UBLife Logo
Авторын булан

Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг болно

Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг болно

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяатай ХАОS фестиваль, Монголын орчин үеийн урлаг болон ойрын үед хийж буй ажлуудынх нь талаар ярилцлаа. 


-Удахгүй болох XАОS фестиваль залуусын дунд хүлээлт өндөр байх шиг. Яг ийм төрлийн фестиваль Монголд өмнө нь болж байгаагүй гэвэл буруудахгүй байх тийм үү? 

-Тийм гэж хэлэхэд буурдахгүй байх. Технологийн маш төвөгтэй ажиллагаа, авъяас, нарийн мэдрэмж дээр суурилж бүтсэн, өөрийн гэсэн өвөрмөц хэлэмжээр олон улсад цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхийд хэдийнээ танигдсан уран бүтээлчид, мөн Монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ фестивальд Австрали гаралтай уран бүтээлч, хөгжмийн зохиолч, продюсор Бен Фрост, Япон мултимедиа уран бүтээлч Риоичи Курокава, Итали медиа уран бүтээлч Марко Чичери, Америк гаралтай одоо Сиднейн их сургуулийн медиа урлагийн багш Диана Честер, Монгол уран бүтээлч Ж.Ариунтуяа нар, бас амьд тоглолтын үеэр DJ EID55558.55, Номт нар оролцоно. Ингээд нийт 7 уран бүтээлч оролцож байгаа юм.  

-EXPERIMENTAL MUSIC, VISUAL ARTS-ын хослол дэлхийд ер нь хэр шинээрээ байна вэ. Урлагийн ондоо төрлүүдийн нийлэмж, үүнээс бүтсэн шинэ мэдрэмж хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа. 

-Тодорхой мэдрэмж болоод сэдлийг хүргэж байгаа хэлбэр нь өөр болохоос бүх төрлийн урлагт хоорондоо ижил төстэй мөн чанарууд, бие биедээ уусах боломж маш их байдаг. Тийм ч учраас урлаг илүү чөлөөт болсон цагаас эхлэн урлагийн төрлүүд хоорондоо улам уусч, яг тийм төрөл гэхийн аргагүй болж хувирч байна. Жишээлэхэд контемпорари бүжиг, үйлдлийн урлагтай, кино, медиа урлагтай, хөгжим, дуу авиан урлагтай улам ижил төстэй болж байна. Ийм уусал барууны орнуудад бий болж хөгжөөд удаж байна. Манайд бол хөгжлийн эхлэлийн шатандаа явж байгаа санагддаг. Иймээс ч ихэнх үзэгчдийн хувьд шинэ үзэгдэл байж болох. 

Миний хувьд дүрслэх урлагийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд experimental sound, visual art хослуулсан уран бүтээлчидтэй түлхүү хамтарч ажиллаж байлаа. 2019 онд анх удаа Alva Noto нэрээр алдаршсан Герман уран бүтээлч Карстен Николайтай хамтарч ажиллаж үзсэн. Карстен бол экспериментал хөгжим, дүрслэх урлаг хосолсон бүтээл хийдэг олон улсад нэрд гарсан уран бүтээлч юм. Экспериментал хөгжмийн тухайд John Cage, Karlheinz Stockhausen зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонсох дуртай, бас тэдний ярилцлагуудыг их сонсдог. Эдгээр хүмүүсийн аливаа бүтээлийн мөн чанарыг харж байгаа өнцөг нь маш сонирхолтой байдаг. Ер нь аливаа туршилтыг хийж, цоо шинэ урсгалыг бий болгож чадсан уран бүтээлчид бол маш нарийн мэдрэмжтэй, аливаа зүй тогтлыг нарийн ажиглаж мэдэрч, ойлгосон, нийгмээсээ түрүүлж сэтгэсэн, өөрийн гэсэн тодорхой үзэл бодолтой хүмүүс байдаг. 

-Та Венецийн биеннальд олон удаа Монголын павильоны куратороор ажилласан. Тэгэхээр урлагийн чиг хаашаа явж буй, сонирхолтой туршилтууд юу байж болох тал дээр мэдээлэлтэй байж, удаан бодсон байх? 

