UBLife Logo
Дэлхий

Эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тоо мэдэгдэхүйц өсжээ

Эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тоо мэдэгдэхүйц өсжээ

Европын улс орнуудад эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тоо мэдэгдэхүйц өссөн талаар статистикийн “Eurostat” байгууллага мэдээлжээ. 2017 онд Европын холбооны 25-34 насны, ажил хөдөлмөр эрхэлдэг залуусын 24 хувь нь тусдаа гаралгүй, эцэг эхтэйгээ амьдардаг байсан бол энэ үзүүлэлт 2022 онд 27 хувь болж нэмэгдсэн байна. 2022 оны байдлаар Португалын 25-34 насны, ажил эрхэлдэг залуусын 52 хувь (2017 онд 41%), Испанид 42 хувь (2017 онд 35%), Францад 12 хувь (2017 онд 10 хувь) нь эцэг эхтэйгээ амьдардаг аж. 

“Eurofound”-аас залуусын амьдрал ахуйд хамгийн их саад бэрхшээл болж байгаа зүйлсийг өчигдөр нийтэлсэн тайландаа онцолжээ. Бие даан амьдрахад тулгарч байгаа гол хүндрэлийн нэг нь байр сууцны асуудал. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс нэмэгдсэн учир худалдан авах бүү хэл түрээслэхэд ч амаргүй болжээ. 2010 оноос хойш Евро бүсийн улс орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ дунджаар 47 хувиар өссөн байна. Амьжиргааны зардал мөн эрс нэмэгдсэн учир хэдийгээр Европын холбооны улс орнуудын залуусын ажил эрхлэлт 2007 оноос хойших дээд түвшиндээ байгаа ч ийм нөхцөл байдал үүсээд буй юм. 

Эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тал нь нэг жилийн дотор тусдаа гарах хүсэлтэй байгаа гэж хариулсан ч ердөө 28 хувь нь энэ хүслээ биелэл болгох бодит төлөвлөгөөтэй буй аж. Бие даан амьдрах бололцоогүй байгаа нь залуусын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж буй талаар мөн тус тайланд онцолжээ. 

Улс орнуудын хувьд энэ тал дээр зөрүү их байгаа нь соёл уламжлалын ялгаанаас шалтгаалж буй. “Зүүн болон Өмнөд Европын улсуудад гэр бүлийн харилцаа илүү нягт, төрөөс залууст хандсан дэмжлэг маруухан. Харин Хойд Европын улсуудад 18 хүрээд тусдаа гарах хүлээлттэй байдаг, төр нь ч, эцэг эх нь дэмждэг” хэмээн “Eurofound”-ын дээрх судалгааг удирдсан судлаач Эстер Сандор ярьжээ. 

Судалгаанд оролцогсдын 40 хувь нь боломж олдвол ирэх гурван жилд гадагшаа явж амьдарна гэж хариулжээ. Дундаж болон түүнээс дээш орлоготой залуус гадагш гарч амьдрах магадлал бага орлоготой залуусаас илүү нь мөн дээрх судалгаанаас харагдсан байна.  

Эх сурвалж: "The Guardian"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.