Энэхүү нийтлэлийг он гарахын өмнө олны хүртээл болсон "Turning Points 2024" сэтгүүлд зориулж нийтлэлч, артист З.Энхмөнх бичсэн юм.
Эргэн дурсахуйн давалгаа
Энэ жил хэд хэдэн хамтлаг тайзнаа эргэн ирсний дотор “Татар”, “Опозит” тэргүүтэй рэп, хип хопууд хамтлаг цөөнгүй байв. Үзэгчдийг нэгэн цагт шуугиулж чадсан тэдний тоглолт цэнгэлдэх хүрээлэнг дүүргэснээр барахгүй тоглолтын дараа “Татар”-ын дуунууд “Mmusic”-ийн долоо хоногийн жагсаалтыг тэргүүлсэн. “Comeback”-ийн давалгаанаар дуучин Д.Болд “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” дуугаа ремикслэн дүрсжүүлсэн нь хоёрхон сарын өмнө. “Чингис хаан”, “Хурд”, “Номин талст”, “Инээмсэглэл” гээд 1990, 2000-аад оны хөгжим ч тайзнаа дахин амилав. Хамгийн сүүлийн жишээгээр “Sweetymotion”, “Гурван охин” хамтлагийн шинэ жилийн дууны шинэчилсэн найруулгыг нэрлэж болно. Олон улсын уран бүтээлчдээс дурдвал, бид тун саяхан “The Beatles”-ийн дууг хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцээснийг сонордсон. Мөн Cat Power Боб Диланы хамгийн алдартай цомгийг коверлож амьдаар дуулсан нь сонирхолтой үйл явдал байлаа.
Эдгээрийн цаад зорилго юу вэ? Өөрсдийн бүтээлийг цаг хугацааны эрхэнд мартагдуулахгүй байхын зэрэгцээ шинэ үеэр фэнүүдээ зузаатгах явдал үүний голлох шалтгаан. Хуучны дуунууд бидэнд хоногшсон дуртгал дурсамжуудыг, заримд нь бүр аав ээж, эмээ өвөөг гээд дотнын хэн нэгнийг санагдуулж байдаг шидтэй. Дотно дулаан санагалзлыг мэдрүүлж чаддаг төгс форм үнэндээ хөгжим биш гэж үү? Бүтээлийг сэргээн хөгжимдөж, дуулахыг уран бүтээлчдийн зарим нь төдийлөн чухал сэдлээр биш, өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөж хийх нь бий. Түүнчлэн сэргээж туурвихдаа бүтээлийг консептжуулж, бүтээлчээр хандах нь ч байна. Аль ч сэдлээр бай, үр дүн нь сонсогчдод таашаал, гүн сэтгэгдэл төрүүлж байвал тэр сайн бүтээл болсны шинж болов уу.
“Born Retro” төсөл төрсөн нь
Зориуд нэг үеийн хөгжмийг сэргээх зорилгоор бүтээгдэж байгаа төсөл бол “Born Retro”. Зарим монгол уран бүтээлчээс ялгаатай нь төслийн баг өөрсдийн зохиосон хөгжмийг бус XX зууны хөгжмийн зохиолчдын мартахын ирмэг дээрх дуунуудыг сонгож цоо шинээр найруулж буй. 1990-ээд оны хөгжмийг санаж сэрнэ гэдэг нэг хэрэг, харин түүнээс өмнөх, бүр 50 жилээс өмнөх үеийнхийг сэргээн сонсож, эрэл хайгуул хийнэ гэдэг өөр.
“Born Retro” төслийн баг продюсер З.Энхмөнх миний бие, гоцлол хуучирч Э.Цэндсүрэн, хөгжмийн найруулагч prismobeats нараас бүрдэж буй. Эхний удаад таван дуутай ЕР цомог гаргахаар төлөвлөж, одоогоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Би чамд хайртай”, Сүхбаатарын одонт, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн “Униар татсан уулсын дээгүүр”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн удирдаач Ш.Эрдэнэбатын “Цэнгэлтэй үдэш”, хөгжмийн зохиолч Хаймчигийн Баатарын “Зулзган цагаан хус”-ыг сонгоод байна. Бүтээл тус бүрд нэг зочин уран бүтээлч (рэппер Doid, дуучин Маралжингоо, Twinpearly, Энгүүн)-ийг урьж оролцуулдгаараа бас төсөл маань онцлог. Төслийн баг хуулийн дагуу хөгжмийн зохиолч, яруу найрагчид, тэдний өв залгамжлагчдаас бүтээлийг шинэчлэн найруулах зөвшөөрлийг нь авсныг онцолъё.