-Эргээд харахад, дүрслэх урлагийн салбарт ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн туршид Венецийн биенналь болон бусад олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ, уулзалт зэрэгт тогтмол оролцсоор нилээд их мэдлэг туршлага хуримтлуулжээ. Дэлхийн чиг хандлагыг ажиглана, гэхдээ чиг хандлагыг дагахаас илүүтэй монгол уран бүтээлчид тэнд ямар байр суурь эзэлж болох, тэдэнд байхгүй юуг бид өгч чадах, мөн тэднээс юуг авч өөрийн эсхүл хамтын болгох боломжтой вэ гэдгийг эрэгцүүлж их боддог. 2019 оны Венецийн биенналийн үзэсгэлэн дээр Alva Noto-г монгол хөөмэйчидтэй хамтран экспериментал дуу авиан туршилт хийлгэх санааг гаргаж байсан. Энэ нь бол миний хувьд анхны томоохон туршилт болж байлаа. Би өөрөө дуулж, хөгжимдөөгүй ч бүтээл бостол бүхий л цаг хугацаанд хамт байж, уран бүтээлчдээ хөглөж, чиглүүлж ажиллаж байсан. 2023 онд Тувагийн дуучин Сайнкхогийн Lost Rivers нэртэй дуу авиан бүтээлтэй хослуулан Швейцарь бүжиг дэглээч Фабиан Коны дэглэлттэйгээр перформанс буюу үйлдлийн урлаг бүтээх санаа сэдэж, ихэнх нь бүжигчин биш 18 хүн оролцуулан маш сонихолтой бүтээлийг төрүүлсэн. Энэ бол бас миний хувьд маш сонирхолтой туршилт байлаа. Бүтээл биежихээсээ өмнө нүдэнд минь үзэгдэж, чихэнд минь сонсогдож байсан. 

Куратор хүн хамтран ажиллаж байгаа уран бүтээлчтэйгээ маш ойр дотно байж, тэр хүнд байгаа бүхий л авъяас, чадвар, мэдрэмж, бодол ухааныг нь тодотгох боломжуудыг хайдаг, уран бүтээлчтэйгээ нэг цул болж ажиллаж чаддаг тийм л хүн байх ёстой гэж би боддог. Миний хувьд зүгээр үзэсгэлэн зохион байгуулах, бичвэр бичихээс илүүтэй уран бүтээлчидтэй хамтраад туршилтууд хийх нь илүү сонирхолтой.  

-XAOS хэмээх нэр нь ХАOS-ын онолоос үүдэлтэй тухай та өмнө нь ярьж байсан. Энэ цаг үед энэхүү фестивалийг зохиож буй нь ч бас учир зохиолтой болов уу? 

-ХАОС гэдэг нэрийг миний хүү, энэ наадмыг санаачлагч Т.Билгүүн өгсөн. Наадмын мөн чанар нь Хаосын онолыг бүр яг утгаараа санагдуулж байсан болохоор их таалагдсан. Маш энгийнээр хэлэхэд, хаосын онол нь нүдэнд үл ажиглагдам, багахан хэмжээний өөрчлөлт нь хэсэг хугацааны дараа таамаглашгүй их өөрчлөлтөнд хүргэж болзошгүй гэсэн санааг агуулдаг шүү дээ. Үүний адил экспериментал уран бүтээлчид тухайн цаг үедээ ойлгомжгүй байх нь элбэг ч тодорхой хугацааны дараа нийгмийн сэтгэл зүй болоод соёлд асар их өөрчлөлтийг авчирсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр хаос гэдэг нэр нь яг энэ цаг үед гэхээсээ илүүтэй бүхий л цаг хугацаанд хамааралтай байж чадах юм.  

-Энэ бол анхны наадам. Эхлэлийг тавих уран бүтээлчдийг сонгохдоо ямар шалгуур тавьсан бэ. Ryoichi Kurokawa, Ben Frost тэргүүтэй дэлхийд танигдсан уран бүтээлчдийг сонгосон нь анхнаасаа том амбицтай эхэлж байгаагийн илрэл гэж харж байна. 

