Шуудхан хэлэхэд, 2024 оны сонгуулиар бүрэлдэх УИХ-д нийт хүн ам дахь хүйсийн төлөөллийн тэгш оролцоо хангагдахгүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүд 30 хувийн л квоттой. 126 суудалтай болж өргөжих шинэ УИХ-д одоогийнхоос 2-3 дахин олон эмэгтэй гишүүн буюу өөдрөгөөр тооцоход 30-уулаа сонгогдох магадлалтай хэмээн судлаачид муу амлаад байна.
Сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд эмэгтэй улстөрчдийг харах харц, эмэгтэй улстөрчдөөс хүлээх хүлээлт нэлээд хуучирч, хоцрогдсон хэвээр байгааг нийгмийн сүлжээнд тархаж буй мэдээ, зураг сэлт нотолсоор. Улс төрийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй эмэгтэй гэхлээрээ ер бусын, төгс төгөлдөр байх ямар ч албагүй. Эмэгтэй нь эмэгтэйгээрээ, эрэгтэй нь эрэгтэйгээрээ улс төрийн амьдралд оролцож, хөгжлийн бодлого, асуудал хийгээд шийдлээ дэвшүүлж байвал зүй зохис тэр юм.
Эмэгтэй улстөрчөөс эрэгтэй улстөрч шиг байхыг тулгасан харц, хүлээлт цаанаа зөрчил, хүчирхийлэл тээсэн байдаг. Нэр дэвшигч эмэгтэйн үнэт зүйл нь эрэгтэй улстөрч шиг байхад ч биш. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нэр дэвшигчийн үзэл бодол, боловсрол мэдлэг, туршлага чадвар бол УИХ-ын гишүүнээр ажиллах хүн бүхэнд байвал зохих үнэт зүйлс юм. Хүний үнэн түүх өөрчилшгүй, орлуулшгүйгээрээ хүчирхэг билээ. Хэний ч яваагүй замаар явдаг, шударга ёсны төлөө хамгийн чангаар дуугардаг зүрх зоригтой эмэгтэйчүүдээ дэмжье.
Хүүхдийн эрх зөрчигдсөн дуулиан гарахад эмэгтэй гишүүдийг хайдаг, дуугарахыг шаарддаг, эмэгтэй хүнийхээ мэддэг чаддагийг л яривал барав гэх хандлага тогтжээ. Яагаад эрүүл мэнд, эх хүүхэд, хүчирхийллийн сэдвийг эмэгтэйчүүдэд даатгадаг юм? Тэгэхээр бусад сэдвийн хэлэлцүүлэгт эмэгтэй гишүүдийг оруулахгүй хаачихвал гайхах хэрэггүй юү? Хууль тогтоох байгууллагын гишүүн байна гэдэг нь ард түмнийг төлөөлөн хөгжлийн бодлого боловсруулах, шийдэл олох, шийдвэр гаргахын нэр. Тиймээс энэ үүрэг хариуцлагыг энэ хэсэг нь эрэгтэйнх, нөгөө хэсэг нь эмэгтэйнх гэж хуваах ёсгүй. Гишүүн бүр өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвараараа нийгмийн салбар бүрийн бодлогыг эн тэнцүү үүрч, тэв тэнцүү хариуцах ёстой.
Монголын улс төрийн томоохон намуудын дарга нар эрчүүд. Өнөөхөндөө Монголд эрэгтэйчүүдэд илүү ханардаг хүйстэй улс төр өрнөж байна. Гэвч ийм улс төр авлига, хуйвалдааны хар түүхтэй байдгийг бид харсан. Улс төрийг эмэгтэйчүүдээр дүүргэх ч гэсэнгүй. Улс төр хүйсгүй, лидер аль ч хүйсийнх байж болно гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх өөрчлөлтийг энэ удаагийн сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчид манлайлахаас аргагүй. Улиг болсон улс төрийг хувьсган өөрчлөхөд илүү их хүч чадал, хөрөнгө мөнгө шаардах гэхээсээ өөрийнхөөрөө байх, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх эмэгтэйчүүдийн чадвар, соёл, нөлөөлөл чухал байна.
2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эмэгтэйчүүд өөрийгөө таниулах, харуулах талбараа нэн шинээр сөхөж үзэх шаардлага гарч байна. Ямар сонгогчид байна, тийм л сонгууль болно гэж хандвал юу өөрчлөгдөх. Хувьсган өөрчилсөн, сонгогчдыг араасаа дагуулсан эрс шинэ сонгууль болоосой. Эмэгтэй улстөрчид олон нийтийг манлайлах зоригоор кампанит ажлаа явуулаасай. Зориг гэдэг үгийн өмнө “эр” хэмээх тодотгол ордог ч гэлээ энэ бол эр, эм аль ч хүнд байдаг чанар билээ.
Эмэгтэйчүүд 2024 оны сонгуульд өөрсдийгөө хувьсган өөрчлөх чадалтай лидерүүд гэдгээ харуулж, улс төр гэдэг ойлголтыг хүйсгүй болгох шинэ замыг нээхгүй бол үеэ өнгөрөөсөн 30 жилийн хуучин хуйвалдаанд улсаараа ялагдсаар байх болно. Хувьсган өөрчлөгч лидерүүд ялж, увайгүй улс төрийн улигт байдлыг эрс шинэчлэн өөрчлөх болтугай.