд ирэх намар бага тариа хурааж авч магадгүй бололтой.  “Хэрэв энэ намар ургац алдаж, чанар муутай буудай хурааж авбал хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж “Бид мэдэхгүй” гэж хариулсан. Тэгэхээр энэ асуулт эзнээ хүлээн хоосон үлдэж байна. 

Импортын улаан буудайн бизнесээс угшилтай газар тариалангийн салбарын маргаан жил дамнаж, өдгөө үрийн улаан буудайн чанар, эрүүл ахуйн асуудлыг хөндөж буй нь энэ юм.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
4
41
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.