-Энэ амбийц бол Т.Билгүүнийх. Ер нь бараг бүх уран бүтээлчээ Т.Билгүүн өөрөө сонгосон. Маш сайн сонголт хийсэн. Оролцож байгаа бүх уран бүтээлч байгаль, хүн, технологи, тэдгээрийн харилцаа, хамаарлыг хөндсөн ажлууд хийдэг, гэхдээ илэрхийлэлийн хэлбэр, өгч буй мэдрэмж нь шал өөр, маш сонирхолтой. Бен бол их байгаллаг, сүрлэг бөгөөд сүнслэг, харин Риоичи бол харь гаригийг санагдуулам, сурреал сайбер ертөнц рүү аваачдаг. Энэ 2 уран бүтээлчийн бүтээлийг үзүүлэх үнэхээр амаргүй. Нэгдүгээрт, амархан олддоггүй хүмүүс, хоёрдугаарт бүтээлийг нь үзүүлэх маш төвөгтэй бөгөөд их өндөр зардалтай. Миний зүгээс ер нь иймэрхүү түвшний уран бүтээлчдийг ирээдүйд авчрах бодол байсан хэдий ч ийм том цар хүрээтэй хийх тухайд бол бодоогүй, цаг нь арай болоогүй гэж бодож байсан. Манай байгууллагын нэг онцлог бол дандаа урагшилж, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг, тэр маань л түлхээс болж, энэ ажлыг эхлүүллээ.    

-ЗААГ үзэсгэлэн урьд нь цухасхан гараад өнгөрч байсан. Энэ удаа илүү удаан үзэгчдийн хүртээл болох нь ээ? 

-ЗААГ үзэсгэлэнг оруулах хүсэлтээ би Билгүүнд хэлж зөвшөөрүүлсэн. Энэ наадамд би монгол үнэртэй нэг бүтээл заавал оруулмаар байсан. Өнгөрсөн зун Диана, Ариука 2 говь руу яваад дуу авиа, дүрс гээд зөндөө материал цуглуулж ирээд энэ бүтээлийг хэдхэн хоногийн дотор тууривсан. Тэгээд өнгөрсөн жил өөрсдийн зохион байгуулсан Lost Rivers 10-day Lab гээд олон улсын хөтөлбөрийн хүрээнд 2 өдөр, зөвхөн оройн цагаар цөөн тооны хүнд үзүүлээд өнгөрсөн. Яг үерийн үе таараад уран бүтээлчид ч ихэнх нь ирж үзэж чадаагүй. Бүтээл надад их таалагдсан, тэгээд олон хүнд үзүүлмээр байсан тул оруулсан. 

-Фестиваль үзэсгэлэн, амьд тоглолт хэлбэрээр 10 хоног үргэлжлэх юм байна. Энэ зуур зорьж очих хүмүүс ямар хүлээлттэй байх вэ гэдэгт та хариулаач? 

-Фестивалийн хүрээнд 3 үзэсгэлэн, 1 амьд тоглолтыг зохион байгуулна. Бен Фростын “A Predatory Chord” нэртэй үзэсгэлэн Ancore Event Hall-д, Риоичи Курокавагийн “re-assembli” нэртэй үзэсгэлэн Black Box Theater-т, Ж.Ариунтуяа, Диана Честер нарын “Зааг” үзэсгэлэн Хаан Банк Галерейд гарна. Дуу авиа, хөгжим дүрслэлийн амьд тоглолт Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно. Эдгээр үзэсгэлэн, тоглолтууд үзэгчдийг өөр ертөнц, мэдрэмж рүү ховсдон аваачих чадвартай гэж баттай хэлж чадна. Венецийн биенналь, Документа зэрэг наадмууд, Tate Modern, Pompidou шиг музейнүүдэд л олж харах, тийм л хэмжээний бүтээлүүд байна.   

-Энэ фестивалийн нэг томоохон хүч нь технологи, урлагийн нийлэмж байх нь. Ийм хэмжээний нөөц, технологийн чадал манайд хэр олдоцтой байна вэ? 

-Уран бүтээлчид маань, ялангуяа Бен, Риоичи нарын үзэсгэлэнд шаардлагатай тоног төхөөрөмж, програм нь нилээд төвөгтэй, үнэтэй, бас зарим нь Монголд огт байхгүй байж таарсан. Бид нар бүр 11 сараас хойш судлаад, бэлдээд, заримыг нь худалдаж аваад явж байна. Риоичи гэхэд 5 метр өндөртэй 16 метр өргөн, маш нарийн нягтаршилтэй LED дэлгэц дээр бүтээл нь гарна. Тэгээд 360 дуу авиа, гэрэлтүүлэгтэй. Ийм хэмжээстэй бүтээл гаргах орон зай ч бараг олдохгүй байсан. Бений бүтээл гэхэд 32 сувгаар өөр өөр дуу авиа гаргах чанга яригчдыг өндөр таазтай орон зайнд эмх замбараагүй дүүжлэх, бас гэрэлтүүлэг, утаа сэлт шаардсан ажил байгаа. Нэгэн зэрэг 32 өөр дуу авиаг гаргасан бүтээл хийнэ гэдэг бол маш нарийн мэдрэмжтэй хүний хийх ажил. Ер нь бол эхний хувилбар нь 42 сувагтай юм, бид нар орон зай болон бусад боломжоо хараад тоог нь багасгасан. Ийм үзэсгэлэнг биежүүлэх бол амаргүй ажил юм байна. 

-RYOICHI KUROKAWA, BEN FROST хоёул Венецийн биеннальд оролцож байсан, алдартай уран бүтээлчид. Тэднийг юу Монголд авчирахад нөлөөлсөн бол? Монгол ер нь орчин үеийн урлагийн ертөнцөд ямархуу байр суурь, нэр хүндтэй байгаа вэ? 

-Риоичи бол 2011 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд ерөнхий куратор Bice Curiger-ын урилгаар оролцож байсан, мөн Австрид болдог дижитал урлаг талдаа дэлхийд хамгийн нэр хүндтэй Prix Ars Electronica наадмын Алтан Ника шагналыг хүртэж байсан хүн. Бие даасан үзэгсэнгүүд нь Лондонгийн Tate Modern, Barbican Center, Парисын Centre Pompidou, Palais de Tokyo зэрэг босго өндөртэй музейнүүдэд хэдийнээ гарсан уран бүтээлч байгаа. Бен Фростын хувьд дүрслэх урлаг, дуурь, контемпорари бүжиг, кино зэрэг олон салбар луу орж ажиллаж чадсан хөгжмийн зохиолч, продюсор хүн юм. Бений бүтээлүүд нь минималист, экспериментал чанартай бөгөөд сонгодог минимализмаас эхлээд панк рок, хар металл урсгалын нөлөөтэй. Бен 2013 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд Исландыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Ричард Моссын "The Enclave" нэртэй бүтээлд нь дуу авиа оруулж хамтарч ажиллаж байсан. Би 2013 онд Венецийн биенналийг судалж явахдаа анх удаа үзэж байлаа. Медиа ажлууд бүхий олон дэлгэц, дуу авиа, үзэсгэлэнгийн орон зай нийлээд маш хүчтэй мэдрэмж өгч байсан. Санаанаас гардаггүй. Бен Германы супернатурал триллер “Dark” болон “Super Dark Times” болон хэд хэдэн киноны хөгжмийг зохиосон. Бенийг Netflix-ийн “Dark” цувралын хөгжмөөр нь маш олон хүн мэддэг юм байна.  

Гол асуулт руугаа ороход, уран бүтээлчид ер нь урьж буй байгууллага, кураторын туршлагыг ихэвчлэн хардаг. Бас орон зай болоод тоног төхөөрөмж нь бүрэн байж чадаж байгаа эсэхийг харна. Т.Билгүүн маань Play Time Festival, Хар Хорум фестивальд нилээд олон жил ажиллаж, техник, тоног төхөөрөмжийн мэдлэгээ овоо тэлсэн, бас хөгжим талаасаа олон улсад нилээд холбоо сүлбээтэй болжээ. Харин манай байгууллагын хувьд олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, үзэсгэлэн зохион байгуулах тал дээр овоо туршлага хуримтлуулж. Энэ бүхэн маань эдгээр уран бүтээлчдийг ирэхэд нөлөөлсөн байх. Монголын дүрслэх урлагийн салбарын хувьд олон улсад дөнгөж танигдаж эхэлж байгаа. Хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Энэ нь Монголын дүрслэх урлаг муу болоод тэр биш, зүгээр олон улсад таниулахад нилээд хэмжээний мөнгө, цаг хугацаа, нарийн менежмент, бас нөлөө шаарддаг. Эдгээр нь ихээхэн дутагдалтай байдаг болоод л тэр. Гэхдээ монголчууд Венецийн биенналь, Документа, Ази номхон далайн триенналь зэрэг том наадмуудад оролцоод ер нь овоо танигдаж эхэлж байгаа. Олон улсад нөлөөтэй кураторууд, музейн захирлууд, шүүмжлэгчид монгол уран бүтээлчдийг нилээд сонирхож очиж судлах тухай ярьж эхэлж байна. Зарим нь ирээд явсан. Мөн Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг Медиа арт фестивалийн хүрээнд ирж байгаа олон улсын кураторууд, уран бүтээлчид эргээд холбоогоо таслахгүй байгаа нь ажиглагддаг. Иймэрхүү үйл ажиллагаанууд их чухал нөлөөтэй. 

-Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо 976 арт галерейгаас эхлээд Венецийн биенналь, гэр хорооллыг урлагжуулах төсөл гэхчлэн олон чигийн ажлууд хийж ирсэн. ХАOS төсөл танай үйл ажиллагаанд шинэ салхи авчирч байна уу?

-Би өөрөө эдийн засгийн бодлогоор суралцсан хүн болохоор тэр үү урлагийн өгөөжийг нэг галерей төдийнхөнөөр биш, маш өргөн цар хүрээтэйгээр, хувь хүн, улс орны хөгжил, байгаль дэлхий, ирээдүйтэй холбож хардаг. Манай байгууллага шинэлэг бүтээлүүдийг зоригтойгоор үзүүлэх, уран бүтээлчдийг аливаа туршилт хийхэд нь нээлттэй байх, монгол уран бүтээлчдийг эх орондоо болон олон улсад таниулах, урлагийг олон нийтэд хүртээлтэй байлгахад анхаарч ирсэн. 

Эргээд харахад бид нар дандаа л шинийг эрэлхийлж, нилээд эрсдэлтэй төслүүдийг хэрэгжүүлж иржээ. Бид нар урлагийн мөн чанарыг дээдэлж, арилжаа, хэрэглээ, шоу, нэр хүндийн бамбай болгохоос аль болох татгалзаж ирсэн. Манай галерей анх байгуулагдаад ямар ч дэмжлэг байхгүй маш ядуу байдаг байлаа. Нөгөө экспериментал бүтээлүүдийг нь хүн худалдаж авахгүй, ихэвчлэн залуучууд л ирж үзнэ. Тэгээд л янз бүрийн компаниуд, хувь хүмүүсийг дэмжээч гэж гуйгаад, тэнд би юу ажигласан бэ гэхээр, урлагийн мөн чанарыг харж байгаа өнцөг нь өөр хүмүүсийн хойноос хөөцөлдөх нь биеэ худалдахаас ялгаагүй юм байна гэж бодсон. Тэгээд л за, зүгээр л юу дуртайгаа чөлөөтэй хийе, өлссөн ч хамаагүй, ингээд л өөртөө үнэнч явж байтал хүмүүс ойлгох, хүрээлэл томрох өдөр ирнэ, магадгүй их урт хугацаа шаардах байх гэж бодсон. Ингээд л бодчих нь их амар юм билээ, зам шулуудчихдаг. 

Т.Билгүүн 2015 онд Хонгконгод болсон 21-р зууны музей гэсэн нэртэй дэлхийн чуулга уулзалтанд ороод ирсэн юм. Тэгсэн илтгэлүүдийн эмхэтгэл ном авчраад. Тэр маш сонирхолтой ном байсан. Тэнд Нью Йоркийн МОМА-ийн захирал Глен Лоури өөрийн удирдаж буй музей нь хэрхэн өнөөгийн түвшинд хүрсэн тухай ярьсан байсан. Дэлхийд хамгийн нөлөөтэй музей шүү дээ. “Нэн орчин үеийн урлаг, ялангуяа хэнд ч танигдаагүй урлагийн бүтээлүүдийг таниулахад бидэнд газрын зураг биш, харин луужин л хэрэг болж байлаа. Бид урлагийн онолд бус, өөрийн дотоод мэдрэмжинд хөтлөгдөж, экспертүүд бус урлагийг жинхэнэ ойлгож мэдэрдэг хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж, үүнийхээ хүчинд өнөөгийн MOMA-ийн дүр төрхийг бүтээж чадсан” гэж хэлсэн байдаг. Түүнийг уншаад би ёстой санаа амарсан. Бид нар яг л зөв замаар явж байгаа юм байна гэж бодсон. 

ХАОС төсөл бол бидний хувьд Венецийн биенналийн дараагийн түвшний ажил. Өмнө нь монгол уран бүтээлчдээ эх орондоо болон олон улсад таниулах дээр түлхүү анхаарч ажиллаж ирсэн бол одоо бид нар эх орондоо олон улсын, бүр хамгийн сонирхолтой бүтээлүүдийг үзүүлэх, олон улсын уран бүтээлчид, байгууллагуудтай хамтарч ажиллах дээр түлхүү анхаарч ажиллана. Бас гэр хорооллын төсөл дээрээ олон улсын болон монгол уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллана. 

-Цаашид бид Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос юу хүлээж болох вэ? 

-Ерөнхий чигээ бол сая хэлчихлээ, гэхдээ би ер нь өөртөө болон бусдад хүлээлт үүсгэхээс аль болох татгалзахыг эрмэлзэж байгаа. Бас тогтмол ямар нэг юм хийх гээд байнгын эргүүлэгт ормооргүй байна. Ингэж байж тархи сэргэлэн, бас уян хатан, шинэлэг байж чадах юм. Бид нар өөрсдийн зүрх сэтгэл шингэсэн ажлыг л зөвхөн хийнэ. Заавал галерейн орон зайтай байх, эсхүл Венецийн биенналийг байнга гардаж хийдэг байх, ийм байдлаар нэр нөлөөгөө батжуулах гэж оролдохгүй. Урлаг бол бидний хувьд маш үнэ цэнэтэй зүйл. Жинхэнэ сайн урлаг бол ямар ч эрх дарх, албан тушаал, мөнгө, эд баялагаас илүү мөнхөд үнэн, үнэ цэнэтэй байж чадах тийм л хүчтэй. Үүнийг бид юугаар ч худалдахыг хүсэхгүй. Бид нар өнгөрсөн цаг хугацаанд энэ үзэл бодолдоо үнэнч байж олон ч зүйлээс татгалзаж ирсэн. Жишээлэхэд Венецийн биенальд оруулаад өгвөл би ингэж, тэгэж чадна гээд наймаа яриад ирэх уран бүтээлчид, бас гаднын кураторууд таарч л байлаа. Бид нар санхүүгээ босгох гэж яаж ч чардайж байсан тийм наймаанд хэзээ ч орж байсангүй. Энэ зарчмаа хадгалаад л зугуухан, зөнгөөрөө ажиллана даа. 

-Шинэ туршилт, дэлхийн жишгийг ойртуулсан ийм фестивалиуд зөвхөн танай байгууллагад төдийгүй Монголын орчин үеийн урлаг, түүнийг сонирхох уран бүтээлч, урлагийг хүрээлэлд ямар мессеж өгөх бол? Нэмэлт үнэ цэнийг та юу гэж харж байна вэ? 

-Аливаа шинэлэг бүхэн эрэгцүүлэл, бодлыг дагуулдаг. Заавал тэднийг дууриахдаа биш бид өөрсдийнхөө болон улс орныхоо тухайд дахин тунгааж бодох боломжийг олгох байх гэж бодож байна. Бид хэн юм бэ, бидэнд давуу болон сул тал юу байна, бид хаа явна, юу бодож сэтгээд явна, бид нээлттэй байж чадаж байна уу, эсхүл баригдмал байна уу гэхчлэн асуулт үзэгчдийн өмнө тулгарах байх. Үзэсгэлэн үзээд тодорхой таашаал, мэдрэмж авах нь нэг хэрэг, харин хувь хүнд ямар нэг өөрчлөлт, хөгжлийг авчирч байвал маш сайн. 

ХАOS-ийн талаарх мэдээллүүдийг энд дарж аваарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
1
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.